Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт О-н О-д холбогдох эрүүгийн 1935004430088 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 09-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Таван од ССТ-Од ХХК-ийн манаач ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11-37 тоотод оршин суух, улсын авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Ш овогт О-гийн О /РД:О/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.О нь Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутагт байрлах хохирогч С.О-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч С.О-ийн гэрээс эд зүйл хулгайлж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч О.Оыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутагт байрлах хохирогч С.О-ийн гэрээс 5 хос Өргөө хивс, тэмээний ноосон цамц, 0.75 литрийн “Алтантүрүү” нэртэй 1 шил архи алдагдсан болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10, 11-14-р тал/,

2. хохирогч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед хөдөө мал маллахад байрладаг гэрээсээ өвөлжөө дээр байсан гэр рүүгээ түлээ түлш бэлдэхээр эхнэр Ю.Х, миний төрлийн дүү Ю.Н нарын хамт гэртээ очиход манай гэрийн цоожийг эвдсэн байдалтай байхаар нь хаалгыг онгойлгож харахад цоожтой байсан авдраас миний өмсдөг байсан тэмээний ноосон цамц, 0,75 литрийн Алтантүрүү нэртэй 1 ширхэг архи, мөн хуйлаастай байсан 5 ширхэг хивс  алга болсон байсан. Тэгээд би гэрт хулгай орсон байна гээд сүлжээтэй газар очиж дуудлага өгөх гээд явж байтал манай багийн засаг дарга Д.Т гэх хүн таарч, би болсон явдлыг хэлэхэд Д.Т ах өөрийнхөө утсаар сумын цагдаад дуудлага өгсөн. ...Миний хулгайд алдсан хивс нь Өргөө нэртэй хивс бөгөөд 2017 онд нийт мөнгөн дүнгээр 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манайх өвөлжөөний гэрийнхээ шалыг будаад малын бэлчээрийн гэр рүүгээ явахдаа тухайн хивс болон гэрийн бусад зүйлээ эвхэж хураагаад явсан байсан. Будсан байсан шал дээр хүний гутлын мөр үүссэн байсан бөгөөд тухайн гутлын мөр нь тасархай өсгийтэй, монгол гутал гэмээр гутлын хоншоор хэсэг нь гурвалжин, өсгий хэсэг нь салангид /ээтэн гутал гэгддэг/ байсан. ...Манай гэрт байсан хивснүүдээс хуучин муу хивсийг нь үлдээгээд шинэ сайн гэсэн хивснүүдийг авч явсан байсан ба манайх Цагаан сараар гаргаж дэвсэж хэрэглэж байсан шинээрээ байсан хивснүүд юм. Хулгайд алдсан 5 хос хивсний 4 нь 2х1.5 метр хэмжээтэй, нэг хивс нь 2.4х2 хэмжээтэй байсан. Тэмээний ноосон цамцны хувьд 2018 онд 75.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хулгайд алдсан Алтантүрүү нэртэй архийг манайд хүн бэлгэнд өгсөн бөгөөд 15.000 төгрөгийн үнэтэй байх гэж бодож байна. ...Манай гэр боршоо голынхоо баруун талд нь байдаг. Манай гэр рүү ирэхэд дээд талаасаа хар замаас баруун гар талдаа салаад голоо дагаад шууд ирдэг зам байдаг. Доод талаасаа буюу Ч.Эын чацарганы талбайгаас 1 гол гатлаад шууд манайх руу ирдэг зам байдаг. Ч.Эын чацарганы талбайгаас манайх руу машинаар 30 минут явна. Тухайн зам нь бага зэрэг бартаа саадтай бөгөөд голыг машинаар гатлах боломжгүй, харин явган эсхүл морьтой гарах боломжтой. Харин явган явбал 2, 3 удаа гол гаталж явах бөгөөд 5-6 км явж ирнэ. ...Манай эхнэр сүүлд нь гэрийн хажууд байдаг цоожгүй амбаарт байсан шуудай гуталны шуудайг нь аваад гутлыг нь гаргаад хаячихсан байна гэхээр нь би харахад гутлыг нь гаргаад шуудайг нь авчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 42-43, 44-45-р тал/ ,

2. Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед манай гэрийн ойролцоо байдаг Х.П гэх айлын өвөлжөөний хажууд байтал мөн манайхтай айл хоршоо байдаг С.О надтай ирж уулзаад өвөлжөөн дээр байсан манай гэрт хулгай орж, эд зүйл хулгайлагдсан байна гэж хэлээд намайг утсаараа цагдаад дуудлага өгөөч гэхээр нь би Сагил сумын цагдаад дуудлага өгсөн юм. Би тухайн үед С.О-с танай гэрээс юу юу алга болсон бэ гэж асуухад 4-5 ширхэг хос хивс алга болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/, 

3. Гэрч Ю.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэгээд 5 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөр бид хоёр том гэрээ ирж харангаа түлээ түүхээр ирэхэд манай гэрийн цоожийг эвдэж орсон байдалтай байхаар гэр рүүгээ ороход манай гэрээс Өргөө нэртэй 5 хос хивс, манай нөхрийн бор өнгийн тэмээний ноосон цамц, авдарт байсан Алтантүрүү нэртэй 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд манай нөхөр цагдаагийн газарт өргөдөл гаргасан. ...Тухайн үед нөхрийнхөө хамтаар гарч гэрийн ойролцоо мөр хайж үзсэн боловч ямар нэг тээврийн хэрэгсэл, хүний явсан мөр анзаарагдаагүй..” гэх  мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

4. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С.О-ийн гэрт хулгай орсон талаар би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Тухайн үед манай хоёр гэрээрээ Баянбулаг гэдэг газар намаржиж байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Х-ын хамт ирж түлээ түүхэд С.О-ийн гэр цоожтой хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/-үүдээр нотлогдож байна.

Уг гэмт хэргийг шүүгдэгч О.О үйлдсэн болох нь:

1. хохирогч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх өвөлжөөний гэрийнхээ шалыг будаад малын бэлчээрийн гэр рүүгээ явахдаа тухайн хивс болон гэрийн бусад зүйлээ эвхэж хураагаад явсан байсан. Будсан байсан шал дээр хүний гутлын мөр үүссэн байсан бөгөөд тухайн гутлын мөр нь тасархай өсгийтэй, монгол гутал гэмээр гутлын хоншоор хэсэг нь гурвалжин, өсгий хэсэг нь салангид /ээтэн гутал гэгддэг/ байсан. ...Манай гэрт байсан хивснүүдээс хуучин муу хивсийг нь үлдээгээд шинэ сайн гэсэн хивснүүдийг авч явсан байсан ба манайх Цагаан сараар гаргаж дэвсэж хэрэглэж байсан шинээрээ байсан хивснүүд юм. Хулгайд алдсан 5 хос хивсний 4 нь 2х1.5 метр хэмжээтэй, нэг хивс нь 2.4х2 хэмжээтэй байсан. Миний хулгайд алдсан хивс нь Өргөө нэртэй хивс бөгөөд 2017 онд нийт мөнгөн дүнгээр 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан Тэмээний ноосон цамцны хувьд 2018 онд 75.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хулгайд алдсан Алтантүрүү нэртэй архийг манайд хүн бэлгэнд өгсөн бөгөөд 15.000 төгрөгийн үнэтэй байх гэж бодож байна. Манай гэр боршоо голынхоо баруун талд нь байдаг. Манай гэр рүү ирэхэд дээд талаасаа хар замаас баруун гар талдаа салаад голоо дагаад шууд ирдэг зам байдаг. Доод талаасаа буюу Ч.Эын чацарганы талбайгаас 1 гол гатлаад шууд манайх руу ирдэг зам байдаг. Ч.Эын чацарганы талбайгаас манайх руу машинаар 30 минут явна. Тухайн зам нь бага зэрэг бартаа саадтай бөгөөд голыг машинаар гатлах боломжгүй, харин явган эсхүл морьтой гарах боломжтой. Явган явбал 2, 3 удаа гол гаталж явах бөгөөд 5-6 км явж ирнэ. Манай эхнэр сүүлд нь гэрийн хажууд байдаг цоожгүй амбаарт байсан шуудай гуталны шуудайг нь аваад гутлыг нь гаргаад хаячихсан байна гэхээр нь би харахад гутлыг нь гаргаад шуудайг нь авчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 42-43, 44-45-р тал/ ,

2. гэрч Э.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед бид нар Увс аймгийн Сагил сумын Боршоо багт байрлах О.О-гийн манаачаар ажиллаж байсан газарт оройны 19 цаг өнгөрч байх үед очсон. Тэгээд О.О-гийн байрлаж байсан байр руу ороход О.О ахтай мөн манай 12-р багийн Г.Б гэх ах хамт байсан. Миний анзаарч харснаар О.О, Г.Ба нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Г.Баттулга ах илүү согтолттой байсан. Тэгээд Х.А ах Улаангомоос авч ирсэн архи, тамхиа өгсөн. Тэр үед О.О намайг гараад түлээ хагалад аваад ир гэхээр нь би гараад түлээ аваад орж ирэхэд Г.Б Х.А-ийн авч ирсэн 2 шил архины нэгийг нь задлаад тэнд байсан хүмүүст тойруулж байсан. Тэгээд тухайн задалсан архины талыг нь уугаад бүгд гарч чацарганаа түүхээр болоод О.О бид нарыг дагуулаад талбай руу ороод чацаргана түүх газрыг зааж өгөөд энэ газраас өөр газар руу орж болохгүй гэж хэлээд өөрөө буцаад гараад явсан. Тэгээд бид нар тус тусынхаа авч ирсэн саванд чацаргана түүж байтал О.О буцаж бид нар дээр ирээд задлаагүй үлдсэн 0.5 литрийн хэмжээтэй Улаанбаатар нэртэй архи задлаад ганц хоёр тойруулаад буцах гэтэл манай хадам ах Т би жаахан даараад байна. Чиний өргөөнд очиж дулаацмаар байна гээд хамт дагаад явсан. Хэсэг хугацааны дараа О.О байрныхаа гаднаас орилж, Х.А ахыг дуудахад Х.А ах тэр хоёр руу очсон бөгөөд мөн хэсэг хугацааны дараа намайг дуудахад тэр үед чацаргана түүж байсан манай эхнэр, Х.А эхнэр Н.З хоёр бид харанхуйд яаж хоёулаа үлдэх юм бэ бид хоёр бас хамт очно гэж хэлээд бид 3 хамтдаа байр руу явж ороход анх задалж байсан тал шил Ерөөл нэртэй архиа ууж байсан. Намайг байранд ороход О.О нэг уучих гээд 1 хундага архи өгөөд хоёулаа нэг уулзъя гээд намайг байрнаас дагуулж гараад “хэдүүлээ машинаар ойрхон газар руу явчихаад ирье” гэхэд нь би “ямар ажлаар явах гэж байгаа юм бэ?” гэж асуухад О.О “чи зүгээр хань болоод дагаад яв” гэж хэлсэн. Тэгээд буцаж байрандаа ороод О.О нь тэнд байсан Г.Б болон Х.А-ийн эхнэр манай эхнэр гурваас бусдыг нь дагуулж гараад Ц.Т-ийн машинаар явсан юм. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан бөгөөд гадаа харанхуй байсан болохоор хаашаа явж байгаа нь надад мэдэгдээгүй. Миний анзаарснаар нэг удаа гол гаталж, цааш явах зам чиглэлийг О.О зааж өгч байсан. 20 минут орчим яваад О.О жолооч Ц.Т-г замаас гараад зогсчих гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоосны дараа О.О жолооч Ц.Тулгаа ах бид хоёрыг энд хүлээж бай гэж хэлээд Х.А-г дагуулаад явсан. Тэгээд 30-40 минут орчмын дараа хаанаас нь мэдэхгүй Х.А ах жолооч талын арын хаалгаар орж ирээд суухад би Х.А ахаас О.О ах яасан юм бэ гэж асуухад миний араас ирж байгаа гэж хэлсэн. Удалгүй О.О ирээд жолооч Т ахыг арын тээшээ онгойлгоод өгчих гэж хэлж байх үед би арын суудал дээр сууж байсан болохоор эргэж харахад цагаан өнгийн шуудайтай 1 ширхэг хөнгөн чанарын зүйл хийгээд мөн дахин 2 м урттай хуйлаастай зүйл хийгээд дахин хавтгай дөрвөлжин юм хийгээд тээшээ хаасан юм. Тэгээд О.О машины урд суудалд орж ирж суугаад “за одоо буцъя” гэж хэлээд машин хөдлөхөд би О.Ооос “таны авч ирсэн зүйлс юу юм бэ? хаанаас авсан юм бэ?” гэж асуухад “чамд ямар хамаатай юм бэ?, би хүнээс авсан зүйлээ аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд би дахиж янз  бүрийн зүйл асуугаагүй. Бид явсан замаараа буцаж явсаар 20 минутын дараа чацарганы талбай дээр ирсэн. Маргааш өглөө 6 цагийн үед бид нар түүсэн чацарганаа аваад Улаангом сум руу явахаар болоход О.О ах би та нартай хамт Улаангом руу явна гээд хамт явсан бөгөөд өглөө 8 цаг өнгөрч байхад бид Улаангомд ирсэн бөгөөд О.О ахыг хамгийн түрүүнд гэрийнх нь ойролцоо буулгахад О.О машинд анх оруулж тавьсан зүйлээ аваад буусан. Тэр зүйлийг харахад хуйлаастай, цагаан шуудайтай зүйл байсан. О.О ах тухайн үед хар өнгийн куртиктай, угалзан хээтэй, шар цоохор өнгийн ээтэн хоншоортой гутал байсан юмаа” гэх мэдүүлэг /хх-ийн 53-58-р тал/,

6. гэрч Н.З-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед би юм мэдээгүй. Сүүлд нөхөр Х.А цагдаагийн байгууллагад шалгагдсаны дараа асуухад О.О айлаас очоод ачаа аваад ирье гэж дагуулаад явсан гэж хэлсэн. Тэгээд нэг айлын хажууд очоод манай нөхөр Х.А-г холхон зогсоогоод чи энд байж бай, би орчихоод ирье гэж гэр рүү ороод цагаан өнгийн шуудайтай зүйл, хуйлсан хивс аваад гараад ирсэн гэж хэлсэн бөгөөд тухайн үед би О.О-г айлын гэрээс хулгай хийсэн талаар мэдээгүй. Авах ёстой зүйлээ авч байна гэж бодсон. Тухайн үед их харанхуй байсан гэж хэлсэн. Сүүлд О.О өөрийн хүргэн ахтайгаа хамт манай гэрт ирэхээр нь манай нөхөр Х.А “чи айлаас хулгай хийсэн юм бол өөрөө цагдаагийн байгууллагадаа шалгуул” гэж хэлсэн. Би та нарыг чирвэл хамт шалгуулна гэж хэлсэн. Би та нарыг хараад байгаа болохоос аль эрт та нарт тохоод явуулж чадна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар айгаад ямар нэгэн зүйл хэлж чадаагүй. Манай нөхөр Х.А О-ийн хулгай хийсэн үйлдэлд оролцоогүй, түүнд тийм шаардлага ч байгаагүй. Бид нар О.Оы хулгайлж авсан эд зүйлийг хувааж авсан зүйл байхгүй. 2019 оны 12 дугаар сард О.О бид нар хамт Ч.Э-ын талбайд чацаргана түүж байхад түүний эхнэр Ц гар утсаар ярьсан бөгөөд би хажууд нь ойрхон байсан болохоор юу гэж ярьсан нь надад сонсогдсон. Ц нь “хэргээ хүлээхээр яадаг юм бэ?” гэх утгатай үг хэлэхэд нь О.О тэгж болохгүй урьд нь энд гарсан хэрэг надад тохогдож магадгүй юм шиг байна гэж хэлсэн. Түүний ярьсан яриаг би сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,

7. гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О.О, Э.Ц, жолооч Ц.Т бид нарыг “ойрхон нэг газар руу яваад ирье” гэж хэлээд дагуулаад гарсан юм. Тэгээд Тулгаа машин бариад О.О өөрөө зам заагаад явсан. Тухайн үед харанхуйд миний анзаарч харснаар гол өгсөөд дээшээ чиглэлтэй явсан. Миний баримжаагаар 30-40 орчим минут яваад О.О Ц.Т-г энд замаас гараад зогс гэж хэлэхэд Ц.Т зогссон юм. Тэр үед О.О намайг дуудаад хоёулаа хамт яваад ирье, Т, Ц хоёрыг “та хоёр машиндаа бид хоёрыг хүлээж бай” гэж хэлээд явсан юм. Тэгээд О.О миний хажууд харанхуйд баруун гар талдаа дугуйн дорцов түлхүүр барьчихсан явж байсан. Тэгээд явж байтал мод бураатай газар харагдаад өвөлжөөтэй айл харагдаад ойртож очиход О.О намайг “чи гэрийн гадна алсын бараа хараад зогсож бай, янз бүрийн чимээ гарвал мэдэгдээрэй” гэж хэлээд тэр айл руу яваад удаагүй байж байтал ямар нэгэн төмөр харгах чимээ гарсан. Тэгээд хараад зогсож байтал О.О тэр айлын хаалга нээж ороод удалгүй юм гаргаж ирээд тавьсан зүйлээ аваад над руу эргээд явсан юм. Тэгээд над руу ирээд цагаан шуудайтай зүйлээ надад бариулаад өөрөө 2 м урттай хуйлаастай хивс шиг зүйл байсан ба тэрийгээ бариад явсан. Би түрүүлж алхаад машин дээрээ ирээд цагаан шуудайтай зүйлийг машины тээшинд хийгээд машинд ороод суусны дараа О.О миний араас ирсэн юм. Тэгээд О.О машинд ороод суусны дараа Э.Ц О.Ооос “таны авч ирсэн зүйл юу юм бэ?” гэж асуухад “чамд ямар хамаатай юм бэ? би айлаас авах ёстой зүйлээ авч байна” гэж хэлээд жолооч Ц.Т суудал дээрээ унтаж байхад нь би сэрээгээд явъя гэж хэлсэн. О.О буцаад ирсэн замаараа явна гээд замаа заагаад явсан. Тэгээд шууд чацарганы талбай дээр ирээд Н.Цогтбаатар бага зэрэг чацаргана түүгээд савтай чацаргана гаргаж ирээд машинд хийгээд явах гэтэл О.О “би та нартай хамт аймаг орно, Г.Б ахтай уулзаад маргааш ирнэ” гэж хэлээд явсан. Тэгээд бид нар өглөөний 06 цагийн үед тэр газраас хөдлөөд Улаангомд 8 цагийн үед ирсэн. Тэгээд О.О-ыг гэрийнх хойд талд буулгахад машины арын тээшнээс нөгөө айлаас авсан зүйлүүдээ аваад явсан юм. О.О надад тухайн үед эзгүй айлаас эд зүйл авна гэж хэлээгүй, зүгээр л айлаас авах ёстой юмаа авна гэж хэлж байсан. Тэр үед О.О цоохор өнгийн угалзтай хар өнгийн резинэн ултай гуталтай, хар өнгийн куртиктай явсан. О.О надтай тэр өдрөөс хойш 11 дүгээр сарын 20-ны үед холбоо барьсан юм. Яг хэзээ утсаар ярьсныг нь сайн санахгүй байна. Чамаас ямар нэгэн хүн юм асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлээд утсаа тасалсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/ -үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч О.О нь хохирогч С.О-ийн монгол гэрээс 5 хос Өргөө хивс, тэмээний ноосон цамц, 0.75 литрийн хэмжээтэй Алтантүрүү нэртэй 1 шил архи зэргийг нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

“Гэрэгэ эстимейт” ХХК-ий 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/205 дугаартай “2019 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Сагил суманд 5 хом өргөө хивс 536.000 төгрөг, тэмээний ноосон эрэгтэй хүний цамц /хуучин/ 50.000 төгрөг, 0.75 литрийн “Алтантүрүү” архи 14.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.

Монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр бөгөөд прокуророос хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.О нь тухайн гэмт хэргийг үйлдэж, хулгайлсан эд зүйлээ өөрийн мэдэлдээ бүрэн авсны дараа буюу гэмт хэрэгт төгссөний дараа уг эд зүйлийг иргэн Ц.Тулгаагийн авто машинаар тээвэрлэсэн тогтоогдож байгаа тул түүнийг машин механизм ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй.

Тухайн автомашинд хамт явсан Э.Ц, Ц.Т, Х.А нарт шүүгдэгч О.О нь “айлаас авах ёстой зүйлээ аваад явж байна” гэж хэлж итгүүлсэн нь нотлогдож байгаа тул тэднийг энэ гэмт хэрэгт оролцоогүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч О.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “энэ гэмт хэргийг би үйлдээгүй, гэрчүүд худал мэдүүлж байна” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч болон гэрчүүдийн хооронд урьд өмнө нь өр авлага, өш хонзонгийн харилцаа байгаагүй, гэрч нар энэ хэрэгт хувийн сонирхолгүй болох нь тогтоогдож байгаа тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт гэж шүүх дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус зааснаар 300.000 төгрөг хүртэл хэмжээг бага хэмжээний хохиролд хамаарна.

Энэ гэмт хэргийн улмаас 600.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээний хохиролд хамаарч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: -“Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж тодорхойлсоны дагуу энэ үйлдэл нь гэмт хэрэг болно.

Иймд шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч О.О-гийн нууц далд аргаар авсан хохирогч С.О-ийн “5 хос Өргөө хивс нь 536.000 төгрөг, тэмээний ноосон цамц нь 50.000 төгрөг, 0,75 литрийн хэмжээтэй Алтантүрүү нэртэй 1 шил архи 14.000 төгрөгийн үнэтэй болох нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-р тал/-ээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 600.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч нар шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч хохирогч С.О-д учирсан хохирол болох 600.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.О нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

шүүгдэгч О.О-ийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч С.М-ийн “...О.О нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Сагил сумын нутагт чацарганы талбайн манаачаар ажилладаг, тус аймгийн Улаангом сумын 12-р багт амьдардаг. Тэрээр хүүхэд байхдаа даруу төлөв зантай, аав ээжийн үгнээс гардаггүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ямар нэгэн муу зуршилгүй ажилсаг хүүхэд байсан. Түүний хувьд сургуульд сурч байгаад 2, 3 дугаар ангиасаа гарчихсан, боловсролгүй, мэргэжилгүй. О.О нь эхнэр Цтай 2008 онд байх гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш ооог хүртэл хамт амьдарч байгаа, гэр бүл болсноос хойш 3 хүүхэдтэй болсон. ...О.О нь зан байдлын хувьд төлөв даруухан, дуу цөөтэй, хүний үгэнд ордог ажилсаг, тусархуу, эелдэг боловсон, нөхөрсөг харилцаатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р тал/, гэрч Э.Ц-ийн “...Миний нөхөр О.О нь 2015 оноос хойш Увс аймгийн Сагил сумын нутагт байрлах Эрдэнэбаатар гэгчийн чацарганы талбайд манаачаар ажилласан. Сарын 350.000 төгрөгийн цалинтай, сар бүр тогтмол цалин олгодоггүй, өөр өөрөөр цалин ордог, би хувиараа Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт зах дээр оймс, арвайн гурил зардаг, манайх 7-13 насны 3 хүүхэдтэй бөгөөд Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байнга оршин сууж амьдардаг. О.О нь төлөв даруухан зантай, дуу цөөтэй, хүний үгэнд ордог, ажилсаг тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тайван дөлгөөхөн зантай, ямар нэг муу зуршилгүй, хүүхдүүд болон надтай хэвийн харилцаатай, зодож, цохиж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйлээс болоод хэрэгт орчих гээд байдаг, өөр ямар нэгэн муу зуршил байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Иймд шүүгдэгчийн хулгайлж авсан эд зүйлийн үнэ болох 600.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч О.О-оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.О-д хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт О-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч О.О-д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 төгрөгийг шүүгдэгч О.О-гийн хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ГАНСҮХ