Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/00442

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/00442

       Улаанбаатар хот

 

                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ц.Ц -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗГ-т холбогдох,

мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын  нөхөн төлбөрт 7 355 808 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмлжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би улсад 40 жил ажилласан. Үүнээс уул уурхайд 18 жил ажилласнаас 11 жилд нь газрын дор хүнд нөхцөлд , төрд 20 жил тус тус ажилласан.1959 онд газрын дор хүнд нөхцөлд ажиллаж байхдаа 4 метрийн өндрөөс унаж, хөндлөн модон дээр тээглэж унахдаа эвэрхийтэй болсон. Эвэрхий 2010 онд дахисан 3 дугаар эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон, одоо ч бас эвэрхий маань ахисан байгаа. 2012 онд ажилд явж байхдаа унаж хөл хугарсан, бие эрхтэнүүдээрээ хохирч байна.   

Уул уурхай, үйлдвэрийн яамны шийдвэрээр ашигт малтмапын ордуудын нөөц тогтоох нарийвчилсан хайгуулын ажлуудад шаардлагатай хайгуулын гүний далд уурхайнуудыг малтаж, уулын отрядад ажиллаж байсан миний бие нөхөн төлбөрөө авч чадаагүй өдийг хүрсэн юм.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51- 70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 capын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан байдаг.

Миний бие хөдөлмөрийн чадвараа 70% алдсан тул Ц.Ц надад 9 сарын нөхөн олговорт 7 355 808 төгрөгийг Монгол улсын засгийн газраас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно”, 97.4.-т “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болногэж тус тус заасан.

Энэ нь Засгийн газар нөхөн төлбөрийг олгож ч болно, олгохгүй ч болно гэсэн заалт юмаа. Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд 2012 оны 45 дугаар тогтоолын дагуу нэр бүхийн 42 иргэнд 11 793 600 төгрөгийн нөхөн төлбөрийг  төсвийн мөнгөнөөс олгосон.

 Энэ хүмүүс дотор Ц.Ц гуай байгаа бөгөөд 280 800 төгрөгийг түүнд олгох тухай шийдвэр гарсан байна. Ц.Ц гуай энэ мөнгийг аваагүй гэж байгаа боловч Засгийн газар  дээрх тогтоолоор олгосон болох нь тогтоогдож  байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Шүүх хуралдаанаар  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч ЗГ т холбогдуулан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын  нөхөн төлбөрт 7.355.808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч ЗГ мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын  нөхөн төлбөрийг өөрийн боломжоор 280 800 төгрөгийг 2012 онд олгосон тул дахин олгохгүй гэж маргажээ.

 Ц.Ц нь Хөвсгөл аймаг дахь Геологи хайгуулын товчоонд 1965 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр уулын ажилчнаар ажилд орж Хөвсгөл дах Геологи удирдах газраас Хөдөлмөрийн дэвтрийг олгожээ./хх-ийн 39-41-р хуудас/

Улмаар 1966 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс тус аймгийн Геологи хайгуулын товчоонд уулын  мастераар, 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Чойр дахь Хайлуур жоншны экспедицид уулын мастераар, 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Т.Э.Х.Ү.Г яамны харъяа уулын механикжсан ангид уулын ээлжийн мастераар тус тус ажиллаж байгаад 1975 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 019895 тоот актаар группэд оржээ./хх-ийн –р хуудас/

1978 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 027289 тоот актаар группээс гарч 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Олон улсын геологийн Монголын Товчоо, Монгол-Чехословакийн хамтарсан үйлдвэрт тусгай төхөөрөмжийн жолооч, кранистээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна. /хх-ийн 39-41, 42,56–р хуудас/

Нэхэмжлэгч Ц.Ц нь: мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас

-/уушиг тоосчих өвчний 1 дүгээр үе, уушигны идэвхитэй сүрьеэ хавсарсан, уушиг зүрхний дутагдлын 2 дугаар үе  61-65, гэсэн оноштойгоор/ хөдөлмөрийн чадвараа 65% алдсан болох нь  2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2135 дугаартай “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”,

- /уушиг тоосчих өвчний 2 дугаар үе, уушиг зүрхний дутагдлын 1-2 дугаар үе, уушиг тэлэгдэлт, гялтангийн наалдац 70-80,  гэсэн оноштойгоор/ хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болох нь  2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаартай “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар тус тус тогтоогдож байна./хх-ийн 42,56-р хуудас/

“Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т “Улсын болон орон нутгийг төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд татан буугдсан ... тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Ц нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын  нөхөн төлбөрийг Засгийн газраас нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны “Нөхөн төлбөр олгох тухай” 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011 онд нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулах явцад аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан авах эрх нь үүссэн боловч судалгаанд бүрэн хамрагдаагүй үлдсэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хавсралтад нэр заасан 42 иргэнд 11 793 600 төгрөгийн нөхөн төлбөрийг тухайн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн нэрсийг үндэслэн хүргүүлэхэд Ц.Ц хамрагдаж 280.800 төгрөгийг олгохоор тогтсон байна. ./хх-ийн110-113-р хуудас/ 

    Нэхэмжлэгч нь Засгийн газраас олгосон дээрх 280 800 төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа боловч Ц.Ц нь “нөхөн олговор авах болсон тул мөнгийг олгож өгнө үү” гэсэн өргөдлийг 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст гаргаж, мөн оны 7 дугаар сард 531 252 төгрөгийг хүлээн авсан болох нь 058642 дугаартай тэтгэврийн дэвтэр, түүний бичсэн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 125-130-р хуудас/ 

Нэхэмжлэгчийн 2012 оны 7 дугаар сард авсан дээрх мөнгөнүүд нь тахир дутуугийн тэтгэвэр дээр “Нөхөн төлбөр олгох тухай” 45 дугаар тогтоолын дагуу олгохоор тогтсон 280 800 төгрөгийг нэмж  хүлээн авсан байх магадлалтай нийлбэр дүн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийн улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь хөдөлмөрийн чадварыг 70 хувь алдсан тул ажил олгогч /төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд татан буугдсан ... тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага/ түүнд 9 сарын хугацааны цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Ц.Ц нь 1992 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тэтгэвэр тогтоолгох үед шимтгэл төлсөн нийт хугацаа 40 жил 5 сар 21 өдөр, сарын дундаж цалин хөлс 817 312 төгрөг гэж үзэн тэтгэврийн хэмжээ 531 252 төгрөг гэж тогтоосон байх тул цалингийн дундаж 817 312 төгрөгийг 9 сараар тооцож нийт 7.355.808  төгрөгнөөс 2012 онд олгогдсон 280.800 төгрөгийг хасаж тооцон үлдэх 7.075.008 төгрөгийг Монгол улсын Засгийн газраас  гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй. /817.312х9=7.355.808, 7.355.808-280800=7.075.008/ /хх-ийн 42,110-113-р хуудас/

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

              1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1., 97.1.1., 97.4-т зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 7.075.008  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц ид олгож, үлдэх 280.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 128150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

               3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  энэхүү  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  шийдвэрийг  гардаж авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО