Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б холбогдох эрүүгийн 2040000270013 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Т.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багийн малчин И.М бэлчээрт байсан 4 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр багийн нутаг Тойрмын бууц гэх газраас хохирогч И.М хар халзан, мухар хар, улаан халзан, сартай хүрэн зүсмийн 4 тооны үхрийг хулгайлж бусдад 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, асуултад хариулъя” гэв.  

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед манай гэрийн гадаа ачааны машин ирээд У, Г  хоёр орж ирэхээр нь мэнд мэдээд эргээд гарцгааж тэр хоёрын машин дээр өөрийнхөө морийг ачаад гэрээсээ баруун тийшээ ойрхон яваад өөрийнхөө үхэр дээр очсон. Машин дээрээс морио буулгаад үхэр барьж өгөх гээд дундуур нь явж байхад манай үхрээс өөр айлын дөрвөн тооны үхэр манай үхэрт нийлсэн байсан. Тэгэхээр нь хүний дөрвөн үхрийг барьж өгөөд явуулъя гэж бодоод тэр дөрвөн үхрийг нэг нэгээр нь бугуйлдаж барьж өгсөн. Намайг үхэр бугуйлдаад барихаар У, Г  хоёр очиж оосорлож аваад У бид хоёр нийлж байгаад машин дээр нь ачсан. Би хар үнээ, хүрэн үнээ, улаан халзан үнээ, хар үнээ нийт дөрвөн тооны үхэр барьж ачиж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 54-55 хуу/

Хохирогч И.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багт нөхөр Л.Б хамт мал маллан амьдарч байгаа бөгөөд одоо манайх нэр дээрээ бог мал 800 гаруй, бод мал 160 гаруй тооны нийт 1000 орчим малтай бөгөөд үүнээс 89 тооны үхэртэй. Манай өвөлждөг газар нь Галшар сумын 3 дугаар баг Их тэгш гэх газар өвөлждөг байсан ба энэ жил цас ихтэй байсан учир Галшар сумын 1 дүгээр баг Тойрмын бууц гэх газар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нүүж ирсэн. Манай үхэр нүүж ирсэн газрын ойр орчмоор бэлчдэг бөгөөд адуу, үхэртээ манай дүү Б  нь явдаг бөгөөд хамгийн сүүлд буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үхрээ өөрөө үзэж харахад байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үхрээ бүртгэж үзэхэд хар халзан үнээ, мухар халзан үнээ, улаан халзан үнээ, сартай хүрэн үнээ буруу талын чих нь цуулбар, зөв талын чих араасаа сүйх имтэй 4 тооны үхэр алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 5-7 хуу/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2017 онд мориноос ойчиж толгойд гэмтэл авч харвалт өгсөн учраас доргиж болохгүй мөн юм хурдан мартдаг биеийн байдал муу болсон, ухаан санааны хувьд өөрчлөлттэй болсон. Манайх хэзээ яг хэдэн тооны үхэр алдсан талаар мэдэхгүй байна, манай эхнэр болон дүү мэдэж байгаа ...Манай гэрийн А данс миний нэр дээр байдаг боловч би үхрээ алдсан гэх хэрэгт удаа дараа мэдүүлэг өгч чадахгүй, юмаа мартдаг өвчтэй болсон тул манай эхнэрийг хохирогчоор тооцож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 10-11 хуу/

Гэрч Т.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багт нутагладаг манай ээжийн дүү И.М нөхөр Л.Б гэрт 2014 оноос мал маллан ах, эгчдээ тусалж амьдарч байна. Манай ах өөрийн нэр дээр 80 гаруй тооны үхэртэй айл юм. Манайх Галшар сумын 3 дугаар баг Их тэгш гэх газар өвөлжиж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын 1 дүгээр баг Тойрмын бууц гэх газар нүүж ирээд өвөлжиж байна. Би үхэр малаа хариуцдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр татахад бүрэн байсан бөгөөд 12-ны өдөр татахад 4 тооны үхэр дутуу байсан. Тэгээд тус сумын 1 дүгээр багийн Бага артын энгэр, Хулгар, Зүүн булаг, Дунд булаг гэх газруудаар 6-7 хоног хайж явсан боловч ямар ч сураг чимээ гарахгүй байсан. Тэгээд хулгайд алдсан байна гэж бодоод эрлээ зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 хуу/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр миний Төрийн банкны 25............  дугаартай дансанд 1.000.000 төгрөг орсон. Манай нөхөр Б  нь машинаа янзлах гээд хүнээс мөнгө зээлэхээр болчихлоо чи дансаа өгчих гэж хэлээд миний дансны дугаарыг авсан учраас би тэр зээлсэн мөнгө нь л орж ирж байгаан байна гэж бодсон. Тэгээд тэр мөнгөөрөө машинаа янзлуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 хуу/

Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын эхээр, ямар ч байсан 10-даас өмнө болсон асуудал. Би Дорноговь аймгийн Иххэт сумын фэйсбүүк группт мал, мах худалдаж авна гэж зар тавьсан байсан юм. Тэр зарын дагуу Г  надтай ярьсан байх. Г  надтай утсаар ярихдаа “намайг мал авч байгаа юу, хэдэн үхэр өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь мал авч байгаа гэж хэлэхэд Иххэт суманд хүрээд ирж чадах уу гэж байсан. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор амжихгүй гэж хэлсэн. Тэгээд Г  өөрөө Айраг суманд ирэхээр болсон. Г  4 тооны үхэр ачаад шөнө унтаж байхад ирээд надтай уулзаад үхрээ амьдаар нь зарчихаад явсан. Г  ганцаараа байсан бөгөөд машин дээрээ хар халзан, мухар хар, улаан халзан, сартай хүрэн нийт 4 үнээ ачиж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 74 хуу/

Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Уртаа 98757516 гэсэн дугаараас 96089090 гэсэн дугаар луу залгаад үхэр зарах хүн байна хүрээд ир гэхээр нь би өөрийн дүү Т.Г .... убп дугаартай Бонго жи-3 маркийн тээврийн хэрэгслийг гуйгаад унаад ирсэн. Тэгээд Уртаатай уулзаад сумын төвөөс зүүн хойд зүгт 20 орчим км зайд Чука гэх залуугийнд очтол 4 үхэр зарна гэсэн бөгөөд нэг үхрийг 650.000 төгрөгөөр тооцоод 2.600.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд Уртаагийн урьд зээлсэн 1.000.000 төгрөгийг хасаад Чука гэх залууд нь 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тэгээд одоо 600.000 төгрөгийн өртэй байгаа. Надад 2 хар бүдүүн үнээ, 1 хүрэн бүдүүн үнээ, 1 улаан үнээг зарсан бөгөөд би тэр шөнөдөө Дорноговь аймгийн Айраг гэх газар ченж Ганхуяг гэх залууд 1 үхрийг 800.000 төгрөгөөр тооцож 4 үхэр зарсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-16 хуу/

Хохирогч И.М Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “...Б  нь надад учруулсан 3.900.000 төгрөгийн хохирлоо бэлэн мөнгөөр төлж барагдууллаа. Б  нь надаас албан ёсоор уучлалт гуйсан. Бид хоорондоо сайн дураар эвлэрсэн. Миний зүгээс одоо нэхэмжлэх зүйлгүй, гаргах гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулсан болно. Иймээс Б д хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 185 хуу/

 Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн хулгайд алдагдсан үхрийг үнэлсэн талаарх 2020 оны 02 дугаар сарын 048 дугаартай шинжээчийн дүгнэлт     /хх-н 22 хуу/ зэрэг бичгийн нотлох баримт болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусдын малыг хэрхэн хулгайлсан, дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид ямар хэмжээний хохирол учирсан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа таван хошуу малыг ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор нууцаар буюу өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр далд аргаар авч буй идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.

Хохирогч И.М нь “шүүгдэгчид гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг прокурорт ирүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг тааруу байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин шүүгдэгчийн учруулсан хохирлоо төлсөн үйлдлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн холбогдож байгаа дээрх гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн бөгөөд уг хуулиар зүйлчилбэл оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах тул прокуророос тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

    Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Б д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                       Р.БАТБАЯР