Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарилж овогт Батсайханы От холбогдох 2035000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 30-нд Увс аймгийн Цагаанхайран суманд төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Ш овогт Б-ийн О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн нутгаас 2017 оны 12 дугаар сарын сүүлээр тус багийн иргэн Л.М-ийн нэг тооны гүүг хулгайлж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.О-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн нутгаас 2017 оны 12 дугаар сарын сүүлээр хохирогч Л.М-ийн адуунаас нэг тооны гүү алдагдсан гэх үйл баримт тогтоогдсон байна.  

Хохирогч Л.М-ийн 1 тооны гүүг шүүгдэгч Б.О хулгайлж авсан  болох нь:

Хохирогч Л.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би адуугаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны үед Цагаанхайрхан сумын Говь гэх газраас Хяр гэдэг газар луу гаргасан юм. 2019 оны 01 дүгээр сарын 17-нд очиж адуугаа бүртгэхэд Хээр азаргатай адуунаас зөв чих нь араасаа сүйх, буруу чих нь цуулбар имтэй, хоёр талын гуян дээрээ нэмэхтэй дором тамгатай, шар хээр зүстэй, нас гүйцсэн гүү алга болсон байсан. Гүүгээ хайж байгаад О, Б нар хулгайлж аваад М гэдэг айлын өвөлжөөн дээр нядлаад махыг нь Ууганбаяр гэдэг залууд өгсөн гэдгийг сонсоод толгойг нь очиж үзэхэд миний гүү мөн байсан. Би О, Б нартай очиж уулзахад О “Би хулгайлсан юм. Би төлж өгнө” гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Гэрч П.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сард би идэшний мал хайж байтал Б.О “Адууны хагас мах авах уу?” гэж утсаар ярихаар нь “Авья. Мөнгийг нь боломжоороо өгнө шүү” гэхэд О “Б бид хоёр адуугаа хяр давуулж байна. Магнайбаярын өвөлжөөн дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход дором тамгатай, шар хээр гүү барьсан байснаа алж өгөхөд би хагас махыг 250.000 төгрөгөөр авахаар От 150.000 төгрөг өгөөд хагас махаа авч явсан. Дараа нь 100.000 төгрөгөө От өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Гэрч М.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны  12 дугаар сарын сүүлээр О, Б нар манай өвөлжөөн дээр нэг адуу авч ирээд “Алж зармаар байна. Чи авах уу?” гэхээр нь “Би мөнгө муутай байна. Авч чадахгүй” гэхэд О нь У, Г гэх хүмүүстэй утсаар ярьсан. Намайг малаа оруулж байх хооронд О, Б нар тэр адуугаа алсан бөгөөд У ирээд хагас махыг нь ачаад явсан. Хагас махыг нь тэр хоёр Г-д хүргэж өгнө гээд аваад явсан. Сүүлд Л.М ирээд “Танай гадна алсан адууны толгой, арьс байна уу?” гэж асуухаар нь “Арьсыг нь махтай нь хамт авч явсан. Толгой манай өвөлжөөний хойд талд байна” гээд үзүүлэхэд Мөнхцэд “Миний гүү мөн байна. О, Б нартай уулзана” гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-р тал/,

Гэрч Х.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2018 оны  12 дугаар сард Цагаанхайрхан сумын Шар нуурын рашаан нэртэй газар өвөлжиж О, Б нар олон хэсэг адуу тууж ирээд нэг гүү бариад манай гадна авч ирсэн. Манай нөхөр Д О, Б нартай уулзчихаад “Энэ гүүг 250.000 төгрөгөөр авч болно гэнэ. хүнээс мөнгө зээлдэж өгөөд авчих уу?” гэхээр нь “Мөнгө төгрөг муутай байгаа болохоор хаанаас мөнгө олж өгдөг юм. Дараа өгөхөөр бол авч болно” гэж хэлээд аваагүй юм. Тэгээд тэр хоёр гүүгээ алаад, толгойг нь манай өвөлжөөний хойд талд хаясан. Махыг нь У, Г гэх хүмүүс хувааж авсан. Мөнхцэнд ирээд манай өвөлжөөний хойд талд байсан адууны толгойг үзчихээд “Миний гүү мөн байна. О, Б натай уулзана” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны  12 дугаар сард Хулж баг руу хүний идэш гаргалцахаар явах гэж байтал хадам О утсаар залгаад “Нэг адуу гаргасан чинь өрөөл /хагас/ махыг нь авах хүн олдохгүй байна. Та авах уу? 100.000 төгрөгт өгчихнө” гэхээр нь авья гэж хэлэхэд О, Б нар адуунб хагас мах авч ирж өгөөд 100.000 төгрөг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

Н.Б-ын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Цагаанхайрхан сумын Хунт багийн хяр гэдэг газар адуугаа хараад явж байтал О адуугаа тууж яваад тааралдсан. О “Адуунаас нэг гүү барилцаад өгөөч. Мөнгөний хэрэгцээ гараад байна. Алж зармаар байна” гэхээр нь би адууг хашилцаж өгөхөд О шар хээр зүстэй гүү бугуйлдаж бариад бугуйлаараа ногтлоод Д-ын гэрт очоод хүмүүс рүү адууны мах авах уу гээд яриад байсан. Г, У нарт зарахаар болоод У нь ирэхээр нь У, О бид гурав тэр гүүг алсан юм. Махыг нь Уын машинд ачаад явуулсан. Би цагдаагийн газарт ирээд тэр гүү хулгайн гүү байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,

шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр адуугаа Хяр гэдэг газар луу давуулахаар явж байхдаа М-н адуу эзэнгүй байхаар нь зарж мөнгө болгож авьч гэж бодоод нэг тооны гүүг өөрийн адуунд нийлүүлээд тууж явж байгаад Д-ын гэрийн ойролцоо Б-тай тараалдаад Баас адуугаа хашуулж байгаад тэр гүүг барьж авсан юм. Адуун мах авах хүн хайж утсаар ярьж байгаад У, Г нарт махыг нь хувааж өгөхөөр тохироод Уыг дуудаж ирүүлээд Б, У хоёртой тэр гүүгээ алж хагас махыг Ууганбаярт, өгөөд үлдсэн махаа Ун машинд ачиж сумын төв оруулж, Г-д өгсөн. П.У-аас 250.000 төгрөг, Б.Г-с 100.000 төгрөг аваад үрээд дуусгасан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бтай уулзахдаа М-ийн адууг аваад өөрийн адуутай нийлүүлсэн байсан. Хулгайн адуу гэдгийг тэр хүмүүст хэлээгүй юм. Цаашид гэмт хэрэг хийж болохгүй гэдгийг ойлгож байна. М-ийн хохирлыг төлж барагдуулж өгсөн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.

“Увс Финанс Аудит” ХХК-ны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Увс аймгийн Цагаанхайрхан суманд 2018 оны 12 дугаар сарын байдлаар  нас гүйцсэн гүү  550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн үнэ ханштай байна" гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/-ээр тухайн гүү 550.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.О нь хохирогч Л.М-ийн 550.000 төгрөгийн, үнэтэй, 1 тооны, гүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.О-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.О нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-87-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Ш-ын өгсөн: “Би сургуульд байхдаа О-тай танилцаж, түүнээс хойш найзлаж байна. О нь зан байдлын хувьд даруу, бусад зөв боловсон, нийтэч харилцаатай. Мал маллах сонирхолтой бусдад тусархуу хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/  хэрэгт авагдсан байна.

Хохирогч Л.М нь шүүгдэгч Б.О-аас гүүний үнийг төлүүлж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгуллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морьны үнэ 600.000 төгрөг, хулгайлсан адууны махны хагасыг П.У-д 250.000 төгрөг, хагасыг Б.Г-д 100.000 төгрөгөөр худалдан борлуулж олсон орлого болох 350.000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морьны дагалдах хэрэгсэл болох эмээл,хазаар, ногтыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.О-д 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл,хазаар, ногтыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 600.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 350.000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ГАНСҮХ