| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00029/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Тэрэм овогт Ц.Ч холбогдох эрүүгийн 2040000480047 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, урьд нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг 03 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Ц.Ч
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ч нь 2020 оны 03 сарын 04-ний орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн урд талд согтуугаар Б.Э маргалдаж, түүний нүүрэн тус газар гараар цохьсоны улмаас эрүүг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Б.Э 2020 оны 03-р сарын 05-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 03 сарын 04-ний орой гэртээ байж байгаад оройн 21 цагийн үед гэрээсээ гараад Бор-Өндөр цогцолбор сургуулийн гадаа найз Ш тэй уулзаад хуурай ах болох Б гэрт буюу Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороололд очиход Б ахын гэрт Б ах эхнэр хүүхдүүдийн хамтаар байсан. Ингээд Б ахын гэрт байж байхад Ш бид 2-ын хойноос Б ахын найз нар болох У Д нар нь орж ирсэн. Энэ 2 ах нь Б ахтай хамт оройн ээлжинд ажилд гарах байсан юм билээ. Тэгээд Б ахынд ирж хоол цай идэж уучихаад оройн 23 цагийн үед Б ах, У Д нар нь ажилдаа явахынхаа өмнө Ш бид 2-ыг гэр рүү хүргэж өгөхөөр Д ахын машинтай явж байтал Бор-Өндөр цогцолбор сургуулийн урд талд байх гэрэлтүүлэгний доор хэдэн 3-4 согтуу залуучууд хоорондоо зодолдож байгаа бололтой нэгийгээ доороо хийчихсэн байсан. Тэгсэн Д ах машинаа зогсоож миний таньдаг хүмүүс байх шиг байна гэхэд нь “Яах гээд байгаа юм бэ, яв яв” гэхэд Д ах машинаа хөдөлгөөд дахин зогсоход машины ар талын суудал дээр суугаад явж байсан Б ах машины цонхыг онгойлгож “Хөөе та нар болиочээ” гэхэд тэнд байсан улаан куртиктай залуу ирээд “Та нарт ямар хамаатай юм, зайлаач, эсвэл буугаад ир, сайхан зодолдоё” гэх мэт зүйл яриад машин дээр ирж Б ахын сууж явж байсан талыг цонхоор гараа оруулж энгэрээс нь “Буугаад ир” гэж заамдсан. Тэгэхэд нь Б ах машинаас буугаад “Яах гээд байгаа юм бэ ахын дүү, чи согтсон байна ш дээ” гэхэд цаанаас нь туранхай хар өнгийн куртиктэй залуу ирж улаан куртиктэй залуугийн хажуугаар орж мөн зууралдаж эхэлсэн. Тэгэхээр нь би машины арын суудлаас буугаад тэр хэдийг зодолдуулахгүй гээд салгах гэтэл саарал өнгийн цамцтай нэг согтуу залуу ирээд над руу дайрч давшилаад байсан. Тэгэхээр нь би “Чи болио согтуу байна” гээд түлхэхэд нөгөө залуу газраас шороо аваад над руу цацахаар нь миний уур хүрээд тэр саарал цамцтай залууг нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгсэн нөгөө залуу газар уначихаад босож ирээд газраас чулуу хайгаад байгаа бололтой байсан. Энэ үед У ах намайг “Болио ахын дүү” машины дэргэд хориглоод байж байхад гэнэт араас миний баруун шанаа тус газар руу хүчтэй цохьсон. Би тухайн үед хэн намайг юугаар цохьсон эсэхийг хараагүй, мэдээгүй, цохиулсаныхаа дараа хэсэгхэн зуур ухаан балартаж газар унасан байсан. Ингээд газраас босоход миний толгой эргээд байхаар нь би машинд суусан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд согтуу залуучуудыг бүгдийг нь аваад явсан. Харин би эмнэлэгт хүргүүлж найз Ш ийн хамтаар үлдээд харин Б ах, Д ах, У ах нар ажилдаа явцгаасан. Ингээд би эмчид үзүүлэхэд эмч нь “Эрүү чинь хугарсан байна, хөмсөг чинь сэтэрсэн байна, яаралтай Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гээд эмчийн бичиг бичиж өгсөн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/
-Гэрч Ч.Ш ийн 2020 оны 03-р сарын 07-ны өдөр өгсөн: “Би энэ өдөр найз Э Х нартай оройн 21 цагийн үед Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байх Бор-Өндөр цогцолбор бага сургуулийн урд уулзсан. Ингээд Э бид хоёр Б ахын гэрт хоол идэж юм ярьж сууж байтал Б ахтай хамт ажилладаг Д Г дуудсан. Тухайн үед Б ах, Д Г нар нь шөнийн ээлжинд ажилд гарах гэж байсан. Ингээд Б ах ажилдаа явахынхаа өмнө нь Э бид 2-ыг гэр гэрт маань хүргэж өгөхөөр болсон. Ингээд Б ах Э бид 3-ыг гэрээс нь гарахад гадаа Д Г ах өөрийн машинтайгаа ирчихсэн байсан. Машины урд мөн хамт ажилладаг У ах суугаад явж байсан. Ингээд бид 3 гараад машины хойд талын суудал дээр суугаад эхлээд Э ыг хүргэж өгөхөөр болоод Б ахын гэрийн гаднаас хөдөлж Бор-Өндөр цогцолбор бага сургуулийн урд талын замаар Бор-Өндөр сумын хойд гэр хороолол буюу Дэнж хороолол руу явж байтал Бор-Өндөр цогцолбор бага сургуулийн баруун урд талд байдаг өндөр гэрэлтүүлгэний доор 4 эрэгтэй хоорондоо зодолдож ноцолдож байгаа бололтой дээр доороо ороод байж байсан. Тэгсэн Б ах тэдгээр хүмүүст хандаж “болиочээ” гэж хэлэхэд улаан куртиктэй нэг залуу “Та нарт ямар хамаатай юм, зайлаач” гэж орилоод хүрээд ирсэн. Тэгэхээр нь Б ах машинаас бууж та нар юу юм гэхэд нь Э бид 2 бас машинаас буусан. Тэгсэн нөгөө улаан куртиктэй залуу Б ахыг заамдаад авсан. Тэгсэн Б ах улаан куртиктэй залуутай заамдалцахад хажуунаас алаг малгайтай залуу хажуунаас орж хувцаснаас нь зуурч байгаа бололтой араас нь татаж гулдчаад байхаар нь би уг алаг малгайтай залууг салгасан. Бид 4-ыг ингэж зууралдаж байхад саарал цамцтай нэг залуу нь Э тай муудалцаж байгаа бололтой байсан. Ямар учраас муудалцсан эсэхийг мэдэхгүй, миний санаж байгаагаар нөгөө саарал цамцтай залуу газраас шороо хумж байсан. Би тухайн үед нөгөө алаг малгайтай залуутай зууралдаад зогсож байсан болохоор Э болон саарал цамцтай залуу 2-ыг яасан эсэхийг мэдээгүй. Нэг харахад манай найз Э нь машины дэргэд суучихсан хажуунаас нөгөө саарал цамцтай залуу өшиглөж байгаа бололтой байсан. Яг энэ үеэр машины урд сууж байсан У болон Д Г ах 2 бууж ирээд тэднийг салгасан. Тэгэхээр нь би Э дээр очиход баруун талын хөмсөг нь сэтэрч цус гарсан байдалтай байсан. Э нь тухайн үедээ газарт шүлсээ хаяхад амнаас нь цус гарч байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд биднийг бүгдийг аваад явсан. Сүүлд цагдаа дээр ирэхэд тэдгээр залуучуудтай хамт явж байсан эмэгтэй цагдаад дуудлага өгсөн байсан. Миний санаж байгаагаар улаан куртиктэй залуу, алаг малгайтай залуу, саарал цамцтай 3 залуутай хамт явж байсан 1 хүн нь надтай хамт сурдаг байсан залуу байсан. Тэр залуу гэхдээ ямарч зодоон цохионд оролцоогүй, хажуунаас хараад л зогсож байсан. Би тэр залуугийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ингээд цагдаа дээр ирээд Э ыг эмнэлэг рүү У Д Г нартай хамт явуулсан юм. Тэгсэн эмнэлэгт үзүүлэхэд Э ын эрүүний яс нь хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/
-Гэрч Э.У 2020 оны 03-р сарын 06-ны өдөр өгсөн: “Би ...Бор-Өндөр цогцолбор бага сургуулийн урд талын замаар явж байтал бага сургуулийн баруун урд талд байдаг өндөр гэрэлтүүлгэний доор 4 эрэгтэй хүн хоорондоо зодолдож ноцолдож байгаа бололтой 1-ийгээ буюу саарал цамцтай Ч гэгчийг доороо оруулчихсан 2 нь буюу хар куртиктай, 2 уулаа саравчтай малгай 2 залуу дээр нь гарчихсан, дэргэд нь улаан куртиктэй залуу хараад зогсож байсан. Тэгсэн хойд суудал дээр сууж явж байсан Б тэдгээр хүмүүст хандаж “Наад хүмүүсээ болиулаач ээ” гэж хэлэхэд улаан куртиктэй залуу нь “Та нарт ямар хамаатай юм, зайлаач, бид махан овоо босгож байна” гэж хэлээд бидэн дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь Б машинаас буухад Э Ш нар дагаад буусан. Би ч тухайн үед гайгүй байх гэж бодоод машин дотроосоо харахад нөгөө улаан куртиктэй залуу Б заамдаад авсан. Тэгсэн Б ах улаан куртиктэй залуутай заамдалцахад хажуунаас нөгөө алаг малгайтай, урт хар куртиктэй залуу хажуунаас орж хувцаснаас нь зуурч байгаа бололтой араас нь татаж чангаагаад байсан. Энэ үеэр Ш мөн дэргэд очиж салгах гэж байгаа бололтой байсан. Тэгсэн цаана газар хэвтэж байсан Ч босож ирээд бид нар ирсэн. Энэ үед Д Г Ч таньдаг бололтой “Дүү одоо харь, согтуу байна” гэж хэлэхэд Ч “За за харьлаа” гэж хэлээд буцаж эргэхдээ газраас шороо чулуу авч машин руу шидэж байгаа бололтой байхаар нь Д Г бид 2 машин руу чулуу шидэж шил цонхыг нь хагалчихаж магадгүй гэж бодоод машинаас буухад машины дэргэд Э нь доош суучихсан байхаар нь яасан юм юу болсон юм гэхэд “Мэдэхгүй ээ араас сая нэг нь цохьчих шиг боллоо” гэсэн. Тэгсэн Э ын баруун хөмсөг нь сэтэрч цус гарсан байсан. Тэгэхээр нь би машинд суулгаад нөгөө салгах гээд байж байтал цагдаа нар ирсэн. Ингээд цагдаа дээр ирээд Д Г бид 2 Э ыг дагуулж эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч Э ын эрүүг хугарсан байна гэж хэлсэн. Ингээд л тухайн үед ажлын цаг болсон болохоор Д гончиг, Б бид 3 цагдаад гэрийн хаяг утасны дугаар нэрээ бүртгүүлчихээд ажилдаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
-Гэрч Ч.С 2020 оны 03-р сарын 07-ны өдөр өгсөн: “Би .... Бор-Өндөр цогцолбор бага сургуулийн баруун урд талд байх гэрэлтүүлэгний доор таарсан. Тэгсэн Ч нь “Хаячихаад яваад өглөө” гэх мэтээр үг хаяж надтай муудалцах гээд байсан. Би ч тухайн үед муудалцахыг хүсээгүй. Тэгсэн Ч намайг хөл рүү минь хавирч газарт унагаад дээр маань гарч дараад хэвтсэн, тэгсэн Б нь бид 2-ыг салгаж босгох гээд байж байх үед машинтай хүмүүс ирж байх шиг байсан. Тэгсэн уг машин зогсоход нэг хүн та нар яагаад зодолдоод байгаан бэ? Больцгоо” гэхэд Т “Та нарт хамаагүй, бид найзууд, бид махан овоо болж байна” гээд хэлж байх шиг байсан. Тэгсэн уг машин хөдлөөд явах шиг болсоноо эргэж шон тойроод буцаад ирсэн. Тэр үед Т “Чаддаг юм бол буугаад ир” гэж хэлж байх шиг байсан. Тэрнээс Чинбат, Б бид 3 тэдгээр хүмүүст юм хэлээгүй. Тэгсэн л тэр машинаас нэг залуу бууж ирээд Т тай маргалдаж зууралдаад эхэлсэн. Энэ үед Б дэргэд нь очиж зогсож байсан. Харин Ч миний дээрээс босоод уг машин руу очсон. Харин би босоод Т ыг хүнтэй муудалцуулахгүй гээд салгахаар очсон. Тэгсэн машинаас мөн бууж ирсэн бололтой нэг залуу биднийг мөн л салгах гэж ирсэн. Ингээд Т болон Т тай муудалцаж байсан залуу, Б болон машинаас бууж ирсэн бололтой залуугийн хамтаар биднийг зууралдаад бужигнаж байхад Ч машины дэргэд зогсож байсан нэг залууг цохиж унагаж байсан. Тэр 2 машины цаагуур орсон болохоор би цаашаа юу болсон эсэхийг хараагүй, харин Т ыг нөгөө зууралдаж байсан хүнээс нь салгасан. Ингээд би машины урд хэсэгт очиж машинд байсан хүнтэй юм яриад зогсож байтал Т машины урд хэсэгт Ч ухаан алдсан байдалтайгаар нь чирээд ирсэн. Ингээд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Ингээд бид нарыг цагдаагийн байгууллага дээр авчирч Ч болон зодуулсан гэх залууг эмнэлэг рүү явуулсан. Тэр зодуулсан гэх залууг Э гэж дуудаж байсан. Ингээд удалгүй тэр эргэж ирэхэд Э ын эрүү нь хугарсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 30-ны өдрийн №41 тоот:
1.Б.Э биед доод эрүүний ясны баруун тал болон ооч хэсгүүдийг хамарсан далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,
-Яллагдагч Ц.Ч 2020 оны 05-р сарын 05-ны өдөр өгсөн: “2020 оны 03 сарын 04-ний орой найз Б , Т нартай хамт манай гэрээс гараад Нийтийн байр руу явж байсан. Учир нь 2020 оны 03 сарын 04-ний өдөр манай гэрт Т , Б , Сонин-Учрал, Мөнх-Эрдэнэ нарын хамт архи уусан юм. Архи ууж дуусаад Мөнх-Эрдэнэ, С 2 манай гэрээс гараад явсан байсан. Тэгээд орой Б , Т бид 3 манай гэрээс гараад Нийтийн байранд очиж Сонин-Учралтай уулзахаар явсан. Тэгтэл Бор-Өндөр цогцолбор сургуулийн урд талд гэрэлтүүлэгний доор явж байгаад Сонин-Учралтай таараад би гэрт хаяад явчихлаа” гэж үг хаяж, хэрүүл хийж байгаад Сонин-Учралыг хавираад газар унагаасан. С газар унасан хойно би дээрээс нь дараад хэвтсэн. Тэгэхэд надтай хамт явж байсан Б , Т 2 миний дээрээс дараад хэвтсэн. Тэгэхэд бид нарын хажуугаар приус-20 маркийн машинтай залуучууд ирж зогсоод яагаад байгаа юм, хоорондоо зодолдоод байгаа юм уу гэж хэлэхэд манай найз Т “Хоорондоо зодолдсон зүйл байхгүй, бид нар найзууд, махан овоо болж байна” гэж хэлэхэд тэр машин яваад өгсөн. Тэгснээ буцаж эргээд бид нар руу ирээд машинаас нилээн хэдэн залуучууд бууж ирээд бид нартай муудсан. Тэр залуучуудыг бид нарыг юу гэж муудаад, хэн хэн нь хэнтэй муудсаныг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед нилээн согтуу байсан. Би ямар ч байсан нэг залуутай нь муудаад зууралдаж байсан. Одоо бодоход Э юм шиг байна. Би Э ын доор орчихсон хэвтэж байсан. Э ыг нэг гараараа зуураад явуулахгүй, босохоор би өөрөө ойчоод байсан болохоор гараараа зуураад байсан. Сүүлдээ гараа тавиад хэвтээд өгсөн. Би босохгүй хэвтэж байгаад цагдаа нарыг ирэхээр боссон. Тэгээд цагдаа дээр ирцгээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 81-85/
-Захиргааны хяналт зогсоох тухай 2019 оны 01 сарын 13-ны өдрийн тогтоол /хх-ийн 90/
-Хохирогч Б.Э “Миний бие Ц.Ч маргалдаж, биедээ гэмтэл авч, эрүү хугарч хагалгаанд орсон. Ц.Ч нь миний эмчилгээний зардалд 3 сая төгрөгийг 2020 оны 05 сарын 24-ний өдөр өгсөн. Миний бие Ц.Ч гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 92/
-Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Э ыг цохьсон нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Ц.Ч нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Б.Э гэрч Ч.Ш , Э.У Ч.С нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 30-ны өдрийн №41 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Ц.Ч нь 2020 оны 03 сарын 04-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн урд талд согтуугаар хохирогч Б.Э маргалдаж, түүний нүүрэн тус газар гараар цохьсоны улмаас эрүүг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 30-ны өдрийн №41 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Э биед доод эрүүний ясны баруун тал болон ооч хэсгүүдийг хамарсан далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ч холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгчийн архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ц.Ч холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Ч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э биед хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Хохирогч Б.Э нь “эмчилгээний зардалд 3 сая төгрөг авсан. Цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг өгсөн байх тул шүүгдэгч Ц.Ч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Ц.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Ц.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ч холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Ч нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Ц.Ч согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, хохирогч Б.Э гэрч Ч.Ш , Э.У Ч.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ч нь урьд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг 03 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 81-85/
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ч эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,
36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,
36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тэрэм овогт Цогтсайханы Ч 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ