Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т овогт Б-н Нд холбогдох эрүүгийн 2035000000112 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Могол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Увс аймгийн Өлгий сумын ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-ийн Н.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан О.И-тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Итэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодсон болох нь:

хохирогч О.Иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар 26-ны өдөр Б.Анхбаяр бид хоёр манай гэрийн гадна очсон. Тэр өдөр манай гэрт хадам ээж ирчихсэн байсан тул би гэртээ оролгүй гэрээсээ охиноо дуудаж хувцсаа солиод ягаан өнгийн даавуун дээл өмсөж бид хоёр гэрийн гаднаас Б.А-ын гэрт очих гээд явж байгаад Б.А Б.Н руу утсаар залгахад Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэнж хороололд байна хүрээд ир гэж хэлэхээр нь бид хоёр хамт очиход эзэнгүй хоосон хашаанд А.Б, Г.Э, Б.Н нар “ARKHI” гэсэн бичиглэлтэй 0,5 литрийн хэмжээтэй 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд Б.А машинд байсан “EDEN” нэртэй 0,75 литрийн хэмжээтэй задалчихсан хагас шил архийг машинаас гаргаж өгч байсан. Тэгээд би согтсон тул түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Б.Н миний дээр гарчихсан гараараа миний хоолой боож багалзуурдаж байсан. Тэгээд би Б.Ныг түлхэж унагаагаад босох гэхэд Б.Н миний толгойн орой хэсэгт архины шилээр цохиж, тэр үед миний толгойноос цус гарахаар нь би гараараа дараад тэр хашаанаас зугтан гарч хойд талын гудамжны доод өнцөгт очоод сумын цагдаа руу өөрийн утсаар залгаж дуудлага өгсөн. ...Миний толгой хагарч оёдол тавиулсан, баруун нүд хөхөрсөн байдалтай байна. Би аймгий нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор миний биед өвдөж зовиурлах зүйл байхгүй. Б.Н бид хоёр үе тэнгийн  найзууд тул надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Эрдэнэпүрэв “Эзэнгүй хашаан дотор Идэрмөнх, Насанбат нар архи уугаад үлдсэн” гэж хэлэхээр нь би “Согтуу хүмүүсийг үлдээж болохгүй. Гэрт нь хүргэж өгье” гэж хэлээд очихоор явж байтал архи ууж байсан хорооллын адагт О.И зодуулсан байдалтай, нүд, нүүр нь хавдсан, толгойноос нь цус гарчихсан сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

Гэрч Г.Эрдэнэпүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Эзэнгүй хашаан дотор архи ууж байгаад Б.Анхбаяр, А.Баттулга бид нар явахад Идэрмөнх, Насанбат нар үйлдсэн. Б.Анхбаярын машиныг гэрт нь хүргэчихээд буцаад ирэхэд О.И гудамжинд зодуулчихсан байдалтай байсан бөгөөд Цагдаа нар ирчихсэн байсан болохоор юу болсон талаар асууж тодруулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Эзэнгүй хашаан дотор архи ууж байгаад Б.А, А.Б бид нар явахад И, Н нар үлдсэн. Б.Аын машиныг гэрт нь хүргэчихээд буцаад ирэхэд О.И гудамжинд зодуулчихсан байдалтай байсан бөгөөд Цагдаа нар ирчихсэн байсан болохоор юу болсон талаар асууж тодруулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны орой 20:00 цагийн үед О.И над руу залгаад “Би зодуулчихлаа. Хүрээд ир” гэхээр нь Б.А бид хоёр сумын Эрүүл мэндийн төв дээр очиход О.И эхнэр болон П.Н эмч нарын хамт Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явах гэж байсан. Юу болсон талаар асуухад “Б.Н намайг зодчихлоо” гэж хэлсэн бөгөөд баруун нүд орчим нь хавдаж, толгойд нь оёдол тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Э, А.Б бид гурав эзэнгүй айлын хашаанд архи ууж байтал Б.А, О.И нар согтуу ирээд И хагас шил архи гаргаж ирээд намайг хундгалчих гэхээр нь би хундагалахад Э, А.Б, Б.А нар уг архинаас уухгүй хашаанаас гараад явчихсан. Би тэд нарыг явсны дараа О.И “Чи надаас 3 анги доор төгссөн байж яагаад надаар архи хундагалуулж байгаа юм бэ?” гээд маргалдаж байгаад хагас шил архийг нь шидээд өгөхөд толгойныхон орой хэсэгт нь оногдсон. Толгойноос нь цус гарч байхад Идэрмөнх намайг заамдаж аваад толгой руу гараараа цохихоор нь би И-н нүд орчимд гараараа цохиход намайг түлхэж унагачихаад цагдаа дуудна гээд хашаанаас гараад явсан. Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. О.И-с уучлалт гуйж, эвлэрсэн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж өөрөө хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн “О.Иийн баруун хацрын гайморын хөндийн дотно хана, зүүн хацрын гайморын хөндийн урд хананы хугарал, баруун гайморын хөндийд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, толгойн оройн хэсгийн хуйханд шазарсан шарх, баруун гарын алганд зулгаралт, цээж, зүүн мөрний үений урд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хацрын гайморын хөндийн дотно хана, зүүн хацрын гайморын хөндийн урд хананы хугарал, баруун гайморын хөндийд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, толгойн оройн хэсгийн хуйханд шазарсан шарх, гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 39-41-р тал/-ээр хохирогч О.Иийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч О.Иийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 52-р тал/-аар тогтоогдож байна

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.У-ийн өгсөн: “Миний нөхөр Б.Н төлөв даруу зантай, хүнтэй эелдэг зөөлөн харилцаатай, үг дуу цөөтэй, хүнд тусархаг, гэр бүлдээ хайр халамж сайтай, бараг ууралдаггүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/, Гэрч Б.Ц-ийн өгсөн: “Бид нар ах 5-уулаа бөгөөд Б.Н хамгийн том ах юм. Манай ах Б.Н нь даруухан төлөв зантай, ажилсаг хөдөлмөрч, хүнд тусархуу хүн юм. Архи дарсыг хааяа нэг хэрэглэдэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчтай тохиролцож ирсэн  торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Н-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-н Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Н-д 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 литрийн архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ