Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01204

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00149 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 821 дүгээр магадлалтай,

Ц.Бийн нэхэмжлэлтэй

“Б Ф” ХХК-д холбогдох

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн талбай чөлөөлөх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгох, 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах, банкны зээлийн хүү 3 817 262 төгрөг, бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт өгсөн 2 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Корал центрийн В1 давхарын 52 м.кв талбайг чөлөөлүүлэх, 14 381 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Оюунчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Бт 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр явуулсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгуулах, Ц.Бийг түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан тул цаашид хамтран ажиллахгүй, талбайг 3 хоногийн дотор чөлөөлүүлэх агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Уг шаардлагыг хүлээж авахгүй гэхэд түүний худалдан борлуулж байсан тавилгыг хураан авч битүүмжлээд, тавилгын урдуур хаалт тавьж үйл ажиллагааг нь хүчээр зогсоосон байдаг. Талбайг чөлөөлүүлэх гэж 3 хоногийн хугацаа өгч байгаа нь буруу, уг хууль бус мэдэгдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Ц.Бийн түрээслэж байсан талбай нь яг дэлгүүрийн үүдэн хэсэгт, ашигтай талбай, уг талбайг Ц.Б өөрийн хөрөнгөөр тохижуулж, паркетан шал хийсэн тул уг талбайгаа буцаан авах, бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоолгомоор байна. Ц.Бийн эрх ашиг түрээсийн гэрээ цуцлагдсан 2016 оны 8 дугаар сараас эхлээд шүүх хуралдаан болох хүртэл буюу нийтдээ 16 сарын хугацаанд зөрчигдөж, өөрийн оруулж ирсэн тавилгаа 16 сарын хугацаанд зарж борлуулж чадахгүй хохирч байх тул Ц.Б 16 сарын турш хариуцагч байгууллагын талбайд ямар нэг түрээсийн төлбөр төлөхгүйгээр тавилгаа зарах боломжийг эдлэх эрхтэй. Ц.Б нь өөрийн түрээсийн талбайгаа ашиглаж хувиараа тавилга оруулж ирж зарж борлуулан, зээлийн мөнгөө буцаан төлөх зорилготой өөрийн бизнесийг өргөжүүлэх үүднээс тэрээр Голомт банкнаас зээл авсан. Гэвч хариуцагч гэрээг цуцалснаас болж Ц.Б авсан зээлээ төлж чадахгүй хохирч байх тул 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3 817 262 төгрөгийг шаардаж байна. Мөн Ц.Б нь гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд хандаж, улмаар бусдаас хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Б нь “Б Ф” ХХК-ийн харьяа Корал центр худалдааны төвд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр тавилга зарах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр талууд өмнөх гэрээг дүгнэн дуусгавар болгоод дахин түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч нь талбай түрээсэлж байх хугацаанд түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, түрээслэгчийг төвөгтэй байдалд удаа дараа оруулж байсан. 2016 оны 08 дугаар сард Шилмэл буйдан гэх аж ахуйн нэгж Корал центр худалдааны төв дээр 370 м.кв талбай түрээслэх санал тавьсан. Корал центр худалдааны төвд 35 түрээслэгч ажиллах боломжтой талбай дээр 10 гаран түрээслэгч талбай түрээслэн ажиллаж байсан бөгөөд энэ түрээслэгч нарт нэг талын талбайд шахаж ажиллах санал тавьсан. Учир нь үлдсэн талбайд нь Шилмэл буйдан-г оруулах талаар тохирсон байсан. Гэтэл тухайн үед иргэн Ц.Б ...талбай солих боломжгүй, тэгэх юм бол гарсан нь дээр гэсэн тайлбарыг хэлж байсан. Тэгээд удаагүй иргэн Ц.Бийн худалдагч нь түрээслэж байсан талбайгаа орхиод явсан юм. Ц.Бийн түрээслэж байсан талбайн урдуур бид улаан тууз татсан нь үнэн. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоож байна гэж татаагүй, худалдагч нь байхгүй учраас эзэнгүй тавилга дээр ямар нэгэн асуудал үүсэж магадгүй гэж татсан. Гэхдээ Ц.Б нь тавилга дээрээ утсаа тавиад сонирхсон хүмүүст зарж байсныг сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч Ц.Б нь 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан заалтыг зөрчсөн. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бол асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх заалт бөгөөд энэ заалт нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болсон. Иргэн Ц.Б нэхэмжлэлдээ талбай дээрээ паркетан шал тавьсан гэсэн байсан. Бид талбайг нь өөрчилсөн тохиолдолд өөр талбай руу паркетан шалыг шилжүүлж тавих боломжтой байсан. Тухайн үед харилцан зохицоод явах боломжтой байхад асуудлыг хүндрүүлээд ийм байдалд хүрсэн. Эдгээр хүмүүс түрээсийн төлбөрөө хугацаандаа төлдөггүй бөгөөд энэ талаарх манай санхүүгийн баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч 16 сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр талбай эзэмшүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан. Энэ шаардлагыг яагаад тавьж байгааг сайн ойлгохгүй байна. Ц.Бтай байгуулсан түрээсийн гэрээ 4 дүгээр сард дууссан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, зээлийг авч юунд зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхэд өмнө нь 2 000 000 гаран төгрөгийн шаардлага нь хангагдаж байсан учраас нэмж оруулж ирсэн байх. Ц.Б банкнаас 30 000 000 төгрөг зээлсэн талаар баримт хэргийн материалд хэдийгээр байгаа ч юунд, ямар зориулалтаар ашигласан нь тодорхой биш, хэргийн материалд БНХАУ руу юань шилжүүлсэн баримт л байдаг оруулж ирсэн тавилгыг бид нар заруулахгүй байгаа бол үүнийгээ өөрсдөө нотлох шаардлагатай. Учир нь Монгол улсын хилээр орж, гарч байгаа бараа, материал бүгд нэртэй, зүстэй, тоо ширхэгтэй бөгөөд гаалийн албан татвар төлсөн байхыг шаарддаг. Гэвч хэргийн материалд энэ талаарх баримт байхгүй байна. Бид Нийслэлийн татварын газарт хандаж иргэн н.Батбаярыг татвар төлдөг эсэх талаарх лавлахад төлдөггүй байсан. Мөн хууль зүйн туслалцаа авсан 2 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Үндсэн хуульд хүн хууль зүйн туслалцаа авна гэж заасан бөгөөд төлбөртэйгөөр авна гэж заагаагүй. Ийм учраас эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Ц.Бийн эзэмшлээс Корал центр худалдааны төвийн В1 давхарт түрээслэж буй 52 м.кв талбайг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Хэдийгээр уг талбай одоо Ц.Бийн эзэмшил, ашиглалтад байхгүй боловч бид анх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Учир нь Ц.Б түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, байнга манай байгууллагад дарамт учруулдаг. Тэгээд ч уг түрээсийн гэрээний хугацаа дууссан байгаа. Одоо уг талбайг өөр газар түрээслэдэг. 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б болон “Б Ф” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2603 тоот түрээсийн гэрээний 4.4, 4.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр дээр 2016 оны 01-09 дүгээр сарыг дуустал хугацааны алданги, зөрүү нийт 3 695 950 төгрөг, 2015 оны түрээсийн төлбөрийн алданги, зөрүү 2 306 650 төгрөг, хугацаа хожимдуулж төлдөг байсан учир хөнгөлөлт үзүүлж байсан түрээсийн төлбөр болон алданги, 2015 оны 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11 сарын түрээсийн төлбөрийн зөрүү нийт 2 025 400 төгрөг, 2015 оны 1, 3-12 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон алданги нь нийлээд 281 250 төгрөг, нийт 2 306 650 төгрөгийг хариуцагчаас шаардана. Түүнчлэн Ц.Бт түүний хүсэлтийг үндэслэж 49 м.кв талбайг түүнд үнэгүй эзэмшүүлж байсан, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр реклам хийх шаардлагатай гээд 9 сарын хугацаанд ашигласан байдаг. Тэрээр бидэнтэй шүүхийн байгууллагаар заргалдаж, зардал чирэгдэл учруулж байгаа учраас 1 сарын 931 000 төгрөгөөр тооцож 9 сарын түрээсийн төлбөрт 8 379 000 төгрөг, нийт 14 381 600 төгрөг гаргуулна. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгох, 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаа болох 16 сарын худалдан борлуулалт хийх боломжийг алдагдуулсан тул 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3 817 262 төгрөг гаргуулах, бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт өгсөн 2 000 000 төгрөг гаргуулах тухай Ц.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1, 339 дүгээр зүйлийн 339.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгүүдэд заасныг баримтлан Корал центрийн В1 давхарын 52 м.кв талбайг чөлөөлүүлэх, 14 381 600 төгрөг гаргуулах тухай “Б Ф” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404 710 төгрөг, хариуцагчаас төлсөн 230 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 821 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 09 өдрийн 102/ШШ2018/00149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч “Б Ф” ХХК-иас 1 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 017 262 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг 16 сар үнэгүй ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч “Б Ф” ХХК-иас 43 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Оюунчимэг хяналтын гомдолдоо: Шийдвэрт нэхэмжлэгч Ц.Б нь гомдол гаргасан. Түүний гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч хянаад, 821 тоот магадлал гаргасан байна. Магадлалд: “...нэхэмжлэгч нь эргэлтийн хөрөнгийг нэмэх зориулалтаар банкнаас 2 хувийн хүүтэй 30 000 000 төгрөг зээлсэн тухай баримт авагдсан, нэхэмжлэгч тал тавилга худалдаалах үйл ажиллагаа явуулдаг гэх үйл баримтын талаар талууд маргаагүй тул 30 000 000 төгрөгийн 1 сарын зээлийн хүү 600 000 төгрөг, нийт 3 сарын хүүгийн төлбөр 1 800 000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Нэхэмжлэгч тавилга худалдах үйл ажиллагаатай холбоотой татварыг тодорхойгүй гэж хариуцагч татгалзалдаа зааж буй боловч уг нөхцөл байдал нь түрээсийн талбайг ашиглах боломжгүй болсноос үүссэн хохирлыг арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Татвар төлөхтэй холбоотой эрх-зүйн өөр харилцаанд хамаарах үйл баримтад иргэний эрх зүйн гэрээний талуудын үүргийн зөрчилтэй холбоотой үр дагаварт хамааруулан хэрэглэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй... гэжээ. Хариуцагчаас нэхэмжлэгч тал тавилга худалдаалах үйл ажиллагаа явуулдаг гэх үйл баримтын талаар маргаагүй боловч тухайн зээлийг тавилга худалдаалах үйл ажиллагаандаа зориулалтын дагуу ашигласан эсэх нь тодорхой биш байгаа талаар маргаж байгаа билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх зээлийн зориулалтыг “эргэлтийн хөрөнгө” гэснийг үндэслэн хариуцагчаас 1 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзвэл нэхэмжлэгч тус 30 000 000 төгрөгийн зээлээр тавилга худалдаж авсан гэдгийг нотлох ямар ч баримт байдаггүй. Харин ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай зөрчилдөж эргэлзээ төрүүлж байна. Тиймээс давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэл, хариуцагч “Б Ф” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан, маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 1 800 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Б Ф” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн талбай чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгох, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсох, 16 сарын турш түрээсийн талбайг ямар нэгэн төлбөргүйгээр эзэмшүүлэх, импортоор авчирсан тавилгуудыг зарах боломжийг олгуулах, хохирол болох банкны зээлийн хүү 3 817 262 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны зардал 2 000 000 төгрөг, нийт 5 817 262 төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон нь түрээсийн гэрээг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж, гэрээг үргэлжлүүлэх, хохирол шаардсан агуулгатай байна. /хх.1-2, 237/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, түрээсийн зүйлийг чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрийн зөрүү, алданги, 49м2 талбайг үнэгүй ашигласны төлбөр нийт 14 381 600 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

Түрээслүүлэгч “Б Ф” ХХК-ийн зүгээс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлөх мэдэгдлийг түрээслэгч Ц.Бт хүргүүлсэн нь гэрээг цуцлах үндэслэл, журмыг зөрчсөн болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 294 дүгээр зүйлийн  294.3, 318 дугаар зүйлийн 318.5-д заасан зохицуулалтад нийцүүлэн дүгнэсэн, харин гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.  Түүнчлэн талуудын хооронд гэрээний зүйлд хамаарахгүй өөр талбай буюу 49м2 талбайг түрээслүүлэх талаар үүрэг үүссэн нь тогтоогдоогүй, түрээсийн төлбөр дутуу төлсөн гэх үндэслэлээ хариуцагч нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 821 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА