Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 535

 

 

 

 

 

 

 

    2020           08           12                                        2020/ШЦТ/535

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,  

улсын яллагч Г.Эсэн, 

хохирогчийн өмгөөлөгч: Р.Пүрэвлхам /ҮД:0-650/,

шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Т.Золбоо /ҮД:1-048/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ж овогт Ж.Ж-д холбогдох эрүүгийн 2010005390324 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.      

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ... дүүргийн ..  дугаар хороо ...  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ж овогт Ж.Ж /РД:....../,  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Ж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан гэрэгэ” хотхоны .. дүгээр байрны ... тоотод 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Н.О-г хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож түүний эрүүл мэндэд дух, шуу, сарвуунд цус хуралт, зулай чамархай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Ж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан гэрэг хотхоны ...  дүгээр байрны ... тоотод 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Н.О-г эд хөрөнгийнхөө талыг өг, би чамаас сална гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь зодож цохин түүний эрүүл мэндэд дух, шуу, сарвуунд цус хуралт, зулай чамархай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ж.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй. Гэвч гэмт хэрэг гарсан өдөр эхнэр цагдаа дуудах үед нь би гэрээсээ зугтаагаад гарсан санагдаж байна. Учир нь би тухайн үед согтуу байсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/

3. Хохирогч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Гэрэгэ хотхонд ... тоотод гэртээ байж байтал манай нөхөр Ж гаднаас согтуу орж ирээд лалрын янхан минь наад эд хөрөнгөнийхөө талыг өг одоо би чамаас сална гэж хутга барьж дайрсан. Тэр үед гэрийнхээ цонхыг онгойлгож амь авраарай гэж орилсон. Тэгсэн чинь хойшоо болж хутгаа тавьж үглэж эхэлсэн. Чамаас хурдан салмаар байна.чи нэг бол хурдан үхээд өгөөч гэж хэлсэн. Тэр үед би айгаад дахин балконы цонх онгойлгож хүн аллаа амь авраарай гэж орилтол гэр дотроос намайг балкон дээр түгжсэн.тэр үед балкон дотор хувцас хатаагчаар хаалгаа цохиж наалхаа онгойлго гэж хэлтэл онгойлгосон. Би тэр үед гар утсаа барьчихсан цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаацалдаж эхэлсэн. Тэгээд миний нүүрэн тус газар цохиж эхэлсэн. Би цусны хорт хавартай учир миний 2 гар ямар ч хүч байхгүй, эсэргүүцэж чадахгүй байсан. мөн 5 жил дараалан хэвлий нээлгэсэн хүнд хагалгаанд орсон учир хэвлий хэсгээ нууж доошоо хэвттэл миний дээрээс толгой хэсэг хүү өшиглөж байгаад нөгөө өрөө рүү гүйж ороод Данзка нэртэй нэг литрийн архи өвөртөө хийгээд гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8,9-11,12-13/  

4. Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Зайсан Гэрэгэ хотхонд гэртээ байж байтал 3 цаг өнгөрч байх үед л байх гэж бодож байна. Миний утасруу бэр эгч Ог залгаж утасны цаанаас орилж ах чинь намайг аллаа орж ирж авраач гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гараад эгчийнхрүү орох гээд орцоор ороод шатаар өгсөж байтал манай ах Ж өөдөөс шатаар бууж ирж байсан. мөн өвөртөө архи хийчихсэн явж байсан. би тэр үед та одоо яагаад байгаан юм бэ, яагаад хэрүүл уруул хийгээд байгаа юм бэ гэж хэлтэл наадах чинь жүжиглэж байгаа юм гэж хэлээд миний гарыг тавиулаад доошоо буугаад яваад өгсөн. Би дээшээ шатаар өгсөж 4 давхарт эгчийнд ортол О эгч хаалгаа тайлж би гэрт нь ортол том өрөөний шалан дээр ус асгарсан байдалтай О эгчийн 2 гар бугуй хэсэг улайсан байдалтай, мөн дух хэсэг нь хавдаад улайсан байсан. О эгч танай ах согтуу орж ирээд агсам тавиад намайг ингээд зодчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүний биед үзлэг хийсэн №3018 тоот дүгнэлт:

-Н.О-ийн биед дух, шуу, сарвуунд цус хуралт, зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/

6. Шүүгдэгч Ж.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсандаа их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Ж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3018/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ж.Ж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан гэрэг” хотхоны ... дүгээр байрны .. тоотод 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Н.О-г “эд хөрөнгийнхөө талыг өг, би чамаас сална” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь цохиж зодон түүний эрүүл мэндэд дух, шуу, сарвуунд цус хуралт, зулай чамархай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.  

Өөрөөр хэлбэл хохирогч Н.О нь шүүгдэгч Ж.Ж-тай 2000 оны 5 сараас хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулсан, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан гэрэг” хотхоны ..  дүгээр байрны ...  тоотод эхнэртэйгээ амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-51/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-60/ зэргээс шүүгдэгч Ж.Ж нь хохирогч Н.О-тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Ж.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Ж нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 13/, түүний хувийн байдал /...52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж овогт Ж.Ж-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Шүүгдэгч Ж.Ж-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.  

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж овогт Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж овогт Ж. Ж-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ж-д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Ж.Ж-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Ж-д сануулсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР