| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0114/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Я-ийн Б холбогдох эрүүгийн 2035000000106 хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 20-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 9Б-24 айл 113 тоотод оршин суух урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Б овогт Я-н Б/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 7-38 тоотод байрлах иргэн Ц.Бийн хашаанд 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Г.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгалж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Я.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Б нь 2020 оны 6 дугаар 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 07-38 тоотод байрлах иргэн Ц.Бийн хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний охин Г.Э нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед гэрээсээ гарч яваад манай зуслангийн гэрт очиж хоноод маргааш нь хүнд хутгалуулсан байдалтай ирсэн юм. Манай охин Г.Э нь бага зэргийн сэтгэцийн өөрчлөлттэй группэд байдаг хүүхэд юм. Миний охин Г.Э нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой гэрээсээ ямар нэгэн шарх сорвигүй гарч явсан юм. Охиныг маань хутгалсан Я.Б гэдэг залуу миний охины эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09-р тал/,
Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал манай хамаатны бэр эгч Алтай манайх руу утсаар залгаад эгч Г.Э тань гэртээ харьсан уу? манайд ирээд явлаа, хүнээр хутгалуулсан байдалтай явж байна. Би цусыг нь угааж өгөөд явууллаа гэж утсаар хэлсэн юм. Тэгээд би машинтай гадуур явж байсан болохоор эгчийг хайж явтал манай гэрийн дээд талд байдаг Баруун зам хүнсний дэлгүүрийн ойролцоо явган явж байсан юм. Яваад очиход баруун гараа 00-ийн цаасаар боочихсон. Хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд би яасан юм бэ? юу болсон талаар асуухад намайг хүн хутгалчихлаа гэж хэлээд шархаа надад үзүүлсэн. Тэгээд би хэн хутгалсан юм бэ? гэж асуухад Я.Б гэдэг залуу намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Улмаар би цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал миний таньдаг Г.Э гэдэг эмэгтэй манайд ирсэн юм, тэгээд бид нийлээд архи ууж байсан юм. Би архи ууж байгаад согтоод ухаанаа алдсан байна. Түүнээс хойш юу болсон талаар юу ч санахгүй байна. ...миний төрсөн эгч Ц.А надад Г.Эийг Я.Б гэдэг залуу манай гэрийн саарал иштэй хутгаар гэрээс гараад хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд би гэрт ирсэн байхад тэдгээр хүмүүс архи ууж байгаад тэр Г.Э гэдэг эмэгтэй нь миний дүү Батмөнхийн хажууд сууж байгаад би Батмөнхтэй унтанаа гээд хэлчихсэн юм. Тэгтэл хажууд нь согтуу байсан Я.Б гэдэг залуу Г.Э гэдэг эмэгтэйг Ц.Бтэй хардаад согтуу байсан учраас хоорондоо маргалдсан юм. Тэгээд Я.Б нь босоод манай хоолны шкаф дээр байсан, манай хоол унд хийхдээ хэрэглэдэг шар иштэй хутга байсныг аваад Г.Эийн баруун талд гэдэс орчим газарт нь нэг удаа хутгалчихсан юм. Тэгээд дахиад нөгөө хутгаараа зүүн талын гар руу нь бас хутгалчихсан юм. Мөн тэрний өмнө Я.Б нь Г.Эийн нүд хэсэгт гурилын элддэг модоор нэг удаа цохисон. Я.Баас өөр хүн Г.Эийн биед халдаагүй. Тэр үед би тэр хоёрыг боль гээд салгаж байх үед Я.Б миний гэдэс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд миний дүү Ц.Б цагдаад дуудлага өгнө гэхэд Я.Б нь нөгөө хүн хутгалсан хутгаа аваад манай гэрээс гараад зугтаад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд архи ууж байх үед Я.Б нь Б-ийг “чи хөгшин янхан эмэгтэйтэй унтах гэж байна гэж эхлээд Я.Б, Б нар хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэгээд тэр Г.Э гэдэг эмэгтэйг Я.Б нь Ц.Бтэй хардаад тэгээд тэдний гэрийн хаалганы хажууд Г.Э гэдэг эмэгтэйг хутгалчихсан байсан. Тухайн үед Я.Б нь Ц.Бийн гэрээс хутга авч гараад Г.Этэй уулзанаа гээд хоёулхнаа хамт гараад удалгүй 1 минут орчмын дараа Г.Э гэдэг эмэгтэйгийн гараас цус гарсан байдалтай намайг Я.Б хутгалчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд Я.Б нь дахиад гартаа хутгаа барьж аваад Ц.А эгчийг хутгална гэж дайраад, хөл рүү нь өшиглөхөөр нь би тэдний гэрт байсан гурилын мод авч тэр залууг хальт цохиж цааш хөөж гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Шүүгдэгч Я.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би тэднийд тэр хүмүүсийн ууж байсан архинаас хуваалцаж уусан юм. Тэднийд бид дуу дуулцгаагаад байж байсан. ...Г.Э гэдэг эмэгтэй над руу хараад малийтлаа инээгээд, миний урдаас муухай дурсамж, муухай үг, эмэгтэй хүний амнаас гарахааргүй үтгэчин, цавьчин гээд муухай үг хэлээд байсан юм. Би тухайн үед Г.Э гэдэг эмэгтэйг 2 удаа хутгалсан юм. Би Г.Э-ийг хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 425 дугаартай шинжээчийн “Г.Эийн биед гэмтэл учирсан байна. Зүүн шуунд нэвт хутгалагдсан шарх, хэвлийн зүүн дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хавж хутгалагдсан шарх, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун нүдний алимны салстад, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотно буланд зулгаралт, цээжний зүүн ар доод хэсэгт цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх шарх, гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Зүүн шуунд нэвт хутгалагдсан шарх, хэвлийн зүүн дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хавж хутгалагдсан шарх, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд, баруун нүдний алимны салстад, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотно буланд зулгаралт, цээжний зүүн ар доод хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-22-р тал/-ээр хохирогч Г.Эийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Я.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд 2 удаа хутгалж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г.Эийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Я.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Г.Эийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1.000.000 төгрөгийг өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хохирол гомдлоо барагдуулж авсан, хохирол гомдолгүй гэх тодорхойлолт /хх-ийн 66-р тал/-оор тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Я.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Б урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай тогтоол /хх-ийн 7780-94-р тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч А.У-н өгсөн: “...Я.Буян-Аривижих бид хоёр 2020 оны 5 дугаар сараас хойш нэг гэрт хамтран амьдардаг болсон. Миний хамтран амьдрагч Я.Б үг дуу цөөтэй, төлөв даруу зантай, хүнтэй эелдэг зөөлөн харилцаатай, хүнд тусархаг, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байсан одоо сүүлийн үед архи дарс хэрэглэхгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Гэрч Г.Я-н өгсөн: “Миний хүү Я.Б нь багаасаа хүүхдүүдэд тусархаг, ажилсаг хөдөлмөрч, цагаан цайлган зантай хүүхэд юм. Миний хүү Я.Б нь сүүлийн үед хааяа нэг архи уудаг болсон. 2018 онд хүнээр зодуулснаасаа хойш тархи толгой болон дэлүүндээ гэмтэлтэй болсон. Хүү Я.Б нь сүүлийн үед сэтгэцийн өөрчлөлттэй маягийн болчихсон, хүнтэй маш муухай харилцдаг болсон, хүнтэй харилцсан харилцаагаа дараа нь санадаггүй болон хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан, түүний хувийн байдлыг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Я.Бад өмнө нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тус таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм / цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ