| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/00515/И |
| Дугаар | 181/ШШ2017/00404 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2017/00404
| 2017 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 181/ШШ2017/00404 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хариуцагч
биелүүлж, зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25 гудамжны 504 тоотод оршин суух, Дайртан овогт Нямжавын Мөнхбаяр /РД:ЦЖ66090211/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 12/2 байрны 32 тоот хаягт оршин суух, Монгол овогт Түншийн Мөнхчулуун /АЭ:72031477/-д холбогдох
10 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ: Би 2014 оны сүүлээр БНХАУ-ын Эрээн хот руу гарч бараа материал авахаар Замын-Үүдэд очиход Гаалийн ерөнхий газрын Зөрчлийн газрын дарга Мөнхчулуунтай нэг буудалд бууж тэндээ хоносон.
Тэр үед Мөнчулууны танил Цэен гэдэг эмэгтэй надаас 15,5 сая төгрөг буюу 50 000 ( тавин мянга) юань 3 хоногийн хугацаатай зээлээч гэж гуйхаар нь би сайн танихгүй хүнд мөнгө өгмөөргүй байсан тул Мөнхчулуунаас асуусан юм. Гэтэл Мөнхчулуун Цэенд мөнгө зээлдүүлчихээ гайгүй хүн, ажил төрөлтөй тэгээд ч намайг энд байхад арай ч дээ өгчих байлгүй дээ гээд байхаар нь Мөнхчулуунд итгээд Цэенд 50 000 юань өгсөн юм. Би 2014 оны 12 дугаар сарын 20-нд хилээр гарч Эрээн хотоос бараа авчирсан ба 3 хоног өнгөрөөд Цэенгээс мөнгөө нэхэхэд одоохон өгнө хүнээс мөнгө авна гээд өдөр хоног өнгөрөөсөөр эцэстээ утасаа авахгүй болсон. Би тэр хүнийг сайн танихгүй болохоор Мөнхчулуунд уурлаж чи тэр Цэенгээсээ миний мөнгийг олж авдаг юм байгаа биз би чамайг өгчих өө гэхээр чинь өгсөн чи миний мөнгийг өг гэж муудалцсан. Мөнхчулуун нь эхлээд зөвшөөрөхгүй Цэен цувуулаад мөнгийг чинь өгнө гэсэн гээд байхаар нь би хотод ирж уулзаж уурлаж байгаад 5 000 000 (таван сая) төгрөг авсан. Үлдсэн 10.5 сая төгрөгөнд нь хурдан хонгор зүстэй азаргыг чинь авлаа гээд тохиролцсон байсан.
Гэвч Мөнхчулуун нь энэ асуудлыг эхнэр мэдээд адуу мал авах хэрэггүй мөнгөө олж ав гэж гэр бүлийн хэрүүл болоод байгаа тул би Мөнхчулуунаас 10 500 000 (арван сая таван зуун мянга) төгрөг нэхэмжилж байна. Учир нь Мөнхчулуун надад 5 000 000 (таван сая) төгрөг өгч үлдэгдэл 10 сая төгрөгт нь азарга өгөхөөр зөвшөөрсөн байсан үед надаас мөнгө зээлээд өгөөгүй Цэен гэдэг эмэгтэй Мөнхчулуунд уг мөнгийг цувуулан өгч дуусгасан юм байна лээ.
Иймд 50 000 ( тавин мянга) юанийг тухайн үеийн ханшаар бодоход 15 500 000 ( арван таван сая таван зуун мянга) төгрөг болж байна. Би 5 саяыг нь авсан тул одоо Т.Мөнхчулуунаас 10 500 000 (арван сая таван зуун мянга) төгрөг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Би 2014 оны сүүлээр Замын-Үүдэд ажилаар явж байгаад буудалд Н.Мөнхбаяртай тааралдаад ярьж хөөрөөд сууж байтал тэндхийн гаальд ажилдаг Цэен ирж таараад Цэен нь Н.Мөнхбаяраас 50,0 юань богино хугацаатай зээлээч гэсэн юм билээ.
Гэтэл Н.Мөнхбаяр надаас асуугаад, Цэен мөнгө зээлээч гээд байна би сайн мэдэхгүй хүнд мөнгө өгмөөргүй л байна шүү гэхээр нь би наад хүн чинь ажил төрөлтэй алга болчих хүн биш хэлсэндээ өгөх байлгүйдээ гэж хэлсэн чинь Н.Мөнхбаяр, за чамд итгэж өглөө шүү гэж байсан. Тэгээд нилээн хугацаа өнгөрчний дараа Н.Мөнхбаяр надруу ярьж, нөгөө Цэен гэдэг хүн чинь миний мөнгийг өгнө гэж худлаа яриад байнаа, чи хэлж ярьж олж өг, эсвэл чамаас би мөнгө авна гээд (жил гаруй хугацаа) уурлахаар нь би Цэенлүү ярьж Н.Мөнхбаярын мөнгийг одоо болтол өгөөгүй юм уу, надаас авна гээд байна. Чамд л итгэж танихгүй шахуу хүнд мөнгө өгсөн гэж байна гэж яхьсан. Н.Мөнхбаярын нэхэмжлэлд дурдсанчлан Цэен түүний мөнгийг өгөхгүй удаасан, цувуулж авахгүй гэж дургүйцаад надаас 5,000,000 төгрөг авсан болон миний хурдан азаргыг үлдэгдэл 10,500,000 төгрөгөөр бодож авахаар тохиролцсон зэрэг нь бүгд үнэн. Би Н.Мөнхбаярд Цэенд мөнгө зээлэхэд хаширлаад байх зүйлгүй өгчих байлгүй гэж хэлээд 50,0 юань өгүүлсэн тул түүнд Цэенгийн өмнөөс тооцоог нь дээр дурдсанчлан хийж байгаа болохоор Цэен надад цувуулж 2015 оны 9 сарын 12 ноос 2016 оны 1 сарын дунд хүртэл хугацаанд 15.500.000 төгрөгийг нь миний хүү Эрхэсийн дансаар шилжүүлж өгсөн болно. Н.Мөнхбаярын нэхэмжлэлд дурдсанаар 10.500.000 төгрөгөнд азрага авахаар тохирсон асуудлыг эхнэр нь мэдээд гэр бүлд маргаан үүсч мөнгөө олж ав гээд байгаа тул уг тохиролцооноос буцаж, надаас 10.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй. Учир нь би ийм тохиролцоо хийчихсэн гээд Цэенгээс цувуулж өгсөн мөнгийг хувьдаа хэрэглэсэн байсан юм. Н.Мөнхбаярыг би надтай уулзаж учир зовлон яриад 5.000.000 төгрөг авахдаа бичлэг хийж байна гэж бодсон ч үгүй. гэхдээ хүн өр авлага, мөнгө төгрөгөө олж авах янз бүрийн арга хэрэглэх нь түүний эрх байх л даа, үүнд эмзэглэх зүйлгүй. Би өөрийн төрсөн дүүгээсээ 7.000.000 төгрөг зээлж, Н.Мөнхбаярт 2017 оны 02 сарын 03-ны өдөр 7.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, үлдэгдлийг нь 3 сарын дотор барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Мөнхбаяр нь хариуцагч Т.Мөнхчулуунд холбогдуулан 10 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Мөнхчулуун нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 500 000 төгрөгнөөс 7.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Н.Мөнхбаярт хүлээлгэн өгч, үлдэх 3.500.000 төгрөгийг 2017 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хариуцагч биелүүлж, зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Мөнхчулуун нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 500 000 төгрөгнөөс 7.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Н.Мөнхбаярт хүлээлгэн өгч, үлдэх 3.500.000 төгрөгийг 2017 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийн тал хувь 91 475 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас, хариуцагч Т.Мөнхчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 91 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО