Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 786

 

А.Хурцбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Хурцбаяр,

Хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-д холбогдох,

 

72 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Хурцбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал, өмгөөлөгч З.Ариунжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А.Хурцбаяр би “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ирээдүй хороолол, Эрчим хүчний гудамж 101 дүгээр байр, 2 дугаар орцны 3 давхар, А, Б тоот хаягтай 52.5 м.кв байрны түлхүүрийг гардаж авах хүртэл 61 575 000 төгрөг төлж авах, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК нь уг байрыг 2013 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, түлхүүр гардуулж өгөх болзолтой үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээ хийсэн. Гэтэл “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК нь уг барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бүтэн 3 жил болоход уг барилга ашиглалтад ороогүй. “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК үүргээ биелүүлээгүйн улмаас би 3 жил байр түрээсэлж хохирч, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийг энэ хугацаанд удаа дараа барилгаа ашиглалтад оруулахыг шаардаж, шаардлага тавьсан боловч заримдаа огт эзэнгүй болж алга болсон.

Миний бие төлбөрөө гэрээний дагуу төлсөн бөгөөд түлхүүр өгөхдөө авах 1 хувиас бусдыг төлсөн. Одоог хүртэл би захиалсан байранд ороогүй удаан хугацааны турш байраа хугацаанд нь ашиглалтад орно гэж “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-д итгэсний улмаас хүнээс өндөр хүүтэй авсан зээлийн хүүнд идэгдэж байргүй, түрээсийн мөнгө төлдөг зэргээс эдийн засгийн ямар ч чадваргүй болж хохирч байна. Мөн одоо баригдаж дуусаж байгаа гэх барилга нь гэрээнд заасан зохион байгуулалт өөрчлөгдсөн, өрөөний талбайн хэмжээ м.кв гэрээнд зааснаас дутуу биет байдлын доголдолтойг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байгаа.

“Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-д итгэсний улмаас А.Хурцбаяр хүнээс хүүтэй мөнгө зээлэн байр түрээсэлж, зээлийн хүүний төлбөр төлж, байрны түрээсийн мөнгө төлөх зэргээр эдийн засгийн ямар ч чадваргүй болж хохирч байна. Мөн “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн одоо баригдан дуусч байгаа гэх барилгын орон сууц нь гэрээнд заасан зохион байгуулалт нь өөрчлөгдсөн, өрөөний м.кв нь гэрээнд заасан м.кв-аас дутуу биет байдлын доголдолтой гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Иймд үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргээ “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК биелүүлээгүй, мөн уг үл хөдлөх хөрөнгө нь биет байдлын доголдолтой тул би энэ гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 52 750 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 72 750 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө, захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр биш гэж үзэж байна.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь, Ш.Даш нь А.Хурцбаярын өмнөөс үл хөдлөх хөрөнгө, захиалгаар бариулах гэрээнд гарын үсэг зурж байгуулсан байна. Ш.Даш нь А.Хурцбаярын өмнөөс хэлцэлд хуулийн дагуу хүчин төгөлдөр баримт бичгийн дагуу төлөөлөх эрхтэй.

А.Хурцбаяр нь хуульд зааснаар 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд Ш.Дашийн асрамжид байдаггүй,  ямар нэгэн байдлаар өөрийгөө бүрэн удирдан жолоодох чадваргүй хүн биш юм. Ш.Даш нь А.Хурцбаярыг хуульд зааснаар төлөөлөх боломжтой. Гэвч А.Хурцбаяраас Ш.Дашт олгосон итгэмжлэл байхгүй байна. Тиймээс хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар энэ хэлцлээр өгсөн, авсан зүйлээ буцаах саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-иас 72 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Хурцбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа уг гэрээ нь эд хөрөнгө захиалах гэрээ байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаагүй, эд хөрөнгө гэж тооцохгүй, зөвхөн ирээдүйд баригдах барилгад орон сууц захиалсан ажил гүйцэтгэх гэрээ байсныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж буруу дүгнэсэн.

Мөн шүүх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй боловч талуудын тайлбар, хэргийн баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэж залруулах боломжтой байна.  

            Нэхэмжлэгч А.Хурцбаяр нь хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-д холбогдуулан 72 750 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, Ш.Даш нь хуулиар тавигдсан шаардлагыг хангасан итгэмжлэлгүй А.Хурцбаярын өмнөөс гэрээ хийсэн тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, Ш.Дашийн гарын үсэг зурсан хэлцлийн үр дагаврыг А.Хурцбаяр шаардах эрхгүй гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 42/012 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-ний удиртгал хэсэгт “нэг талаас захиалагч А.Хурцбаяр, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч  нь “Барилга хот байгуулалтын хүрээлэн” ХХК харилцан зөвшилцөж байгуулав”  гэж гэрээний талуудыг тодорхойлжээ.

Уг гэрээнд А.Хурцбаярын өмнөөс гарын үсэг зурсан Ш.Даш нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ  “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн менежер н.Тунгалаг нь гэрээг өөрөө бичсэн, тухайн үед би хүү А.Хурцбаярын өмнөөс байр захиалж байна гэхэд та ээж нь мөн үү гэж асууж байсан, намайг хүүгийнхээ өмнөөс гэрээ байгуулж байгааг мэдсэн, та мөнгийг нь төлсөн тул гарын үсэг зур гэж зуруулсан, итгэмжлэл шаардаж байгаагүй, байрны захиалга анхнаасаас хүү А.Хурцбаярын нэрээр хийгдсэн” гэжээ. 

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд “нэхэмжлэгч хүсвэл байрандаа орж болно, мөн алдангиа хасвал үндсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Зохигчдын тайлбарыг хэргийн дээрх баримттай харьцуулан үнэлбэл А.Хурцбаяр байр захиалж, байрны төлбөрийг өөрийн эх Ш.Дашаар дамжуулан төлж байсныг хариуцагч мэдэж, зөвшөөрөн хүлээн авч байсан, улмаар нэхэмжлэгч А.Хурцбаярт “хүсвэл байрандаа орж болно” гэж зөвшөөрснөөс гадна, нэхэмжлэлээр шаардсан үндсэн төлбөрийг буцаан өгөхөөс татгалзаагүй байх тул хариуцагчийн тухайд Ш.Даш эсхүл А.Хурцбаярын хэнтэй нь хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан гэж үзэх ба Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт зааснаар төлөөлүүлэгч А.Хурцбаярт хэлцлийн үр дагавар үүснэ.

Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан  ба нэхэмжлэгчийн “төсөл хэрэгжүүлэгч нь байрыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөөгүй, улмаар биет байдлын доголдолтой” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч баримтаар няцаагаагүй тул мөн хуулийн 355 дугаар зүйлийн  355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцээж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээнээс татгалзах эрхтэй, гэрээнээс татгалзсан тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч хариуцагчаас 52 750 000 төгрөг шаардах эрхтэй, нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 

Харин захиалагч нэгэнт гэрээнээс татгалзсан тул уг гэрээгээр тохиролцсон тохиролцооноос бүхэлд нь татгалзсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон гэх алдангид 20 000 000 төгрөг төлөх үүргийг шаардах эрхгүй тул уг хэсгийг хэрэгсэхгүй болгоно.          

Мөн Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг   “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-иас 52 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Хурцбаярт олгон, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул алдангид 20 000 000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-иас 421 700 918 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Хурцбаярт олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ