Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

                                     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,  

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу,

Хохирогч Г.Батболд,

Шүүгдэгч Б.Энхболдын өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Ч.Я, С.Б нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Б.Э, Ч.Я, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Ч.Я, С.Б нарт холбогдох эрүүгийн 2019000020012 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Э,

 

Монгол Улсын иргэн, С.Б,

 

Монгол Улсын иргэн, Ч.Я, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Э 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Дөрвөлж гэх газраас хохирогч Г.Б-ын 36 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,

 

Шүүгдэгч Ч.Я, С.Б нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 хорооны нутагт Б.Э-ын гэмт хэрэг үйлдэж олсон 24 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

 

            Шүүгдэгч Ч.Я шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

 

            Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-16 дугаар хуудас/,

     

Хохирогч Г.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-нөөс хойш манай оторлож байгаа Дөрвөлж гэх газарт байх худгаас манай 36 тооны адуу алдагдсан... 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс надтай холбогдсон ба адуу алдсан уу, ямар тамгатай хичнээн тооны адуу алдсан бэ гээд асуусан, тухайн үед таны алдсан адуу байж болохоор 24 тооны адууг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын хойд хэсэгт байх эзэнгүй хашаан дотор нядлах гэж байхад нь барилаа, та өөрийнхөө адууг мөн эсэхийг ирээд хараадах гэсэн. Ингээд тухайн өдөр 16 цагийн орчимд яваад очтол манай адуунууд мөн байсан ба тоолоод үзтэл 24 тооны адуу байсан...Одоо миний 11 настай хонгор буурал морь, 11 настай хээр морь, 11 настай хул морь, 10 настай сувай буурал гүү, 9 настай халиун буурал гүү, 13 настай цагаан гүү, шарга даага, зээрд байдас хязаалан 4 настай бор морь, 7 настай шарга үрээ, 4 настай сувай хар гүү, 4 настай үрээ зэрэг нийт 12 тооны адуу олдоогүй байгаа...’’ гэсэн мэдүүлэг  /xx-ийн 54 дүгээр хуудас/  

 

            Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл аваад үл таних гурван залуу 24 тооны адууг эзэнгүй айлын хашаанд оруулаад нядлах гэж байхад нь үйлдэл дээр нь таслан зогсоож ажилласан. Үл таних гурван залуугийн нэг Э гэгч нь Дорноговь аймгийн Айраг сумаас ганцаараа тууж ирсэн гэж урьдчилсан байдлаар мэдүүлж байна. Эдгээр 24 тооны адуунууд нь саран дэвсгэртэй чандмань тамгатай хар азаргатай 24 тооны адуу байна...” гэсэн мэдүүлэг /xx-ийн 17 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хашаанд байсан модон эмээл алга болсон ба би эмээл алга болсон талаараа 2019 оны 12 дугаар сарын дундуур мэдсэн. Тухайн үед энэ хавиар архи уудаг хүмүүс авчихсан байх гээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Өөр алдсан мал байхгүй...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /xx-ийн 55 дугаар хуудас/

 

           Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 27-ны үеэр намайг гадуур ажилтай явж байхад манай гэрт Э нь хэсэг адуу туугаад ирсэн байсан ба тухайн үед манай хашаанд 1 адуу хийгээд аваад явсан. Тухайн өдөр ажлаасаа ирэхэд хашаан дотор сэвс үлдээсэн байсан. Гэрт үлдсэн хүүхдүүдээс асуухад Э ах ирээд 1 адуу хийгээд аваад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /xx-56 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт байсан ба 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед зүс таних Я гэх залуутай утсаар холбогдон Налайх дээр уулзсан ба тухайн үед Я, Н / Б/ нартай уулзсан. Тэр 2 хэдэн адуу өгмөөр байна Налайхад авчирсан байгаа гэж хэлэхээр нь юун учиртай адуу юм бэ гээд асуутал Б гэх нутгийн залуу маань хулгайн адуу байгаа юм, унагатайгаа 24 тооны адуу байгаа, үсгүй хиймээр байна гээд надаас салж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би таньдаг цагдаа руугаа яриад болсон асуудлыг хэлээд хулгайн адуу ирсэн байгаа ба би хэрэгт орооцолдоно утсаа унтраагаад алга болчих уу гээд асуутал хэрэггүй та наад адуунуудыг нь нэг хашаанд байрлуулаад авна гээд байлгаж бай гэсэн. Ингээд байж байтал шөнө 04 цагийн орчимд Хонхор дээр хүрээд ир гээд дуудахаар нь яваад очтол 24 адуу байсан, ингээд Ургах наран хорооллын арагшаа тууж аваачаад эзэнгүй хашаанд хураасан...Тухайн үед Я нь хэдэн адуу зармаар байна гэж утсаар ярьсан ба Батсүх болон хамт явсан танихгүй эрэгтэйн хамт уулзахад Айрагаас тууж ирсэн адуу байгаа юм юуг нь нуухав, 25 хоног тууж ирсэн адуу хэн ч мэдэхгүй үсгүй хиймээр байна. Махыг нь шууд чамд өгчихмөөр байна гэж хэлсэн ба надад 5 адууг нь өгье гэж Ноосоо гэж хочилдог Б хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

           Алдагдсан адуунаас олдоогүй байгаа 12 адууны үнийг Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн: “... 11 настай хонгор буурал зүсмийн морь 900 000 төгрөг, 11 настай хонгор хул зүсмийн морь 2 000 000 төгрөг, 10 настай сувай буурал гүү 800 000 төгрөг, 9 настай халиун буурал гүү 800 000 төгрөг, 13 настай цагаан гүү 900 000 төгрөг, шарга даага 450 000 төгрөг, хязаалан насны зээрд байдас 650 000 төгрөг, 7 настай бор морь 750 000 төгрөг, 4 настай шарга үрээ 650 000 төгрөг, хар сувай гүү 800 000 төгрөг, 4 настай үрээ 650 000 төгрөг, 11 настай хээр морь 900 000 төгрөг нийт 10 250 000 төгрөг...” гэсэн тайлан /xx-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

           Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 365 дугаартай: “...шарга морь /9 настай/ 1 ширхэг 1 000 000 төгрөг, хар гүү /7настай/ 800 000  төгрөг, хар азарга /8настай/ 1 000 000 төгрөг, шарга морь /9настай/ 1 000 000 төгрөг, зээрд морь /12 настай/ 1 000 000 төгрөг, бор морь /7настай/ 900 000 төгрөг, бор үрээ /5 настай/ 700 000 төгрөг, хээр гүү / 15 настай/ 800 000 төгрөг, хээр даага /2 настай/ 400 000 төгрөг, хүрэн халзан гүү /7 настай/ 800 000 төгрөг, хүрэн халзан байдас /3 настай/ 500 000 төгрөг, хар гүү /8 настай/ 800 000 төгрөг, хар халзан даага /2настай/ 400 000 төгрөг, зээрд гүү /9 настай/ 800 000 төгрөг, зээрд даага /2 настай/ 400 000 төгрөг, шарга үрээ /4 настай/ 600 000 төгрөг, хээр морь /6 настай/ 900 000 төгрөг, шарга халзан үрээ / 4 настай/ 600 000 төгрөг, хар ногоон гүү / 6настай/ 700 000 төгрөг, хээр байдас /4 настай/ 600 000 төгрөг, хүрэн үрээ /4 настай/ 600 000 төгрөг, зээрд халзан даага /2 настай/ 400 000 төгрөг, хар даага /3 настай/ 400 000  төгрөг, шарга байдас /4 настай/ 600 000 төгрөг нийт 16 700 000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 175-176 дугаар хуудас/,

 

           Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /xx-ийн 36 дугаар хуудас/,

 

           Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /xx-ийн 47-51 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр...танил Э нь гар утсаар залгаж чи хаагуур байна гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Эрдэнэ сумаас Улаанбаатар хот руу явж байна гэсэн чинь би Налайх дүүрэг дээр байна, өөрийн ганц хоёр адуу зарах гэсэн чинь унаагүй болчихлоо, Налайх дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Миний автомашиныг Я унаж бид хоёр явж байсан болохоор би Я-д замаар нэг хүнтэй уулзая гэж хэлсэн. Тэгээд налайх дүүрэгт 16 цагийн орчим орж Э-тэй уулзсан. Тухайн үед Э жоохон халамцуу байсан, мөн намайг автомашинаасаа буугаад ир гээд надтай уулзсан. Таньдаг ченж байна уу, би хэдэн адуу хулгайлаад туугаад ирсэн юм асуудалгүй борлуулмаар байна гэж хэлсэн. Би автомашинд ороод Я-д таньдаг махны ченж байна уу, энэ хүн өөрийн хэдэн адуугаа туугаад аваад ирсэн байна гэж хэлсэн. Я нутгийн нэг дүү байгаа гэж хэлээд гар утаснаасаа нэг хүн рүү залгаж О мөн үү гэж асуусан. Тэгээд мөн бололтой яриад байсан. Тэгээд маргааш уулзах талаар хэлээд Улаанбаатар хот руу Я-ын хамтаар буцсан. Тэгээд Улаанбаатар хот орж манай гэрт очоод Я бид хоёр амраад маргааш өглөө нь 9 цагийн үед манай гэрээс Налайх дүүрэг руу шууд хөдөлсөн. Тэгээд Налайх дүүргийн колонк дээр Э, О, Я бид нар уулзахад Э ченж О-д хулгайн адуу Дорноговь аймгаас тууж ирсэн гэж дэлгэрэнгүй хэлсэн. Тэгээд ченж авахаар тохироод бид нар  салцгаасан. Гэртээ очиж амраад маргааш өглөө нь босоод байж байтал Э гар утсаар залгаад ченжийн гар утас нь холбогдохгүй байна, чи гараад ирээч ээ гэж хэлэхээр нь би гэрээсээ гарч Я-ын гэрт очиж Я-г аваад жолоогоо сольж бид хоёр Налайх дүүрэг рүү явж байтал Э нь дахин залгаж би Ургах наран хорооллын зүүн талд байгаа шүү адуутайгаа, чи тэнд хүрээд ирээчээ гэж хэлсэн. Тэгээд цааш явж байхдаа О ченжийн гар утас руу залгахад утас нь  холбогдож байсан.Тэгээд чи яав аа, Э яриад байна, бүгдээрээ Ургах наран хорооллын зүүн талд уулзая гэж яриад утсаа салгасан. Тэгээд Ургах наран хороолол дээр ирж О ченжтэй уулзаж цааш явж Э-тэй уулзсан. Ченж очоод нэг том хашаа руу адуугаа хий гэж хэлээд Я, Э нар адуу туугаад хашиж байтал жижиг автомашинтай цагдаа нар ирээд барьж авсан... Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна... би гэм буруугаа ойлгож зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 193-195 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч Ч.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б-ийн хамтаар Эрдэнэ сумаас Б-ийн танил ах Ц-ын гэрээс нэг хонины мах хийгээд буцаад Улаанбаатар хот руу явж байсан чинь Б-ийн гар утас дуугарч гар утсаар ярьсаны дараа Налайх дүүрэг дээр хүнтэй уулзах талаар хэлсэн. Налайх дүүрэг орж зүс танихгүй 40 гаран насны  хүнтэй уулзсан. Тэгээд уулзаад автомашинд орж манай ах хүү өөрийн 2-3 тооны адуугаа зарна гэнэ, чамд таньдаг ченж байна уу гэж асуусан. Би өөрийн танил дүү болох О руу гар утсаар залгаж мөн эсэхийг нь асуухад Б би яръя гэж хэлээд гар утсаар ченжтэй ярьж маргааш уулзахаар болж бид хоёр Улаанбаатар хот руу буцсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ны  өглөө Б-ийн гэрээс хамт гарч Налайх дүүрэг орсон. Налайх дүүргийн колонк дээр Э гэх хүн О бид дөрөв уулзахад хулгайн мал гэж сонссон. Тэгээд буцаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд маргааш өглөө нь Б над руу гар утсаар ярьж хоёулаа Налайх руу яваад ирье гэж хэлээд манай гадаа автомашинтайгаа ирсэн. Тэгээд би автомашиныг нь унаад Налайх руу явсан. Батсүх хэлэхдээ Ургах наран хорооллын тийшээ явна гэж хэлж байсан. Ургах наран хороолол дээр ирэхэд Э гэх хүн адуугаа аваад ирсэн байсан. Мөн удалгүй ченж ирээд нэг том хашаанд хийхээр болж Э бид 2 олон тооны адууг тууж хашаанд хийгээд байж байтал жижиг тэрэгтэй цагдаа нар ирээд бид нарыг бариад аваад явсан... 2 дахь удаагаа ченж болон бөөнөөрөө уулзаж байхад хулгайн адуу гэдгийг сонссон... Би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 203-205 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр...Налайх дүүрэгт очсон...Маргааш өдөр нь буудлаас 11 цагийн үед гараад Налайхын урдуур үйл ажиллагаа явуулдаг нүүрсний амаар Нугаржаргалыг хайж нэлээн явсан боловч олоогүй юм. Тэгээд 17 цагийн үед дэлгүүр ороод нэг шил архи аваад Сосор гэх өмнө нь нэг гэрт архи ууж байсан айлдаа очсон. Ороход С болон эхнэр нь байгаагүй, С-ын 10 гаран насны 1 хүүхэд байсан. Хүүхдээс нь С-г асуухад өнөөдөр ажилтай байгаа гэж хариулсан. Тэгээд буцаад гарах гэтэл амбаарынх нь хажуу талд модон эмээл байсан, хашааны хойд талд чөдөртэй хонгор зүсмийн морь байхаар нь эмээлийг нь авч эмээллээд морийг нь унаад Налайхаар явж байгаад бодож бодож Хэнтий аймаг Бор-Өндөр суманд байх М гэх найзынх руугаа явахаар болж морь унаж явсан...Би бодож байгаад нэгэнт морьтой энэ хүрсэн юм чинь гэж бодоод бэлчээрт байгаа ганц хоёроор адуу мал бэлчиж байвал туугаад буцъя гэж шийдсэн юм. Тэгээд Бор-Өндөр сумын төмөр замын гармын урд талаас адуу байвал туугаад явъя гэж бодоод Төмөр замын толгодоор явж байтал шөнө болсон байсан учраас төөрсөн. Шөнө төөрөөд явж байгаад унтах талаар бодож байтал адуу тургих чимээ сонсогдсон. Тэгээд очиход худаг дээр олон тооны адуу байсан. Тухайн үед тоолж чадаагүй, хойно 4-5 удаа тасарсан байдалтай адуу зогсож байхаар нь тухайн адууг туухад бүх адуу бөөндөө араас давхилдаад ирсэн... тэр чигт нь Улаанбаатын зүг туусан...Үүр цайж байхад Налайхын урд талын буурлын даваа гэх газар ирсэн байсан. Тэгээд модон дунд ороод адуугаа бүртгэхэд 30 адуу байсан...Тухайн үед 2019 оны 12 дугаар сарын 25-аас 12 дугаар сарын 26-ны шилжих шөнө 02 цаг болж байсан, холбоотой 2 адуугаа бугуйлдаж аваад кабелын утсаар холбож өөрөө унаж Налайх дүүрэг рүү хөтлөж яваад С гэх айлын хашаанд очиж эмээл морь хоёрыг тавиад нэг морио зайдан унаад нэг морио хөтөлж яваад ченж хайх зорилготой явж байтал ундааны сав гялгар цаас таараад 2 морь үргээд 2 тийш давхисан би хөтлөж байгаа морио алдаад унаж байгаа морио бариад үлдсэн. Тэгээд хөтлөж байгаа морио бариад авъя гээд хөөцөлдсөөр байтал гэгээ орсон...Би морио унаж танил Отгонцэцэг гэх  эмэгтэйн гэрт очсон чинь О нь гэртээ байхгүй байсан. Өөрийн хэдэн хүүхэд байхаар нь би асуухад төв рүү явсан гэж хэлсэн. Тэгээд ах нь нэг адуу хийлээ гэж хэлээд О-ийн гэрээс хутга аваад адуугаа хийж нөгөө залуугаа дуудаж ачаад аваад явсан...Адуу 400 000 төгрөг болсон санагдаж байна. Тэгээд мөнгөө авч тухайн залууд 45 000 төгрөгийг өгсөн. Тэгээд өөрөө дэлгүүр орж ганц шил архи аваад гудамжинд таарсан хүнтэй уугаад, таарсан хүн болгонтой ууж явж байгаад жоохон согтуу Б-тэй гар утсаар ярьсан. Б-д ганц хоёр адуу зарах гэж байна, унаагүй болчихлоо Налайх дүүрэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тухайн өдөр оройхон Б нь Я гэх найзтайгаа ирсэн. Тэгээд би Б-г автомашинаас нь буулгаж уулзсан. Б-д би хэдэн хулгайн адуу туугаад ирсэн таньдаг хүн байвал зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Б-тэй үнэ хөлс яриагүй, мөн ярих зав ч гараагүй. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Батсүх нь ирж Налайхын колонк дээр ченжтэй уулзуулсан. Би ченжтэй уулзахдаа Дорноговь аймаг Айраг сумаас хэдэн адуу тууж ирсэн юм. Хэдэн адуу өгье гэж  хэлээд ченж нь Ургах наран хорооллын хойд талд манай эзгүй хашаа байгаа тэнд туугаад очоорой гэж хэлээд салсан, мөн Б, Я хоёр гэр гэр рүүгээ явсан... Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 29-ний үүрээр уг газар нь адуугаа туугаад очиход 24 тооны адуу байсан. Мөн ченжийн заасан хашаанд адуугаа хийгээд байж байтал жижиг тэрэгтэй цагдаа нар ирээд бариад авсан. Тэгээд ер нь баригдсандаа... надад мөнгөний хэрэг гарсан учраас би адуу тууж зарахаар болсон. Я-д хулгайн адуу гэж хэлээгүй. Харин ченжтэй ярьж байхад хулгайн адуу гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 197-202 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-70 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Э 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Дөрвөлж гэх газраас хохирогч Г.Б-ын 36 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,

 

           Шүүгдэгч Ч.Я, С.Б нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Б.Э-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 24 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараахи нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед хохирогч  Г.Б-ын 36 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...36 тооны адууг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед олон адуу байснаас зарим нь замдаа үлдсэн ч байх, заримыг зарж мөнгө болгосон, зарим нь замдаа өөр адуутай нийлж холилдоод явсан ч байгаа л байх, тийм болохоор 36 тооны адуу гэдгийг хүлээн зөвшөөрч байна... Би бодож байгаад нэгэнт морьтой энэ хүрсэн юм чинь гэж бодоод бэлчээрт байгаа ганц хоёроор адуу мал бэлчиж байвал туугаад буцъя гэж шийдсэн юм... Тухайн үед тоолж чадаагүй, хойно 4-5 удаа тасарсан байдалтай адуу зогсож байхаар нь тухайн адууг туухад бүх адуу бөөндөө араас давхилдаад ирсэн... тэр чигт нь Улаанбаатарын зүг туусан...тэгээд адуугаа тоолоход 34 тооны адуу байсан... Үүр цайж байхад Налайхын урд талын буурлын даваа гэх газар ирсэн байсан. Тэгээд модон дунд ороод адуугаа бүртгэхэд 30 адуу байсан... Тэгээд ах нь нэг адуу хийлээ гэж хэлээд О-ийн гэрээс хутга аваад адуугаа хийж нөгөө залуугаа дуудаж ачаад аваад явсан...Адуу 400 000 төгрөг болсон санагдаж байна. Тэгээд мөнгөө авч тухайн залууд 45 000 төгрөгийг өгсөн... Б-тэй гар утсаар ярьсан. Батсүхэд ганц хоёр адуу зарах гэж байна, унаагүй болчихлоо Налайх дүүрэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тухайн өдөр оройхон Б нь Я гэх найзтайгаа ирсэн. Тэгээд би Б-г автомашинаас нь буулгаж уулзсан. Б-д би хэдэн хулгайн адуу туугаад ирсэн таньдаг хүн байвал зохицуулаад өгөөч гэж хэлсэн... Я-д хулгайн адуу гэж хэлээгүй. Харин ченжтэй ярьж байхад хулгайн адуу гэж сонссон... Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 29-ний үүрээр уг газар нь адуугаа туугаад очиход 24 тооны адуу байсан. Мөн ченжийн заасан хашаанд адуугаа хийгээд байж байтал жижиг тэрэгтэй цагдаа нар ирээд бариад авсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-нөөс хойш манай оторлож байгаа Дөрвөлж гэх газарт байх худгаас манай 36 тооны адуу алдагдсан...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс надтай холбогдсон ба адуу алдсан уу, ямар тамгатай хичнээн тооны адуу алдсан бэ гээд асуусан, тухайн үед таны алдсан адуу байж болохоор 24 тооны адууг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын хойд хэсэгт байх эзэнгүй хашаан дотор нядлах гэж байхад нь барилаа, та өөрийнхөө адууг мөн эсэхийг ирээд хараадах гэсэн. Ингээд тухайн өдөр 16 цагийн орчимд яваад очтол манай адуунууд мөн байсан ба тоолоод үзтэл 24 тооны адуу байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл аваад үл таних гурван залуу 24 тооны адууг эзэнгүй айлын хашаанд оруулаад нядлах гэж байхад нь үйлдэл дээр нь таслан зогсоож ажилласан. Үл таних гурван залуугийн нэг нь Э гэгч нь Дорноговь аймгийн Айраг сумаас ганцаараа тууж ирсэн гэж урьдчилсан байдлаар мэдүүлж байна. Эдгээр 24 тооны адуунууд нь саран дэвсгэртэй чандмань тамгатай хар азаргатай 24 тооны адуу байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хашаанд байсан модон эмээл алга болсон ба би эмээл алга болсон талаараа 2019 оны 12 дугаар сарын дундуур мэдсэн. Тухайн үед энэ хавиар архи уудаг хүмүүс авчихсан байх гээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Өөр алдсан мал байхгүй...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг,           гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 27-ны үеэр намайг гадуур ажилтай явж байхад манай гэрт Э нь хэсэг адуу туугаад ирсэн байсан ба тухайн үед манай хашаанд 1 адуу хийгээд аваад явсан. Тухайн өдөр ажлаасаа ирэхэд хашаан дотор сэвс үлдээсэн байсан. Гэрт үлдсэн хүүхдүүдээс асуухад Э ах ирээд 1 адуу хийгээд аваад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,  гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт байхад 16 цагийн үед зүс таних Я гэх залуутай утсаар холбогдон Налайх дээр уулзсан ба тухайн үед Я, Н / Б/ нартай уулзсан. Тэр 2 хэдэн адуу өгмөөр байна Налайхад авчирсан байгаа гэж хэлэхээр нь юун учиртай адуу юм бэ гээд асуутал Б гэх нутгийн залуу маань хулгайн адуу байгаа юм, унагатайгаа 24 тооны адуу байгаа, үсгүй хиймээр байна гээд надаас салж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би таньдаг цагдаа руугаа яриад болсон асуудлыг хэлээд хулгайн адуу ирсэн байгаа ба би хэрэгт орооцолдоно утсаа унтраагаад алга болчих уу гээд асуутал хэрэггүй та наад адуунуудыг нь нэг хашаанд байрлуулаад авна гээд байлгаж бай гэсэн. Ингээд байж байтал шөнө 04 цагийн орчимд Хонхор дээр хүрээд ир гээд дуудахаар нь яваад очтол 24 адуу байсан, ингээд Ургах наран хороолол  руу тууж аваачаад эзэнгүй хашаанд хураасан...Тухайн үед Я нь хэдэн адуу зармаар байна гэж утсаар ярьсан ба Б болон хамт явсан танихгүй эрэгтэйн хамт уулзахад Айрагаас тууж ирсэн адуу байгаа юм юуг нь нуухав, 25 хоног тууж ирсэн адуу хэн ч мэдэхгүй үсгүй хиймээр байна. Махыг нь шууд чамд өгчихмөөр байна гэж хэлсэн ба надад 5 адууг нь өгье гэж Ноосоо гэж хочилдог Б хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтыг дүгнэхэд Б.Э нь 25 хоног Айраг сумаас тууж ирсэн гэж О-той 12 сарын 29-ний өдөр уулзахдаа хэлсэн, хохирогч Г.Б нь 12 сарын 14-нөөс хойш манай адуу алга болсон гэсэн мэдүүлэг зэрэг нь тухайн адууг олон хоног туусан ба 12 сарын 14-нөөс хойш хулгайлсан гэж үзэх үндэстэй байна.

 

Хохирогч Г.Б нь шүүх хуралдаанд “...36 тооны адуугаа алдсан ба үүнээс гүйж очсон адуу байхгүй, 24 тооны адуугаа буцааж авсан...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Э нь “...тухайн үед хулгайлж байгаа адуугаа тоолоогүй, замдаа хээр хонож өглөө болоход 34 адуу байсан... төөрч яваад өглөө нь адуугаа тоолоход 30 адуу байсан...төмөр замын тор адууны сүүл, хөлд орооцолдоход адуу тал тал тийшээ үргэж тарсан...орой болсон хойно уулнаас бууж ирэхэд миний тууж явсан адуу өөр айлын 2-3 азарга адуутай нийлсэн байхаар нь зах хэсгээр нь байсан адуугаа тэр чигт нь туугаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг нь 36 тооны адуунаас замдаа үлдээх болон 1 адууг Налайхад зарсан, 1 адууг хөтөлж яваад алдсан зэрэг нь тухайн адууг замд орхих, үлдээх зэргээр 12 адуу үрэгдүүлсэн, 24 адууг буцааж өгсөн байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Э нь 36 тооны адуу хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эд хөрөнгөнд үнэлгээ гаргасан дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт болон дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй тул нийт 36 адууны 26 950 000 төгрөгний хохирол учруулснаас 24 адууг буцаан өгч 12 адууны 10 250 000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Б.Э хариуцан төлөх үүрэгтэй тул хохирлыг түүнээс гаргуулах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч С.Б, Ч.Я нар нь шүүгдэгч Б.Э-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 24 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  Ургах наран хороолол дээр ирэхэд Э гэх хүн адуугаа аваад ирсэн байсан. Мөн удалгүй ченж ирээд нэг том хашаанд хийхээр болж Э бид 2 олон тооны адууг тууж хашаанд хийгээд байж байтал жижиг тэрэгтэй цагдаа нар ирээд бид нарыг бариад аваад явсан... 2 дахь удаагаа ченж болон бөөнөөрөө уулзаж байхад хулгайн адуу гэдгийг сонссон... Би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Энхболд нь надтай уулзаад машинаасаа буугаад ир гэж хэлээд уулзсан. Таньдаг ченж байна уу, би хэдэн адуу хулгайлаад туугаад ирсэн юм, асуудалгүй борлуулмаар байна гэж хэлсэн. Би машинд ороод Я-аас  таньдаг махны ченж байна уу, энэ хүн өөрийн хэдэн адуугаа туугаад ирсэн байна гэж хэлсэн. Я нутгийн нэг дүү байгаа гэж хэлээд гар утсаараа нэг хүн рүү залгаж О мөн үү гэж асуугаад мөн бололтой яриад байсан. Тэгээд маргааш уулзахаар болсон...” гэсэн мэдүүлгүүд нь гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт байхад 16 цагийн үед зүс таних Я гэх залуутай утсаар холбогдон Налайх дээр уулзсан ба тухайн үед Я, Н / Б/ нартай уулзсан. Тэр 2 хэдэн адуу өгмөөр байна Налайхад авчирсан байгаа гэж хэлэхээр нь юун учиртай адуу юм бэ гээд асуутал Б гэх нутгийн залуу маань хулгайн адуу байгаа юм, унагатайгаа 24 тооны адуу байгаа, үсгүй хиймээр байна гээд надаас салж өгөхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр оройхон Б нь Я гэх найзтайгаа ирсэн. Тэгээд би Б-г автомашинаас нь буулгаж уулзсан. Б-д би хэдэн хулгайн адуу туугаад ирсэн таньдаг хүн байвал зохицуулаад өгөөч гэж хэлсэн... Я-д хулгайн адуу гэж хэлээгүй. Харин ченжтэй ярьж байхад хулгайн адуу гэж сонссон...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б, Ч.Я нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нараас шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, шүүгдэгч Ч.Я, С.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

    

Иймд шүүгдэгч Б.Э-г бусдын олон тооны буюу 36 тооны адууг хулгайлсан, шүүгдэгч Ч.Я, С.Б нарыг шүүгдэгч Б.Э-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 24 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, шүүгдэгч С.Бийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгч Ч.Я-ын ар гэрийн байдал болон тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-д 3 жил хорих ял, шүүгдэгч Ч.Янживт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 3 хоногийн ялыг нэмж нэгтгэн 7 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б, Ч.Я нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Я, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 48 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ч.Я, С.Б нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Я, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Э-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Ч.Я, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Я-г ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, С.Б-г ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 3 хоногийн ялыг нэмж нэгтгэн 7 жил 3 сар 3 хоногоор тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 7 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Я, С.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Шүүгдэгч Ч.Я, С.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэм хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ээс 10 250 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д олгосугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч шүүгдэгч Ч.Я, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ч.Я, С.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Н.АДЪЯА