Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Х.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/114 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх-ийг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Алтангэрэл би Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт гэдэг газар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 7800 м2 газрыг 15-н жилийн хугацаатайгаар сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 300 дугаартай захирамжаар эзэмшиж байгаа юм. Би уг газрыг эзэмших эрхийн 0370592 дугаартай гэрчилгээг зохих хууль дүрмийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авсан. Гэтэл тус сумын Засаг дарга Г.Бат-Орхон нь миний газар эзэмших эрхийг цуцалж 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр А/114 дугаартай захирамж гаргасан байна. Уг захирамжийг гаргахаасаа өмнө сумын Засаг дарга, Газрын даамал нар мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийг хүлээн аваад би мал бүхий иргэн өвөлжих, хаваржих бололцоотой газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй талбайгаас зайтай газрыг надад эзэмшүүлэх эрх олговол би газраа чөлөөлж өвөлжөө, хаваржаагаа нүүлгэе гэсэн саналыг тавьсан.

Нүүж буух бололцоотой газрыг эзэмших саналаа би газрын даамлаас сумын Засаг дарга болон Тамгын газрын ажилтан нарт бүгдэд нь хэлсэн хүсэлтээ гаргасан. Миний саналыг хүлээж аваагүй тул багийн иргэдийн Нийтийн Хурлыг хийлгэж асуудлаа шийдвэрлүүлэх санал гаргасан боловч хүлээж аваагүйд би гомдолтой байна.

Би мөн хадлангийн газар авах гэсэн санал тавихад хүлээж аваагүй. Ийм байдлаар малчин хүнийг хавчин гадуурхаж дан ганц газар тариалангийн компанийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргаж байгаа нь малчид бидний эрх ашгийг хохироож байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргаас батлан гаргасан малчид тариаланчдын зохицлолыг хангах тухай журамд зааснаар тариаланчид бас тодорхой үүрэг хүлээсэн байдаг. /тариалангийн талбайг хашаажуулах/ энэ журмын хэрэгжилтийг хангах үүргийг газар тариалангийн компаниуд биелүүлэхгүй малчид руу бүх асуудлыг түлхэж биднийг өвөлжих, хаваржих газаргүй болгож байна.

Малчид бид ч малын ашиг шимээр амьдарч ард иргэдийг мах, сүү, ноос, ноолуураар хангаж нийгэмд өөрсдийн тодорхой хувь нэмраа оруулж байгааг сум орон нутгийн захиргаа огт хайхрахгүй байна.

Би сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/114 дугаартай захирамжийг малчин миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний гомдлыг харгалзан үзэж уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон сумын Засаг даргын 2011 оны 300 тоот захирамжаар иргэн Х.Алтангэрэлд тус сумын Бэлэндалай багийн нутаг Мангиртад 7800 м2 газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн. Монгол Улсын тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажпын хүрээнд сумын ИТХ-ын 2018 оны 30 тоот Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор үр тарианы талбайд ЗООм дотогш байрлах малчин өрхийн өвөлжөөний газрын эзэмших эрхийг цуцалж Мэргэншувуут, Шар хөтөл зэрэг хилийн зурвас газруудруу нүүлгэх шийдвэр гаргасан. МУЗГ-ийн 2018 оны 131 тоот Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1, 2-р багийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосон. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, МУЗГ-ын 131 тоот тогтоолын хүрээнд сумын Засаг даргын 2018 оны А/97 тоот захирамжаар тариалангийн талбайд ойр байрлах өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг томилогдон байгуулагдсанаар тус захирамжийн хүрээнд өвөлжөө, хаваржаа нүүлгэх албан мэдэгдлийг 17 малчин өрхөд 2018 оны 05-р сарын 01, 08 сарын 28-ны өдрүүдэд, аман мэдэгдлийг 2018 оны 5 сараас хойш удаа дараа өгч байсан ч эдгээр өрхүүдээс шаардлага биелүүлээгүй Бэлэндалай багийн нутаг дэвсгэр Мангиртад байрлах малчин Хуягийн Алтангэрэлийн газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2018 оны А/114 тоот захирамжаар цуцалж, дээрх өрхийг албадан нүүлгүүлэх тухай 2018 оны 1/198 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэсэгт хандаснаар цагдаагийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлах ахлагч н.Балбар, дэд ахлагч Амарбаяр, Орхон сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус өрхөд гэрээр очиж хуулийн шаардлага сум орон нутгийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг мэдэгдсэн болно. Мөн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалангийн талбайг хашаажуулах ажлын хүрээнд тус сумын Бэлэндалай баг Мангиртад байрлах тариалангийн талбайг хашаажуулах /50 км хашаа/ ажлыг Топ универсал констракшин ХХК-р хийж гүйцэтгүүлэхээр болсон бөгөөд ажлыг эрчимжүүлэх тухай 05/3789 албан бичгийг хүргүүлсэний хүрээнд Топ универсал констракшин ХХК Орхон сумын засаг даргын орлогч Г.Баасансүрэн, БОХУБ Р.Сандагдорж, Газрын даамал Б.Анхбаяр, агрономч К.Энхмаа нар байлцан Орхон сумын Мангиртад байрлах Хос булаг ХХК-ын бригадад хашааны бараа материалыг хүлээн авсан. Уг тариалангийн талбайг хашаажуулах хөтөлбөрт 6 аж ахуй нэгж, 10 иргэний нийт 3830 га талбайг хашаажуулах бөгөөд иргэн Х.Алтангэрэлийн өвөлжөөг хашаажуулах талбайгаас зайлшгүй нүүлгэх хуулийн хүрээнд газрыг чөлөөлөх шаардлагатай байна. ЗДТГ-аас удаа дараа хүргүүлсэн албан мэдэгдэлийн хүрээнд 15 айл сум орон нутгийн бодлого шийдвэрийг хүлээн зөвшөөрч шинээр буух газраа заалган өвөлжөөгөө шилжүүлж зарим өрхүүд гадны аймаг сумруу шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Иргэн Х.Алтангэрэл нь бидний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй төр засгийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь сум орон нутгийн төдийгүй МУ-ын тариалангийн тухай хууль, МУЗГ-ын тогтоол шийдвэрийг зөрчиж байгаа хэрэг болно. Нэхэмжлэлд дурьдсанаар газар эзэмших эрх цуцлах тухай мэдэгдэлийг сумын газрын даамлаас сонсоод мал бүхий иргэн өвөлжих хаваржих бололцоотой газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй талбайгаас зайтай газрыг надад эзэмшүүлэх эрх олговол би газраа чөлөөлж болно гэж дурьдсан нь худал бөгөөд сум орон нутгийн шийдвэрийг хүлээж авахгүй нүүхгүй гэж зүтгэж байсан нь олон удаагийн баримтаас харагдана. Дээрх өрх тариалангийн талбай болон хадлангийн нөөц бүхий газраас бусад боломжит газар газар эзэмшихэд сум орон нутгийн зүгээс татгалзах зүйлгүй болно. Иймд иргэн Х.Алтангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Алтангэрэл, хариуцагч Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон нар харилцан буулт хийж нэхэмжлэлийн шаардлагаа хоорондоо харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Эвлэрлийн гэрээ:

 

Нэхэмжлэгч Х.Алтангэрэл, хариуцагч Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон бид нар хоорондоо харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв.

1. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар, Засгийн газрын 131 дугаартай албан тоот, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 дугаартай тогтоолын дагуу Сүүжийнгуу гэх газарт тариалангийн талбайгаас 500 м-т өвөлжөөний газрыг авахаар, шилжүүлэхээр тохиролцов.

2. Мангиртад байрлах газар нь тариалангийн талбайгаас 500 м-т хүрэхгүй бол тухайн газрыг чөлөөлж өөр газарт сонгон байршихаар тохиролцов.

Иймд эвлэрлийн гэрээгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Алтангэрэл нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/114 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу хэргийн оролцогч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/114 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх-ийг хүссэн шаардалага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Ц.БАЙГАЛМАА