Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 143

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Э.Эод холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Цэнд-Аюуш,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгончимэг, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1644 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Эод холбогдох эрүүгийн 201625014482 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овогт Энхтөгсийн Э.Э, 1900 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4 дүгээр багийн Дундсайханы 00000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000037/,     

 

             Э.Э нь болгоомжгүй үйлдлийн улмаас 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 23 цагаас 00:46 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургуулийн 0 дугаар дотуур байрны 000 тоот өрөөнд Б.Ттай маргалдан түүний толгойн зүүн хэсэгт алгадаж цохисноос Б.Т нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Эод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Учир нь, уг эрүүгийн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №100 /хх-105-106-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №241 дүгнэлт /хх-118-119-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 570 дугаартай дүгнэлт /хх-129-131-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1100 дугаартай дүгнэлт /хх-85-87-II/ нийт 4 шинжээчийн дүгнэлт хийгдсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 570 дугаартай дүгнэлт /хх-129-131-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1100 дугаартай дүгнэлт /хх-85-87-II/-үүдэд “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн компьютер томографи 2 ширхэг, CD 1 ширхэгт тархины томограммуудад гавал ясанд гэмтэлгүй, эдэд 2 тал бөмбөлгийн таславч хооронд, атираа ховилд, субарахнойдаль зайнууд, ховдлуудад тархмал зөөлөн бүрхүүлийн цус харвалттай, 2 тал бөмбөлгийн дагз хэсгээр тархины эдийн няцралтай, баруун талдаа илүү, гол бүрдэл хазайлтгүй, хамар, ухархай ясанд гэмтэлгүй. Эмч. С.Чулуунсүх 2017.04.26...” гэсэн байх боловч хавтас хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэсэн огноо бүхий томографи авагдаагүй, харин /хх-205-I/-д 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр компьютерт томографи шинжилгээ хийгдсэн гэсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Баянзүрх” эмнэлгийн архивын хуулбар үнэн бүхий дардастай нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Үүнээс дүгнэхэд компьютер томографийг үндэслэн гаргасан дээрх 2 шинжээчийн дүгнэлт нь томографийн шинжилгээ хийсэн ямар огноотой, ямар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлтдээ тусгасан нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт гаргахад дурдагдсан компьютерт томографи шинжилгээ нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн томографийн зураг нь хохирогчийнх мөн эсэх, шинжээчийн дүгнэлтэд уншигдсан эсэх нь тодорхойгүй байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан томографи шинжилгээний хариу /хх-205-I/ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан дүгнэлтийн огноотой зөрүүтэй, хохирогч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барсан байхад хэрэгт авагдсан компьютер томографийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу хохирогч нас барахын өмнөх өдөр авахуулснаар авагдсан байх тул дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж үзэв. Иймд Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөс эмгэг анатоми судлал, компьютер томографийн эмч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын хамтарсан дүгнэлт гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэж заасны дагуу хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь зүйтэй байна.

...Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014482 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Э.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж...” шийдвэрлэжээ.

Прокурор М.Цэнд-Аюуш бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг эрүүгийн 201625014482 дугаартай хэргийг хянаад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1644 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөс Эмгэг анатоми судлал, компьютер томографийн эмч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын хамтарсан дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасныг эс зөвшөөрөх дор дурдсан үндэслэл байна. Үүнд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 4 удаагийн дүгнэлт хоорондоо зөрүүгүй, нэг утга санаатай дүгнэлтүүд байгаа ба 5, 7 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан сүүлийн 2 дүгнэлт нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт талийгаачийг хүргэгдэн очих үед авсан компьютер томографийн зургийг үндэслэж гаргасан байдаг.

Тухайлбал: 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн “...Талийгаачид өвдөгний зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Зүүн чихний ар хэсгийн цус хуралт нь цохигдох үед үүсэх ба тархины эмгэгшил бүхий судас хагарахад нөлөөлсөн байж болно. 4. Нас барах үедээ согтолтгүй байжээ. 5. Цусны 2 дугаар бүлэгтэй байна. 6. Талийгаач нь тархины суурийн судасны төрөлхийн эмгэгшлийн улмаас тархины аалзан бүрхүүлийн дор цус харваж нас баржээ. 7. Талийгаач төрөлхийн архаг хууч өвчин болох тархины судасны эмгэгшилтэй байх ба энэ өвчний үед толгойн өвчний зовиур шаналгаа илэрдэг байсан байж болох ба зүрх өвдөх, дотор давчдах шинж илрэхгүй. ...9. Талийгаачийн тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт 2016 оны 12 дугаар сарын 25-нд үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хх-106-107/,

2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 241 дугаартай дахин шинжилгээ хийсэн шинжээчийн “...1. Талийгаач Б.Тын биед зүүн чихний дэлбээний ар хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 2. Талийгаач Б.Т нь тархины суурийн зүүн дунд тараагуур судасны төрөлхийн эмгэгшил өвчтэй байсан нь өөрт мэдэгдэхгүй байх боломжтой. ...6. Тархины суурийн зүүн дунд тараагуур судасны эмгэгшилтэй судас цохих, доргих үед гэмтэн тархины аалзан бүрхүүл дор цус хуралт үүсгэжээ. Зүүн чихний дэлбэний ар хэсгийн цус хуралт гэмтэл нь дээрх эмгэгтэй судас хагарахад нөлөөлсөн байна. 9. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт 100 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-118-119/,

2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 570 дугаартай хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн “...1. Талийгаачийн биед үүссэн зүүн чихний ар хэсгийн цус хуралт гэмтэл нь зүүн хацарт цохих, алгадах үед үүсэхгүй. Зүүн чихний ар хэсгийн цус хуралт гэмтэл нь тухайн хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Зүүн хацарт гэмтэл тогтоогдсонгүй. Харин мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн зүүн чихний ар хэсгийн цус хуралттай холбоотой тархины судасны эмгэгшилтэй судас гэмтэн аалзан бүрхүүл дор цус харвалт үүссэн байна. 3. Дээрх аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл үүссэний дараа ямар нэгэн идэвхитэй, ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй. 5. Урьд гаргасан №241 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-129-131/,

2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1100 дугаартай 7 эмчийн бүрэлдэхүүнтэй хавтаст хэргийн материалаар хийгдсэн шинжээчийн “...1. Талийгаач Б.Тын тархины суурийн зүүн дунд тараагуур судасны төрөлхийн эмгэгшил нь гэнэт өөрөө судас хагарч үхэлд хүргэж болно. 2. Талийгаачийн тархины орой, суурийн хэсгийг хамарсан тархмал аалзан хальсан доорх цус харвалт нь шинэ байх бөгөөд энэ нь богино хугацаанд үүссэн байж болно. 3. Талийгаач Б.Т нь тархины суурийн зүүн дунд тараагуур судасны төрөлхийн эмгэгшилтэй байсан байх ба ийм өвчтэй хүний судас хагархад цохилт, доргилт нөлөөлж болно. Толгойн хэсэгт хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой гэсэн дээрх шинжээч нарын гаргасан удаа дараагийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарын мэдүүлэг зэргээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрвээ шинжээч нарын дүгнэлт эргэлзээтэй, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүх ...дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэсэн заалтын дагуу анхан шатны шүүхээс шинжээч томилж, дахин дүгнэлт гаргуулах боломжтой юм. Иймд Э.Эод холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1644 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Э.Эын өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн хэрэгт 4 шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Анхны шинжээчийн дүгнэлтийг Ариунзул эмч тайлбарлахдаа хохирогчийн үхлийн шалтгааныг өвчнөөр нас барсан байна гэж дүгнэсэн байдаг. Дараа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр өмнөх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн байдаг. Өмгөөлөгч миний зүгээс шинжээчийн дүгнэлтүүдээс хүссэн хариултаа авч чадаагүй учраас шүүхээр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлье гэсэн саналтай анхан шатны шүүх хуралдаанд орсон. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Хохирогчийн үхлийн шалтгааны талаар олон шинжээч, мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлт нэгдэж байгаа тул шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү тархины судасны өвчинтэй байж болох ч цохиж, алгадаж, гар хүрээгүй бол хэд наслах вэ гэж би шинжээч эмчээс асуухад ахиад хорь, гучин жил амьдрах боломжтой гэж хэлсэн. Шинжээч эмч нар анхны шинжээчийн дүгнэлтээрээ л яваад байгааг ойлгохгүй байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгончимэгийн өмгөөлөгч Г.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие уг хэрэгт шүүхийн шатнаас эхэлж оролцсон. Хэргийн материалтай танилцан шүүхийн шатанд нөхөн бүрдүүлэх боломжгүй мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжид улсын яллагч эсэргүүцэл бичсэн. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй дөрвөн дүгнэлт байсан. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтдээ сүүлийн хоёр дүгнэлтийг талийгаачийг эмнэлэгт хүргэгдэн очих үед авсан компьютер томографийн зурагт үндэслэж гарсан гэдэг ч хэрэгт тийм зураг огт байдаггүй. Тэр зургийг сүүлд талийгаачийн ээж нь шүүх хурал болохын өмнө мөрдөгчтэй нэхэл дагал болж байж олж ирж хэрэгт өгсөн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтүүд нь ямар томографийн зурагт үндэслэж гарсан бэ, тэр зураг нь талийгаачийн зураг мөн үү үгүй гэдэг нь эргэлзээтэй байгаа. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд баруун, зүүн завжнаас хүзүү ороосон хөхөлбөр өнгийн дарагдлын оромтой гэдэг асуудал яригддаг. Энэ ором нь талийгаачийн гэрэл зураг дээр бас байдаг. Энэ асуудал нь гэмтэл юм уу, зүгээр ором юм уу гэдэг нь тодорхойгүй орхигдсон. Мөн талийгаачийн зүүн чихний ард учирсан цус хуралт гэмтэл тогтоогдсон байдаг. Энэ гэмтэл өөрөө эмгэгшилтэй судас хагарахад нөлөөлсөн, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж эхний гурван шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Сүүлийн долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд энэ асуудал байхгүй ба толгойн хэсэгт хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой гэж хальт хэлээд байх шиг байна. Уг дүгнэлтийн 1 дүгээрт нь тухайн эмгэгшил нь гэнэт өөрөө судас хагарч үхэлд хүрч болно гээд агуулга нь хоёр салаа утгатай болчихдог. Тэгээд долоон шинжээчтэй дүгнэлт гаргасан эмч нараас Энхбаяр эмчийг асуусан байдаг. Цусны эмгэгшил гэдэг нь ямар хэлбэртэй байдаг вэ гэхэд 2 хэлбэртэй байдаг, нэг нь цүлхэн хэлбэртэй, нөгөө нь судасны эмгэгшил хэлбэрээр байдаг. Гэтэл яг талийгаачийн том зураг дээр цүлхэн гээд байдаг зураг нь байдаг юм уу, яг судасны эмгэгшилтэй гэдэг энэ зургаар батлагдаж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Талийгаачийн ээж нь энэ томографийн зургийг эмчээс асуухад энэ зураг нь арван есөн настай хүүхдийн тархины зураг биш гэдэг зүйл ярьдаг. Ийм эргэлзээтэй зүйлүүд байдаг учраас Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн юм...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Э нь болгоомжгүй үйлдлийн улмаас 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 23:00 цагаас 00:46 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургуулийн 3 дугаар дотуур байрны 306 тоот өрөөнд Б.Ттай маргалдан түүний толгойн зүүн хэсэгт алгадаж цохисноос Б.Т нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэж, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.”, 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.”, 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ.”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж тус тус заажээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Эод холбогдох эрүүгийн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №100 /хх-105-106-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №241 дүгнэлт /хх-118-119-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 570 дугаартай дүгнэлт /хх-129-131-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1100 дугаартай дүгнэлт /хх-85-87-II/ нийт 4 удаа шинжээчийн дүгнэлт хийгдсэн байх ба дээрх дүгнэлтүүд нь компьютер томографийн дүрс оношлогоонд үндэслэгдсэн эсэх, шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримт болгон гаргаж өгсөн компьютер томографийн зураг нь хохирогчийнх мөн эсэх, хэзээний зураг болох, шинжээчид дүгнэлт гаргахдаа түүнийг ашигласан эсэх нь тодорхойгүй байх тул эдгээрийг тодруулсаны эцэст Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөс эмгэг анатоми судлал, компьютер томографийн эмч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын хамтарсан дүгнэлт гаргуулах, шүүгчийн захирамжийн заалтыг хангах нь хуульд нийцнэ. Компьютер томографийн зургийг мөрдөгч эд мөрийн баримтад тооцох эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шинжтэй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1644 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Э.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Д.МЯГМАРЖАВ