| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00077/Э |
| Дугаар | 00075 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Аод холбогдох эрүүгийн 2032000000086 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, энхэр, хүүхдийн хамт *тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, /*/ Сартуул овогт Энхбаярын А.
Яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Э.А нь 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр буудлын орчим Г.НЭтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, баруун хөлийн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Г.НЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Хөзөр тоглож дуусчихаад юм ярьж сууж байгаад А бид хоёр маргалдсан. А бид хоёр сүүлдээ зодолдох гээд ширээний наана цаанаас босч ирэхэд хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Энэ үед Аыг чи надаар цохиулж мөнгө нэхэх гээд байгаа гуйлгачин байна шдээ гэсэн чинь А гэрээс гүйгээд гарсан. Удалгүй бид нар явах гээд би түрүүлээд гэрээс дөнгөж гартал А гэрийн хаалганы үүдэнд таараад шууд миний баруун хөлний гуя орчим хутгалсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Т.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Хөзрөө тоглож дуусаад тарах үед НЭ, А хоёр бие биенээ үгээр идэж хэмлэж байгаад сүүлдээ хэрүүл маргаан болоход А ширээгээ түлхээд босож ирснээ уйлаад гараад явсан. Учир нь НЭ Аыг гуйлгачин, гичий, нохой гэх зэргээр элдвээр хэлээд байсан. Тэгээд удалгүй НЭ гэрээс гарсан. Араас нь бид нар гарах гээд байж байтал гэрийн гадаа үүдэнд А НЭийг хутгалчихлаа гэхээр нь бид нар гарч НЭийг гэр лүү оруулсан. Зүүн хөл нь хутганд хатгуулсны улмаас цус гарч байсан тул хөлийг нь даавуугаар боож цусыг тогтоогоод эмнэлэг явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт: ...
1. Г.НЭийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/
Э.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тоглож дуусаад тарах үедээ бид нар хоорондоо тоглож шоглоод бие биенээ үгээр идсэн. Тэр нь сүүлдээ хэрүүл маргаан болоод НЭ намайг хар янхан, ал, гөлөг, гэх зэргээр элдвээр хэлээд байхаар нь би олон удаа наад үгийг чинь сонсохгүй шүү ах аа гэхэд НЭ чи муу тэгээд яадаг юм гуйлгачин минь гэхээр нь миний шар хөдлөөд уйлж гарч яваад машиндаа гарч суусан. Машин дотор суудлын хажууд ээжийн надад авч өгсөн хутганы иж бүрдэл байхаар нь би тэндээс нь хар өнгийн иштэй нэг хутгыг нь аваад НЭийг айлгах санаатай гэр лүү явтал НЭ ах өөдөөс гарч ирэхээр нь би баруун хөлийн гуяыг нь хутгатай гараараа савж зүссэн. Тэгээд хутгаа тэр хавьд шидсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-7 дугаар хуудас/
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 44 дугаар хуудас/, Шүүгдэгч Э.Аын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас/ ХХ-ийн 36 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.А нь 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр буудлын орчим Г.НЭтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, баруун хөлийн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.НЭий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/, Гэрч Т.Эбгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/, Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-7 дугаар хуудас/, Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.Аыг 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр буудлын орчим Г.НЭтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, баруун хөлийн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурор, түүний саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 750,000 /Долоон тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар Э.Аыг зан үйлээ засах сургалтанд 06 сарын хугацаанд хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 12.5 см урттай, хар өнгийн хуванцар иштэй, 19.2 см урттай ажлын хэсэг бүхий нийт 31.7 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Энхбаярын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 750 нэгж буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Аын торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар Э.Аыг зан үйлээ засах сургалтанд 06 сарын хугацаанд хамрагдахыг үүрэг болгосугай.
6. Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг 12.5 см урттай, хар өнгийн хуванцар иштэй, 19.2 см урттай ажлын хэсэг бүхий нийт 31.7 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.