Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ

Улсын яллагч Д.Батзаяа,

 Шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 2038000000286 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У-

 Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000286 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.У- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5-р сарын 31-ний орой эхнэр Б.Д- бид хоёр 10 дугаар багт манай найз С-гийнд С- болон түүний эхнэр Н- бид дөрөв гэрт нь байж байтал эхнэр бид 2 маргалдаад би эхнэрийн нүүр рүү нь гараараа алгадсан. Тэндээсээ эхнэр бид хоёр гэртээ ирээд амарсан. Маргааш өглөө нь буюу 6 дугаар сарын 01-ний өглөө би Б.Д-д чи өчигдөр яаж байгаа юм бэ гэхэд Б.Д- чамд шөнөжингөө зодуулж хонолоо гээд хүн амьтан руу яриад байхаар нь би чи одоо хэл амаа бодож хэлж байгаач, чи л эхэлж үг хэлээр хэлээгүй бол би зүгээр байх байсан шүү гээд би Б.Д-гийн мөр рүү гараараа түлхэхэд Б.Д- арагшаагаа ор руу унасан. Тэгээд би машинаа унаад гараад явсан. С-гийнд байхад Б.Д- танай аав, ээж хоёр арчаагүй хүмүүс, гуйлгачин түүлгэчин гээд байхаар нь би чи битгий өнгөрсөн хүний яс өндөлзүүлээд бай гэхэд Дэжимдаа чамтай би ингэх гэж уусан юм, чамаар цохиулчихаад цагдаад хандах гэж байсан юм гэрээс зайлаарай гэж байсан. Б.Д- өөр олон хүмүүстэй явалдаж байдаг. Тэрийг нь бас би Б.Д-д өөрт нь хэлсэн. Б.Д- өөр эрэгтэй хүмүүстэй явалдаад хэцүү л байдаг. Би хүүхдүүдээ бодоод л энэ хүн дээр эргэж ирсэн. Б.Д- 5-6 жилийн өмнө намайг олон удаа цагдаад өгч байсан. Б.Д- их хөнгөмсөг, архи уудаг, залуучуудтай чат бичдэг тэрнээс нь болоод маргалдаж цохиод авчихаар цохиж зодсон гээд би л бурууддаг. Би Б.У-ын явалддаг бүх залуучуудыг мэднэ. Эдгээр залуучуудыг нь шалгуулмаар байна. Нийтийн бүжиг явдаг байхад 2013 онд Б.Д- бүжгэн дээр танилцсан залуугаа дагаад Тариалан сум руу зугаацаж яваад би араас нь 15 хоногийн дараа очиж авчирч байсан. ...”  Тухайн үед эхнэр Б.Д- нь нас барсан ээжийн минь ясыг өндөлзүүлсэн үг хэлэхээр нь уурандаа түүнийг алгадаж цохисон нь үнэн. Мөн С-гийн гэрээс гараад гэрлүүгээ явж байх замдаа эхнэр Б.Д-тайгаа маргалдах үедээ гараараа хамар луу нь хальт цохисон нь үнэн. Гэртээ хариад шууд унтаж амарсан. Маргааш өглөө босоход Дэлгэрмаа манай хамаатан садангийн хүмүүс рүү залгаад янз бүр болоод байхаар нь уурандаа түүний мөр лүү түлхээд унагаасан. Миний хувьд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Б.Д-гаасаа уучлалт гуйж, дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. ...”,  гэх мэдүүлэг/хх-19х, 30х/,

Шүүгдэгч Б.У- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Б.Д-гаасаа уучлалт гуйж, дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэв.

Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн: 2020 оны 05-р сарын 31-ны өдөр 21.00 цагийн үед нөхөр Б.У- бид хоёр нөхрийн найз С-гийнд /10-р багт/ очоод Б.У-, С-, түүний эхнэр Нямаа бид нар 2.5 литрийн 3 ширхэг пиво, 0.5 литрийн Хараа архийг хувааж ууцгаасан. Би тэр архи пивоноос нэг их уугаагүй. Тэгээд сууж байгаад би Б.У-д танайхан туслаж дэмждэг биш гэхэд Б.У-  өнгөрсөн хүнийг ярилаа гээд миний үснээс зулгааж газарт буулгаад хацар руу 2-3 удаа алагдаж, тэр айлаасаа маргалдаад гарсан. Замдаа явж байхад Б.У- миний дух руу гараараа 1 удаа цохисон тэгээд гэртээ хариад унтацгаасан. Өнөө өглөө буюу 6 дугаар сарын 01-ний өглөө чи засрахгүй юм байна чамайг дуудаж өгнө гэхэд Б.У- гараа атгаж байгаад миний хацар руу нэг удаа цохисон. Тэгээд Б.У- машинаа унаад гараад явчихсан. ... Б.У- намайг С-гийн гэрт анх зодож эхэлсэн. Б.У- намайг С-гийнд үстээд нүүр лүү маань алгадаж, толгой руу аяга шидэж зодсон. Ингэж зодох үед С-, С-гийн эхнэр, хүүхэд нь байсан ба Б.У-ыг надаас салгасан. С-гийн гэрт үүнээс өөрөөр намайг зодоогүй. ... Нөхөр Б.У- маань үүнээс өөрөөр намайг цохиж зодоогүй. Би Б.У-тай 2007 оноос эхлэн үерхэж нөхөрлөж байгаад 2009 оноос албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Б.У- бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Том хүүхдийг маань Ганзул гэдэг, одоо 10 настай. Дунд хүүхдийг маань Отгонзул гэдэг одоо 8 настай. Бага хүүхдийг маань Гандөл гэдэг одоо 6 настай. Одоо би гэр бүлийн хамт Мөрөн сумын ... тоотод амьдардаг. Гэхдээ Б.У- бид хоёр 2015 оны 8 дугаар сараас эхлэн хэсэг хоёр тийшээгээ болсон байж байгаад цагаан сарын үеэр буцаж нийлж амьдарч байгаа. ... Б.У- намайг өнгөрдөг ээжийг ярьлаа гэсэн шалтгааны улмаас зодсон. Нөхөр Б.У- маань тухайн үед нэг их согтуу биш байсан. Б.У- бид хоёр гэр бүлийн харилцаа гайгүй. Б.У- архи уучхаараа л муухай ааш авир гаргаад байдаг. Миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Одоогоор өвдөж зовуурлах зүйл алга байна. Би гомдолгүй байна. нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-11х, 15х/,

Гэрч Б.Д.н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 31-ний орой намайг Б.У- ахынд байхад Б.У-
ах Б.Д- эгч хоёр айлд очно очихгүй гэж маргалдаад тэр айлдаа очихоор явцгаагаад тэр хоёр маргааш өглөө нь үүрээр шахуу гэртээ ирцгээсэн байх. Тэгээд өглөө нь босоод жорлон орж бие засчихаад ороод эрхэд Б.Д- эгч ах чинь намайг цохичихлоо гээд байж байсан. Тэгээд Б.Д- эгч цагдаад дуудлага өгнө гэж байсан. Б.Д- эгчийн баруун гарын алганы дээд хэсэгт улайж маажуулсан сорвитой, баруун хөмсөгний дээр, шанаа орчимд хумсны сорви болов уу гэмээр жижиг жижигхэн сорви байсан. Ах, эгч хоёр хэсэг хугацаанд салсан байж байгаад 2 сараас хойш хамтдаа амьдарч байгаа хаяа хаяа маргалдаж л байгаа харагдаж сонсогддог, нэг нэгнийгээ хардаад л маргалдаад байх шиг байдаг. Би Бүрэнтогтох суманд амьдардаг ба тэдний дотоод асуудлыг сайн мэдэхгүй байна. Б.У- ах эргэж нийлснээсээ хойш над руу нэг удаа залгаад эгч чинь архидаад явчихсан ирээгүй байна гэж ярьж байсан. Ах маань их хартай нь хартай тэрнээсээ болоод маргалдаад байх шиг байдаг. ...” гэх /хх-16-17 х/ мэдүүлэг,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 298 дугаартай:

1. Б.Д-гийн биед дух, баруун хөмсаг, хамрын нуруу, зүүн чих, баруун шуу, зүүн сарвуу, баруун бугалганд зулгаралт, хамрын нуруу, зүүн доод зовхи, хоолой, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Б.Д-гийн биед үүссэн цус хуралт болон зулгаралтууд нь нийт хэмжээ гэмтлийн зэрэг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 22 х/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000286 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Д-гийн /хх-11х, 14х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Б.Даваадуламын  /хх-16-17х/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 298 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, эрх зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.У- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.У- нь хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

 Хохирогч Б.Д- нь бид эвлэрч эвлэрлийн гэрээ хийсэн тул нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй байна гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хохирогч Б.Д- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.У-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Б.У- нь 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлсэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байх” заалт байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгч Б.У- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ мөн хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан түүнд прокурорын санал болгосон 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг зөвшөөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.У-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Б.Д- нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдлэх журмаар шүүгдэгч Б.У-аас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН