Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доо ван овогт Наранхүүгийн Н.А т холбогдох 2040000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн дулааны станцад цахилгаан тоноглолын засварчин ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.А

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Н.А нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байрны гадаа Б.Ч.Б маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Н.А нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байрны гадаа Б.Ч.Б маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

 Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гарч 48 дугаар байрны дэлгүүрээс юм аваад буцаад явах үед ажлын газрын 2 ах нилээн согтолттой байсан тул ажлын хамт олон тул мэндлээд явах гэтэл Ч.Б над руу агсарч эхэлсэн. Б.Ч.Б ийг тайвшруулах маягаар тайлбарлаж хэлж байтал зүүн талын шанаа руу нэг алгадсан. Дахиад нүүр рүү гараа зангидаж байгаад цохьсон. Би биеэ хамгаалах зорилгоор Б.Ч.Б ийн нүүр рүү 2 удаа цохьсон. Ч.Б ах бид хоёрыг салгаж би гэр рүүгээ харьсан. Буруу зүйл хийсэн” гэв.    

  Эрүүгийн 2040000000054 дугаартай хэргээс: 

           Хохирогч Б.Ч.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа 17 цаг 30 минутанд тарж ажлын газрын ах нар болох Ч.Б Наранхүү, М  нартай дэлгүүрээс 1 литрийн савалгаатай “Голд Чингис" гэх нэртэй архи 1 шилийг аваад М  ахын гэрт буюу Бор-Өндөр сумын 4 дүгээр баг гэр хороололд байх гэрт нь очиж уусан. Ингээд уг 1 шил архийг ууж дуусаад М  ахын гэрээс гэр гэртээ харихаар гарцгаасан. Тухайн үед Ч.Б ах бид хоёр ойр байдаг учир хамт баруун байраас манай байр болох 48 дугаар байр луу алхаж 48 дугаар байрны гадаа ирээд орцныхоо үүдэнд суугаад юм яриад сууж байхад хамт нэг доор ажилладаг дүү болох Н.А  ирсэн. Би тухайн үед гадаа салхинд гарч нилээн согтсон байсан. Ингээд Н.А, Ч.Б ах хоёртой юм ярьж байгаад би Н.А т ажлын талаар ярьж маргалдаж агсарсан байсан. Би тухайн үед яг юу яриад агсарснаа сайн санахгүй байна. Ингээд Н.А  бид хоёр муудалцаж хоорондоо зууралдахад Н.А  миний нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохьсон. Энэ үеэр Ч.Б ах Н.А  бид хоёрын дундуур орж салгасан. Тэгсэн миний хамраас их хэмжээгээр цус гарч хамар хөндүүрлэж баруун талын нүд хавдаж улайчихсан. Ингээд би хамар хөндүүрлээд байхаар нь эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлэхэд эмч нь "чиний хамарт гэмтэл учирсан байна, маргааш гэмтлийн эмчид дахин үзүүлээрэй" гээд миний цусыг цэвэрлэж тодорхойлолт гаргаж өгсөн. Ингээд би цагдаагийн байгууллагад хүнд зодуулчихлаа гэж хандсан. Би тухайн үед өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Н.А ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдээгүй. Н.А тай маргааш нь уулзахад архи хэрэглээгүй, эрүүл гэрээсээ гараад тамхи татаж яваад тааралдсан гэж хэлсэн. Миний хувьд агсарч байхдаа Н.А ыг нүүр лүү нь алгадсан. Намайг алгадсанаас болж л Н.А  уурлаж намайг цохьсон байсан. Н.А  намайг гараараа миний нүүрэн тус газар хоёр удаа цохьсон. Миний хамар л гэмтсэнээс өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Миний хувьд гомдол санал байхгүй. Би өөрөө эхэлж Н.А ыг өдөж алгадаж байгаад цохиулсан байсан. Иймд надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэв би тухайн үед Н.А  луу агсарч алгадаагүй байсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан байх. Би Н.А т ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуу/

              Шүүгдэгч Н.А ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47-63 тоотод амьдардаг юм. Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байгаад орой 23 цагийн үед гэрээсээ гарч 48 дугаар байранд байх дэлгүүр орчихоод буцаад гэрлүүгээ явж байтал 48 дугаар байрны мухрын орцны үүдний сандал дээр манай ажлын газрын ах нар болох Б.Ч.Б , Ч.Б хоёр согтуу байгаа бололтой юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёртой мэнд мэдэхээр очиход Ч.Б Ч.Б нар нь архи уучихсан согтуу байдалтай байсан. Ингээд би тэр хоёртой мэнд мэдэхэд Ч.Б надруу "Дүү их том болчихжээ, хэзээ чи ийм байсан юм" гэх мэт зүйл яриад миний зүүн талын шанаа тус газар алгадаад авсан. Тэгэхээр нь би тухайн үед согтуу хүнтэй муудалцаж маргалдаад яахав гэж бодоод Ч.Б ахад зүгээр бай гэж хэлээд өөдөөс нь ямар нэгэн хариу үйлдэл гаргаагүй юм. Тэгсэн Ч.Б дахин миний шанаа тус газар гараа зангидаж байгаад 1 удаа зүүн шанаа тус газар цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд зөрүүлээд Ч.Б ахын нүүрэн тус газар гараа зангидаж байгаад хоёр удаа цохьчихсон юм. Тэгсэн Ч.Б ахын хамар амнаас цус гарахад Ч.Б ах бид хоёрын дундуур орж салгасан. Тэгэхээр нь би гэрлүү явчихсан юм. Тэгсэн Ч.Б ах эмчид үзүүлээд цагдаагийн байгууллагад намайг зодсон гэж хандсан байсан. Тухайн үед ийм л зүйл болоод өнгөрсөн. Ямар учраас надруу агсраад байсан эсэхийг би мэдэхгүй. Өмнө нь бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байгаагүй. Тухайн үед Ч.Б ах согтсон болоод согтуудаа л тийм авир гаргасан байх. Тухайн үед Ч.Б ах бид хоёрыг  муудалцаж байхад Ч.Б ах дэргэд байж бид хоёрыг салгасан. Тэр хоёр нилээн согтуу байсан. Тухайн цаг орой болсон гадаа ямарч хүн байгаагүй. Бид гурав байсан. Би эрүүл саруул явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуу/

           Шүүгдэгч Н.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”2020 оны 05 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байгаад 23 цагийн үед гэрээсээ гарч Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байранд байх хүнсний дэлгүүрт очиж юм аваад буцаад гэр лүүгээ харьж байсан. Тэгэхэд 48 дугаар байрны мухрын орц буюу булантай орцны гадаа манай ажлын Б.Ч.Б , Ч.Б хоёр юм яриад зогсож байхаар нь мэнд мэдэх гээд очиж уулзсан. Ч.Б Ч.Б хоёртой мэнд мэдсэн чинь тэр хоёр архи уусан согтуу байсан. Тэгтэл Ч.Б намайг "Дүү их том болжээ, хэзээ чи ийм байсан юм бэ" гэж хэлээд нэг удаа миний зүүн шанаа руу алгадахаар нь согтуу хүнтэй юм яриад яахав гээд "Зүгээр бай" гэж хэлээд зогсож байсан. Тэгтэл дахиад миний зүүн шанаа руу гараа зангидаж байгаад цохихоор нь миний уур хүрээд Б.Ч.Б ийн нүүр лүү гараараа хоёр удаа цохьсон. Тэгэхэд Б.Ч.Б ийн хамар, амнаас цус гарсан. Б.Ч.Б тэй хамт зогсож байсан Ч.Б намайг цохисны дараа бид хоёрын дундуур орж салгасан. Өмнө нь намайг алгадаж цохиж байхад Б.Ч.Б ийг болиулаагүй. Ч.Б намайг салгаж холдуулахаар нь би гэр лүүгээ харихаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуу/

            Гэрч Ч.Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 08-ны орой М ын гэрт Б.Ч.Б , Наранхүү, М  бид дөрөв Голд Чингис гэх нэртэй 2 шил архи хуваагаад уусан. М ын гэрт архиа ууж дуусаад орой 22 цаг өнгөрч байхад Ч.Б бид хоёр хамт М ын гэрээс гарч 48 дугаар байрны гадаа хүргүүлсэн. Б.Ч.Б ийн орцны гадаа буусан. Наранхүү, М  хоёр архи ууж байсан газраа үлдсэн. Б.Ч.Б ийг гэр лүүгээ орохоос нь өмнө тамхи татъя гэж хэлээд бид хоёр хамт тамхилж байсан. Тэгтэл манай ажлын Н.А  гэх залуу бид хоёр дээр ирээд мэнд мэдээд юм ярьсан. Б.Ч.Б , Н.А  хоёр хоорондоо юм яриад байсан. Тэгж байснаа гэнэт хоорондоо цохилцсон. Тэгэхээр нь голоор нь орж салгасан чинь Б.Ч.Б ийн хамар, амнаас цус гарсан байсан. Би Н.А ыг салгаад согтуу хүнтэй юу ярихав гэж хэлээд гэр лүү нь явуулсан. Б.Ч.Б тэй хамт гэрт нь ороод цагдаад дуудлага өгсөн. Б.Ч.Б ийн гэрт орсон чинь нүд нь хөхөрсөн байсан, хамар нь мурийсан юм шиг байхаар нь Н.А ыг дуудаж харуулсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар Б.Ч.Б , Н.А  бид гурвыг аваад явсан. Н.А, Ч.Б хоёр хоорондоо юм яриад зогсож байсан, юуны талаар ярьж байсныг нь мэдээгүй. Гэнэт хоорондоо муудсан. Ч.Б нилээн согтсон байсан. Н.А  архи уугаагүй эрүүл байсан. Хэн түрүүлж цохисныг нь хараагүй. Би тамхи татаж байгаад тэр хоёрыг зууралдахаар нь очиж салгасан. Н.А ын биед учирсан гэмтэл шарх байгаагүй. Б.Ч.Б ийн хамар гэмтсэн байсан, хамраасаа болоод нүд нь хөхөрсөн байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай

  1. Б.Ч.Б ийн биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-н 13-14 хуу/ зэрэг бичгийн нотлох баримт болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ч.Б ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учируулсан гэж үзэв.

Хохирогч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл, шүүгдэгчийн эрх зүйн мэдлэг дутмаг, бие биенээ хүндлэх, хүлээцтэй хандах чадвар сул байдлаас үүдэлтэй байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн  зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг

тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Н.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР