Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ганзаяа

             Улсын яллагч                                 Н.Улсболд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                         Шүүгдэгч                                              Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Лд холбогдох 2032000570069 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1969 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, Ам бүл 6, ээж, дүү нарын хамт амьдардаг,

            1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн №05 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 64-р зүйлийн “Б” ангид зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн “А,Б,Д”-д зааснаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            1988 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн №06 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 112-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар хотын цэргийн тусгай шүүхийн №82 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьд эдлээгүй үлдсэн 01 жил 09 сарын хорих ялыг нэмж нийт 04 жил 09 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн №65 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Малчин овогт Лувсангомбын Л.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Л.Л нь 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 1а тоотод оршин суух иргэн Г.Хбын гэрээс Б.Нгийн эзэмшлийн 800000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Нг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Хб, Бн гэх залуутай гэртээ ирж архи ууж байгаад хоносон. Би тэр өдөр Хб архи уучихаад хүнтэй маргалдаж мууцалдаж магадгүй байх гэж бодоод үүрийн 04 цаг хүртэл харж байгаад унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед Хбын гэрт ортол утас нь байхгүй цэнэглэгч нь залгаатай байсан. Тэгэхээр би Хбыг сэрээгээд утсаа яасан гэтэл цаана чинь байгаа гэхээр нь би өөрийн хүү болох Хбын гэр дотор хайж үзтэл гар утас нь байхгүй байсан. Тэгээд утас олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Л багаасаа манай гэрээр орж гардаг байсан юм. Би 1980 оноос хойш таньдаг юмаа. Манай гэрээр орж гараад  л байдаг хааяа ирж манай хүүтэй нийлээд архи уугаад байдаг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 хуудас/

Гэрч Д.Нг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 11 цагийн үед Л гэдэг хүн манай дэлгүүрт орж ирээд уулнаас орж ирлээ энэ утсыг тавиад жоохон хүнсний зүйл авах гэсэн юмаа. Уулнаас ирээд өлсөөд байна. 2 цагийн дараа тооцоо хийхээр авсан зүйлийнхээ мөнгийг төлөөд утсаа авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн чи авчихаа гэж гуйсаар байгаад тавьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай №222 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/

Л.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Маргааш өглөө нь буюу 2020 оны 03 дугаар сарын 19-ны өглөө 08 цагийн орчим Хбтай хамт ганц шил уух санаатай гэрт нь ороход Хб гэртээ согтуу унтаж байсан. Би Хбыг татаад босохгүй болохоор нь орны урд цэнэглэж байсан гар утсыг нь авч гараад Рашаантын гудамжинд байрлах Шараваагийн дэлгүүрт 2 шил 0,5 литрийн Хараа нэртэй архинд тавьсан. Тэр хоёр шил архиа найз Сэлэнгэмөрөнгийн гэрт  нь очиж хувааж уугаад байж байтал миний араас Хбын ээж Нараа нэг цагдаа дагуулж ирэхээр нь би Хбын гэрээс гар утас авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 37 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 5 дугаар хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-13 хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Л.Лийн талаар ял шийтгэл шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 50-72 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Л нь 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 1а тоотод оршин суух иргэн Г.Хбын гэрээс Б.Нгийн эзэмшлийн 800000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 хуудас/, Гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай №222 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/, Л.Лийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37 хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 5 дугаар хуудас/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-13 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Л.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Л нь 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн 1а тоотод оршин суух иргэн Г.Хбын гэрээс Б.Нгийн эзэмшлийн 800000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Малчин овогт Лувсангомбын Лийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лийг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Үүрцайх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.