| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/00388/И |
| Дугаар | 181/ШШ2017/00276 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2017/00276
| 2017 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2017/00276 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлооо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,
1973 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, оршин суух хаяггүй, Боржигон овогт Баатархүүгийн Ганчөдөр /РД:ХВ73041116/-д архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д/а Д.Бат-Орших, /Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Б.Ганчөдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч д/а Д.Бат-Орших шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ганчөдөр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдал алдагдуулан цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй , агсан тавьдаг, архийг байнга уудаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн 1 дүгээр хэлтсийн хэв журмын цагдаа а/ч Б.Мөнгөншагай ирүүлсэн.
Удаа дараа захиргааны арга хэмжээ авахуулсан, хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 8 дугаар сарын 02-ны өдөр архи ууж эрүүлжигдэн саатуулагдсан.
Мөн тэрээр Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Ганчөдөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие байнга архи ууж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаггүй ээ. Би байнга архи уудаг нь үнэн, манай авгай бас эмчилгээнд явж байгаа, би ч гэсэн эмчилгээнд явж архинаас гарах хүсэлтэй байна гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Б.Ганчөдөрийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Б.Ганчөдөр нь оршин суух тодорхой хаяггүй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архи ууж иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Тэрээр 2016 оны 4,8 дугаар саруудад эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч болон тус хорооны засаг дарга С.Отгонжаргал, тус хорооны хэв журмын цагдаа Б.Мөнгөншагай нарын тайлбар, мэдүүлэгт “Б.Ганчөдөр нь байнга архи уудаг,иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг” гэсэн байна.
Б.Ганчөдөр нь “Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Баруун найман овогт Баатархүүгийн Ганчөдөрийгг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.Б.Ганчөдөрийг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО