Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 672

 

“Сүм их бүрд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/06025 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Загдсүрэнд холбогдох

Гэрээний үүрэгт 74 212 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Эрдэнэ-Очир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, А.Батбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүм их бүрд” ХХК нь иргэн Т.Загдсүрэнтэй 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 119 дүгээр байранд гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал гэрээнд заасан үүргээ биелүүлж, зөрчил дутагдалгүй ажилласан. Гэрээнд талууд харилцан тохиролцсоноор хамгаалалтын үйлчилгээний 1 сарын хөлсийг 1 хамгаалалтын албан хаагч 450 000 төгрөг нийт 3 хамгаалалтын албан хаагчийн 1 350 000 төгрөг байхаар тогтоож, төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор бэлнээр “Сүм их бүрд” ХХК-ийн санхүүд тушааж байхаар заасан. Т.Загдсүрэн нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал харуул хамгаалалтын үйлчилгээний үндсэн төлбөр 55 475 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 27 737 500 төгрөг болж байна. “Сүм их бүрд” ХХК-ийн зүгээс удаа дараа төлбөрийг барагдуулахыг шаардаж байсан. 2014 оны 02 дугаар сард иргэн Т.Загдсүрэнгийн хүү н.Баттулгын эхнэрээс 1 000 000 төгрөг хүлээж авсан. “Сүм их бүрд” ХХК гэрээгээр харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх хугацаандаа тус обьектын гаражийн орлого 5 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс суутган авсан. Иймд Т.Загдсүрэнгээс гэрээний үүрэгт 49 475 000 төгрөг, алданги 24 737 500 төгрөг нийт 74 212 500 төгрөгийг нэхэмжилж байна. Т.Загдсүрэн манай компанид ажиллаж байсан Т.Алтанхуягтай гэрээ байгуулж гарын үсгээ зурсан гэдгээ өөрөө зөвшөөрч байгаа. Гэрээнд Т.Алтанхуяг гараараа нэмэлт нөхцлийг бичсэн. “Есөн эрдэнэ” харуул хамгаалалтын алба нь манай харьяанд байдаг, шаардлагатай бол нэмэлт баримтыг гаргаж өгч болно гэжээ. 

 Хариуцагч Т.Загдсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүм их бүрд” ХХК-ийн захирал О.Эрдэнэ-Очирт миний бие нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлага 74 212 500 төгрөг хаанаас гарч ирсэн хохирол гэдэг нь ойлгомжгүй,  уг компанитай хүү, алданги тооцсон болон ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ныг дуустал харуул хамгаалалтын үйлчилгээний үндсэн төлбөр 55 475 000 төгрөг гэж бичсэн боловч “Сүм их бүрд” ХХК-ийн захирал О.Эрдэнэ-Очиртой гэрээ огт байгуулаагүй, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай” гэх гэрээ нь бидний хооронд сунгагдаж 3 жил 6 сар болсон зүйлгүй. Ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр нэхэмжилж байгаа, бид хүү, алданги тохиролцсон зүйлгүй, баталгаажуулаагүй. 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Сүм их бүрд” ХХК, Т.Загдсүрэн нарын хооронд “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай” гэх гэрээгээр гэрээний зүйл тохиролцоогүй, хамгаалуулах гэж буй нь тодорхойгүй, хамгаалалтын ямар үйлчилгээ авах, хамгаалалтын үйлчилгээ авах талаар харилцан тохиролцсон зүйлгүй. Учир нь: О.Эрдэнэ-Очир миний хүүтэй танил, хамтран ажиллаж байсан болохоор “зээл авахад минь туслаач” гэсний дагуу уг гэрээнд миний бие гарын үсэг зурсан юм. Энэ нь “Сүм их бүрд” ХХК-ийн захирал О.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлдээ хавсарган өгсөн 201607000005 дугаар бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байна. 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ” бодит байдал дээр байгуулагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Загдсүрэнгээс 74 212 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 529 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Эрдэнэ-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тухайлбал: уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч томилогдсоныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар батламжилсан захирамж хэрэгт авагдаагүй тул мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон хуваарийн дагуу томилогдсон шүүгч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Анхан шатны шүүхийн алдааг залруулж зөвтгөх үүднээс хэргийг дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК нь хариуцагч Т.Загдсүрэнд холбогдуулан гэрээний үүрэгт 74 212 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/23202 дугаар захирамжаар Т.Загдсүрэнд холбогдох “Сүм их бүрд” ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна /хх-26/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг зохицуулжээ. Уг хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Эрдэнэ-Очирт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлах үүргээ хэрэгжүүлсэн талаар баримт авагдаагүй байна.

Харин хэргийн 8 дахь талд авагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-ний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож буй  А.Ганбатад хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсныг нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Эрдэнэ-Очирт эрхийг нь тайлбарласан гэж үзэх үндэслэл болохгүй /хх-31/.

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/06025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Эрдэнэ-Очироос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА