Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 144

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Эрдэнэчимэг,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 7 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох эрүүгийн 201726020117 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Угалз овогт Жамъянгаравын Ж.О, 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сум, Эрдэнэтолгой багийн Нарийн хужиртын 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: 002313/,

Боржигон овогт Дарамбазарын Д.Ц, 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00819/,     

Боржгин овогт Доосмаагийн Д.Б, 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмэг эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 00 дугаар байрны 90 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0031017/,

Мандал овогт Гурванчулууны Г.Т, 1998 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Архангай аймгийн Ихтамир сум, 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 00-124 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0022418/,     

 

             Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь 2017 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэвэн паб”-ын орчимд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон  нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ иргэн Б.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.Золзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

            Энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн Д.Золзаяагийн халаасанд байсан түүний эд хөрөнгө болох 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-6-Эс” загварын гар утас, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1-д мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно гэжээ. Баянгол дүүргийн Прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагч Ж.О, Д.Цогжавлан, Д.Б, Г.Т нарт холбогдуулан 270 дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэнээс хойш 3 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 70 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол” /хх-125/, 172, 174, 171, 173 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол” /хх-127-134/ тус тус үйлдсэн, хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн саналыг 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гаргаснаас хойш 17 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 70 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол” /хх-125/, 172, 174, 171, 173 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол” /хх-127-134/ тус тус үйлдсэн зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиийн 32.4 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 70 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох  хэргийг  хэрэгсэхгүй   болгох”  тогтоолыг  /хх-125/  хохирогч  Д.Батболдод танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1-д заасан “...хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна...” гэснийг тус тус зөрчсөн байх тул дээрх зөрчлийг зөрчсөн байх тул дээрх зөрчлийг зөвтгөж хуулийн шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иймд яллагдагч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ. Яллагдагч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох эрүүгийн 201726020117 тоот хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол  яллагдагч  Ж.О,  Д.Ц, Д.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс эсэргүүцэл бичихдээ шүүгчийн захирамжид дүгнэлт өгөөгүй. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр явуулж байгаа нь энэ хэргийг шийдвэрлэж байгаа нь хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэдгээр эсэргүүцэл бичсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн талаар яригдахад прокурорын зүгээс шүүгчийн захирамжид дурдагдсан асуудалд прокурор мэтгэлцэж өөрийнхөө тайлбарыг өгөх эрхтэй байсан, үүнийг зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнд хэргийг прокурор шийдвэрлүүлсэн саналаар, прокурор хэргийг хүлээж авч арван дөрвөн хоногийн дотор яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлт үйлдэх үед сонсгосон ялыг нэмэлт өөрчлөлт оруулахдаа прокурор яллах дүгнэлтийн тогтоолын огноог ташаа буюу сольж тавьсан байгаа. Үүнийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд залруулага хийх эрхтэй учраас анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдах асуудал гэж үзэж байна...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааны талаар заасан байх ба хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “ ...хэргийг прокурорт буцаах...”-даа мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу “...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж...” байхыг хуульчилжээ.

Гэтэл яллагдагч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас үзэхэд “...шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд захирамждаа мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна...” гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 7 дугаартай прокурорын эсэргүүцлийг ханган Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                   Д.МЯГМАРЖАВ