Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Улсын яллагч                                  Н.Улсболд

             Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч            С.Сувдаа

             Шүүгдэгч                                               Б.ЭА, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.ЭА, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Д нарт холбогдох 2032000280029 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, Төв аймгийн Батсүмбэр суманд 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт *тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, /*/ Боржигон овогт Буянжаргалын ЭА.

 

Монгол улсын иргэн, халх, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1977 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, /*/ Оточ овогт Гинжхуягийн Д.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.ЭА нь "Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэнд хяналт тавих тухай" Монгол улсын хуулийг зөрчин тухайн бодисыг хууль бусаар олж авч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Намагийн 87 тоотод хадгалж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг Хогийн цэгийн орчим “Toyota Prius-11” маркийн “51-70” УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Мөн Г.Дтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ноёд гэх газар тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан.

Г.Д нь Б.ЭАтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ноёд гэх газар тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ЭА мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой хогийн цэгийн хойно талд Ноёдоос чулуу оруулж ирж байгаад цагдаад баригдсан. Одоо тэр чулуу журмын хашаанд байгаа. Нийт 243 шуудай байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: ... Бид хоёр ууланд хоёулаа байсан. ... Тэгээд үүрээр 7 цагийн үед босоорой чулуугаа татъя гэсэн. Чулуугаа татаад Гт, Тулгаа хоёрыг гуйсан. Чулуунаасаа өгье гэхэд зөвшөөрсөн. Чулуугаа татчихаад Тулгаа руу утасдсан. Тэгээд машин ирээд чулуугаа ачаад хогийн хонхорын тэнд цагдаад баригдсан. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Гэрч Б.Гт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэнд ажиллаж байгаа хүмүүст чулууг нь зөөлцөж өгч цалинд нь чулуу авдаг юм. Миний Зүүнхараа руу сууж ирсэн машинаас гарч ирсэн зүйлийг би юу гэдгийг нь мэдэхгүй. Би хараагүй. Шуудайтай юм гаргаж ирээд тэсэлгээний бодис байна л гэж шалгалт хийж байсан. Нэг цагдаа нь тэгж байсан. Би тухайн шуудайн дотор байсан зүйлийг хараагүй. Би тэсэлгээний ажиллагаанд оролцож байгаагүй. Тэсэлгээний бодисонд нь ойртдоггүй юм. Урьд шөнө тухайн ноёд гэх газар тэсэлгээ хийгээд гарч ирсэн чулууг нь би ачилцсан. Тэсэлгээг Амьдрал хариуцаж хийдэг юм. Амьдрал гэдэг хүн одоогоос 9-10 жилий өмнө байх анх Наран гэх газар алт олборлодог, алт олборлохдоо тэсэлгээ хийдэг гэж ярьдаг байсан. Мөн 3 хоногийн өмнө Ноёдод очиход Амьдрал мөн тэсэлгээ хийж чулуу гаргасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 75 дугаар хуудас/

Гэрч Б Мт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 02 дугаар сарын 02-ыны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноёдын Алт гэх газар найз Гт гэх залуугийн хамт замын унаанд сууж очсон. Тэгээд бид хоёр тэнд ууланд алт гар аргаар ухаж байсан хүмүүст нүхнээс шуудайтай шороо гаргаж өгч тусалж хариуд нь шуудай чулуу авч байсан юм. Тэгээд тэнд би үндсэндээ 2 хоног байж байгаад буцах унаа олдохгүй байж байтал Амьдрал гэх залуу ирэхээр нь би чулуугаа ачаад Зүүнхараагийн төв рүү хүргүүлж байсан юм аа тийм зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 79 дүгээр хуудас/

Гэрч Л.Пн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 30 минутын үед манай найз Бб, Бумбаярын хамт 3ил-131 маркийн автомашинтай манай гэрийн гадаа ирээд хамт хөдөө явчихаад ирий гэж хэлээд би цуг явсан. Надад хэлэхдээ хөлсөнд явж байгаа гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноёдын алт гэх газарт очсон. Тэгээд чулуу бэлдсэн байсан болохоор шууд ачаад тэндээс 19 цаг 30 минутанд хөдөлсөн. Тэгээд Зүүнхараа руу орж явахад хогийн хонхорын урд цагдаа нар зогсоож шалгасан тийм зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 85 дугаар хуудас/

Гэрч Ц.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн тэнд өдөр 14 цагийн үед явж байхад Дэлгэрээ гэх ах таарч намайг орой чулуу зөөгөөд өгөөч хөлс мөнгө гэж хэлэхээр нь би найз Бат-Эрдэнийн “Зил-131” маркийн автомашиныг гуйж аваад гэрээс нь 16 цагийн үед авч, найз Пн, дүү Бумбаяр нарын хамт "Шунхлай шатахуун" түгээх газраас бензин хийгээд шууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноёдын алт гэх газарт очиход ачих чулуу нь бэлдсэн байсан болохоор шууд ачаад тэндээс яг хэзээ хөдлөсөнг санахгүй байна. Орой болсон байсан болохоор. Тэгээд Зүүнхараа руу орж явахад хогийн хонхорын урд цагдаа нар намайг зогсоож шалгасан. Тийм зүйл болсон. ... Би машиндаа 243 шуудай /бондгор/ ачсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 86 дугаар хуудас/

Гэрч Б.Мт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би найз Гтгийн хамт Ноёд гэх газар гар аргаар олборлохоор очсон. Тэнд бид хоёр хүмүүсийн ажилд тусалж нүхнээс гаргасан чулуунаас нь хөлсөндөө авдаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн орчим Гт бид хоёр Говийн Баатар гэх хүний нэртэй нүхэн дээр очиход хүмүүс нүхнээс олборлосон чулуугаа гаргаж байсан. Тэгэхээр нь бид нүхний амсар дээрх тайлыг эргүүлж тэдгээр хүмүүсийн ажилд тусалсан. Энэ үед хүмүүс үүрээр энэ нүхэнд тэсэлгээ хийсэн. Тэсэлгээг ЭА хийсэн гэж ярьж байсан. ... Тэсэлгээ хийж байгааг мэдээгүй. Миний унтаж байгаа гэр тэсэлгээ хийсэн гэх нүхнээс 150 орчим метр зайтай байдаг. Тиймээс ямар нэгэн зүйл мэдэгдээгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 91 дүгээр хуудас/

Гэрч Н.Цт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай Байгаль орчны хяналтын тасагт "Даян мандал" гэх нөхөрлөл засаг даргатай гэрээ байгуулсан гэрээгээ авчирч өгсөн байгаа. Бусад нөхөрлөлүүд гэрээ авчирч өгөөгүй. Өөр гэрээ байгуулсан гээд байгаа 4 нөхөрлөл байгаа. Манайд гэрээгээ өгөөгүй тул нөхөрлөлийн нэрийг нь мэдэхгүй байна. Тэдгээр нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Учир нь тэдгээр 4 нөхөрлөлийн ухсан газар нь зөвшөөрөл бүхий солбицолтой газраасаа зөрсөн тул үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байгаа. "Шижир хишиг" нөхөрлөлийн зурагт үзүүлсэн нүхийг мэднэ. Уг нүх нь тусгай хэрэгцээнд авагдсан газраас өөр газар ухсан тул зөвшөөрөөгүй. Энэ нүхэнд ямар ч нөхөрлөл үйл ажиллагаа явуулах эрхгүй ээ. 2019 оны 08 дугаар сард газрын алба, байгаль орчны хяналтын тасаг хамтран Ноёд гэх газар очиж дээрх нүхнүүдийг шалгаж хууль бус зөвшөөрөлгүй байсан тул үйл ажиллагааг нь зогсоож лацадсан байгаа. Иргэд манай лацыг аваад хууль бусаар нэвтэрч орж гар аргаар алт олборлоод байгаа юм. Уг нь тэсэлгээ хийх эрхтэй байсан. Одоогийн хувьд Ноёд гэх газар ямар ч нөхөрлөл тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж гар аргаар ашигт малтмал олборлох эрхгүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 98-99 дүгээр хуудас/

Шинжээчийн №1063 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ... Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь тэсрэх бодис /аммонит/, цочир дамжуулах шижим утас байна. Дээрх эд зүйлс нь тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байна. Дээрх тэсрэх бодис нь доргилт, үрэлт, нар, салхины нөлөөгөөр тэсэрч дэлбэрдэггүй. Уул уурхайн зориулалтаар ашигладаг тэсрэх бодис бөгөөд химийн үндсэн нэгдэл нь NН4NОз байдаг. Энэ тэсрэх бодисыг уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай ашигладаг. Цочир дамжуулах шижим утас нь дээрх тэсрэх бодист тэсрэлтийн долгионыг дамжуулах үүрэгтэй гэх дүгнэлт /ХХ-ийн 124-125 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн МХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №18-05-038/10 дугаартай дүгнэлт: ... 1. 20320029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг хэмжсэн хэмжилтээр нийт 5554,6 кг байна. 2. Үйл ажиллагааны улмаас байгаль экологид учирсан хохирлыг тооцох боломжгүй байна. Учир нь энэхүү ухсан чулуунуудын ухашийн хэмжээг тодорхойлж хэмжилт хийх боломжгүй. Үүнээс гадна чулуу авсанаас бусад хэсэгт хоосон орон зай их байгаа тул тодорхойлох боломжгүй байна гэх дүгнэлт /ХХ-ийн 141 дүгээр хуудас/

Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /ХХ-ийн 146-147 дугаар хуудас/

Шинжээч Б.Бямбадоржийн "Шинжилгээнд ирүүлсэн чулуун, шороо дээжинд алтны агууламжтай дээж байсан. Дунд зэргийн ер нь алтны агууламжтай болох нь тогтоогдсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 150 дугаар хуудас/

Б.ЭА мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө "Шижир Оргил" нөхөрлөлийн нүхэнд тэсэлгээний хэрэгсэл ашиглаж чулуу олборлоод тэр өдрөө Зүүнхараагаас Зил-131 загварын машин хөлсөөр дуудаж олборлосон чулуугаа ачаад Зүүнхараа руу тээрэмд оруулах гэж явж байгаад хогийн цэгийн орчим цагдаад саатуулагдсан. Тухайн үед би өөрийн “Toyota Prius-11” маркийн “51-70” УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба миний машины арын багажинд тэсэлгээ хийгээд үлдсэн байсан үлдэгдэл эмульс гэх тэсэлгээний бодис өдөөгч утас байсныг цагдаа нар илрүүлсэн. Урьд шөнө ууланд тэсэрч дэлбэрэх бодис ашиглан чулуу олборлоод үлдсэн тэсэлгээний бодисоо авч явж байсан. Уг тэсэрч дэлбэрэх бодис нь миний өөрийн юм байгаа юм. Би үлдэгдэл тэсэлгээний бодисоо дараа хэрэглэх гээд гэрлүүгээ авч явж байсан. Би ууланд тэсэлгээ хийгээд үлдэгдэл тэсэлгээний бодисоо хэнд ч хэлээгүй машиныхаа багажинд хийсэн байсан. ... 2019 оны 11 дүгээр сарын дундуур манай нөхөрлөлийн гишүүн хамт ажилладаг Мөнхөө гэх ахаас 4 бондгор чулуу /шуудайны талаас доогуур/ өгч тал боодол эмульс гэх тэсэлгээний бодис, 10 метр өдөөгч утас, 1 ширхэг хонгио худалдан авч байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ууланд тэсэлгээ хийгээд үлдэгдлийг нь авч явж байсан юм. ... Д нүхний амсар дээр мотор асаагаад би нүх рүү орж тэсэлгээний юмаа хийгээд нүхнээс гарч ирэхэд нүхний ойр орчим нэг ч хүн байхгүй байсан. Д хаашаа явсныг мэдээгүй. Тэгээд би тэсэлгээгээ хийчихээд тэсэлгээнээс гарсан тоос тоосонцор буюу нагар нь гарахыг хүлээгээд сууж байгаад, би отог руугаа очоод за ажлаа хийе гэж Дд хэлсэн. Д хөлсний хүн дуудсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 157-158, 174 дүгээр хуудас/

Г.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотоос ирээд шууд Мандал сумын 6-р баг Ноёд гэх газар руу очсон. Намайг очсоноос хойш 2 хоногийн дараа уулан дээр байсан бүх хүмүүс буугаад явахаар нь "Шижир Оргил" нөхөрлөлийн нүх рүү орьё гэж Баатараас гуйсан. Баатар манайхыг буухаар ороорой гэж надад хэлсэн. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр "Шижир-Оргил" нөхөрлөлийн нүхнээс чулуу ачиж явж байгаад яваад 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой цагдаад баригдсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 166-167 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 8-9 хуудас/

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 182 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /194 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 226 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /230 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.ЭА нь "Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэнд хяналт тавих тухай" Монгол улсын хуулийг зөрчин тухайн бодисыг хууль бусаар олж авч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Намагийн 87 тоотод хадгалж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг Хогийн цэгийн орчим “Toyota Prius-11” маркийн “51-70” УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Мөн Г.Дтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ноёд гэх газар тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан.

Г.Д нь Б.ЭАтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ноёд гэх газар тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч Б.Гтгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 75 дугаар хуудас/, Гэрч Б Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 79 дүгээр хуудас/, Гэрч Л.Пнын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 85 дугаар хуудас/, Гэрч Ц.Бямбатулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 86 дугаар хуудас/, Гэрч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 91 дүгээр хуудас/, Гэрч Н.Цтын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 98-99 дүгээр хуудас/, Шинжээчийн №1063 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 124-125 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн МХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №18-05-038/10 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 141 дүгээр хуудас/, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /ХХ-ийн 146-147 дугаар хуудас/, Шинжээч Б.Бямбадоржийн "Шинжилгээнд ирүүлсэн чулуун, шороо дээжинд алтны агууламжтай дээж байсан. Дунд зэргийн ер нь алтны агууламжтай болох нь тогтоогдсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 150 дугаар хуудас/, Б.ЭА мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 157-158, 174 дүгээр хуудас/, Г.Ды мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 8-9 хуудас/, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 18-22 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.ЭАыг "Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэнд хяналт тавих тухай" Монгол улсын хуулийг зөрчин тухайн бодисыг хууль бусаар олж авч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Намагийн 87 тоотод хадгалж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг Хогийн цэгийн орчим “Toyota Prius-11” маркийн “51-70” УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Мөн Г.Дтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ноёд гэх газар тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Дыг Б.ЭАтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ноёд гэх газар тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг эрүүгийн хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.ЭАыг "Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэнд хяналт тавих тухай" Монгол улсын хуулийг зөрчин тухайн бодисыг хууль бусаар олж авч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Намагийн 87 тоотод хадгалж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг Хогийн цэгийн орчим “Toyota Prius-11” маркийн “51-70” УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Мөн Г.Дтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ноёд гэх газар тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан.

Г.Дыг Б.ЭАтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Ноёд гэх газар тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, тэдэнд Эрүүгийн хуулийн дээрхи зүйл хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Харин Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 243 ширхэг шуудай чулууг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасагт шилжүүлж улсын орлого болгож, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар эмульс гэх улбар шар өнгийн гялгар уут бүхий задгай цагаан өнгийн шавар мэт няцгай зүйл, улбар шар өнгийн 5 мм-ийн голчтой, 6.8 м урттай улбар  шар өнгийн кабелын утас 1 ширхэг зэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтэст шилжүүлэн устгуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131” маркийн “88-67” УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Даас гаргуулж улсын орлогод оруулах, “Toyota Prius-11” маркийн “51-70” УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Зил-131” маркийн “88-67” УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийг эзэмшигч нарт нь буцаан олгох зэргийг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй  болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.ЭАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Б.ЭАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 243 ширхэг шуудай чулууг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасагт шилжүүлж улсын орлого болгож, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар эмульс гэх улбар шар өнгийн гялгар уут бүхий задгай цагаан өнгийн шавар мэт няцгай зүйл, улбар шар өнгийн 5 мм-ийн голчтой, 6.8 м урттай улбар  шар өнгийн кабелын утас 1 ширхэг зэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтэст шилжүүлэн устгуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131” маркийн “88-67” УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Даас гаргуулж улсын орлогод оруулах, “Toyota Prius-11” маркийн “51-70” УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Зил-131” маркийн “88-67” УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийг эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.