Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 667

 

                      

 

 

                             

 

 

 

 

 

 

 

                    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр

хохирогч М.Н-, түүний өмгөөлөгч Б.Борхүү

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 00настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ам бүл 0, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Хийморь 0 дугаар хотхоны 0 байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /0000000/ Х овогт Б.Х- холбогдох эрүүгийн 1805002670712 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х- нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эх баригч эмэгтэйчүүдийн эмнэлэгийн төрөх тасагт иргэн М.Н-ийн төрөлтийг удирдаж төрүүлэхдээ эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч М.Н-ийг вакум таталтаар төрүүлэх явцад умайн хүзүү урагдсан, төрсний дараах цус алдалт цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х- шүүх хуралдаанд: “ Би Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 оны 1 дүгээр сараас Төрөх тасагт их эмчээр ажиллаж байна. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өглөө ажил дээрээ очиход М.Н- төрөх гээд эмнэлэгт ирсэн байсан. Эмчид 1 өдөрт 5-6 эх төрөхөөр хуваарилагдсан байдаг. Түүний нэг нь М.Н- байсан. М.Н-ийг хүлээн авч дотуур үзлэг хийхэд М.Н- халуунтай, үтрээний нянгийн гаралтай үрэвсэлт өвчинтэй, тэр нь өгсөх замаар дээшээ халдварласнаас антибиотик эмчилгээ хийж,  М.Н-ийн хүсэлтээр өвчин намдаагч хийсэн. 11 цаг 20 минутанд М.Н-т журмын дагуу үзлэг хийхэд өвдөх цагаараа хэвийн өвдөж байсан бөгөөд 14 цагийн орчим төрөлтийг хэвийн явуулж М.Н- эсэн мэнд төрсөн. Төрсөн эхийг 2 цаг тутам хянаад төрсний дараах тасаг руу шилжүүлэх ёстой байдаг боловч М.Н- нь төрөх үедээ болон төрсний дараа 37.8 градус хүртэл халуурч байсан учир төрөх эхийн амин үзүүлэлтийг хянаж стандартын дагуу антибиотик болон шингэн сэлбэх эмчилгээ хийгээд М.Н-ийг 16 цаг 30 минутанд төрсний дараах тасаг руу шилжүүлсэн. М.Н-ийн хувьд анхны төрөлт, төрөх замаар төрөхөд ямар нэгэн эсрэг заалт байгаагүй тул түүнийг төрөх замаар төрүүлсэн. Төрсөн хүүхдийн тухайд М.Н- төрөх үедээ дүлж чадахгүй байсны улмаас ургийн бүтэлтийн байдал үүсч яаралтай арга хэмжээний хүрээнд вакум таталтын эхний таталтаар ургийн толгой гарч ураг хэвийн төрсөн. Би эмнэлгийн стандартын дагуу бүх эмчилгээ болон вакум таталтыг  М.Н-т хийсэн. Намайг энэ хэрэгт буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

        Хохирогч М.Н- шүүх хуралдаанд: Энэ асуудлаас болж би дахиж хүүхэд төрүүлэх боломжгүй болж саваа авахуулсан, нөхөр маань надаас салсан. Намайг төрөхөөс өмнө их хүчтэй өвдөлт өгөөд байхаар нь би Б.Х- эмчид хийсвэр хийлгэмээр байна гэхэд Б.Х- эмч намайг залуу хүн болохоор өөрөөрөө төрж чадна гэсээр байгаад эмч нар гэдсэн дээр тохойлдож, доошоо багажаар татаж доогуур төрүүлсэн. Төрсний дараа 2 цагийн дотор хүүхдэд маань ангир уургийг нь амлуулах ёстой байтал миний хүүхдийг надад хөхүүлээгүй. Надад төрсний дараах анхаарал тавиагүй, миний бие муудсан. Би 20-иод хоногийн хугацаанд 3 удаа нурууны мэдээ алдуулалттай хагалгаанд орсноос болж одоо нуруу их өвддөг болсон. Би нийт 33.552.410 төгрөг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна гэв.

 

         Xавтаст хэргээс:

Хохирогч М.Н- мөрдөн байцаалтанд: “...2017 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн орчмоос эхэлж төрөхөөр өвдөөд шөнийн 03 цаг өнгөрч байхад ЭХЭМҮТ-ийн хүлээн авахад хүргэгдэж очсон...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 05 минутад 4200 гр жинтэй хүү төрүүлсэн, төрөлтийг Б.Х- гэдэг эмч удирдсан. Намайг төрөхөөс өмнө их хүчтэй өвдөлт өгөөд байхаар нь би Б.Х- эмчид хийсвэр хийлгэмээр байна, өөрөөрөө төрж чадахгүй, хэцүү байна гэхэд Б.Х- эмч намайг залуу хүн болохоор өөрөөрөө төрж чадна гэсээр байгаад эмч нар гэдсэн дээр тохойлдож, доошоо багажаар татах зэргээр миний хярзанг хайчлаад доогуур багаж  оруулаад доогуур төрүүлсэн. Төрсний дараа 2 цагийн дотор хүүхдэд маань ангир уургийг нь амлуулах ёстой байтал миний хүүхдийг надад хөхүүлээгүй, гэдсэн дээр хүүг минь авчирч тавиагүй төрсөн өрөөнд 2 цаг байлгаад эхэс гарсны дараа миний хярзанг оёоод төрсний дараах тасагт шилжүүлсэн. Түүнээс хойш нэлээн удсаны дараа миний хярзанг оёоод төрсний дараах тасагт шилжүүлсэн. Түүнээс хойш нэлээн удсаны дараа миний дотор муухайраад бие муудсан, сувилагч нар сандраад түргэний ор авчраад хагалгааны өрөө рүү оруул гэж хоорондоо  ярилцаад байсан, нэг мэдэхэд нэг эмч миний гараас бариад сэрээрэй гээд байсан, тэр хооронд юу болсныг би санахгүй байгаа. Намайг хагалгаанд оруулах гээд аваад явж байсан уу, эсвэл хагалгаанд орсны дараа юу гэдгийг би тодорхой мэдэхгүй, ямарч гэсэн нэг хар үстэй эмэгтэй эмч нар юм бичсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан, надад тэр бичгийг нь уншиж ойлгох чадвар байгаагүй. Эмч нар намайг хэд хэдэн удаа хагалгаанд оруулсан, гэхдээ 3 дээш удаа гэж бодож байна. Эмч нар эхний хагалгаагаар миний савыг авахдаа үрийн сувгийг нь үлдээсэн гэх боловч дараагийн хагалгаагаар миний үрийн сувгийг бас авсан. ...Хагалгааны дараа эмч нар өрөөнд орж ирээд үзээд гардаг ч надад ямар хагалгаа хийсэн, юу болсон талаар яриагүй, чи их хэцүү хагалгаанд орлоо гэж хэлж байсан. Эмч нар миний асуусан асуултад хариулахгүй нэг л сонин байгаад байхаар нь надаас юм нуугаад байгааг гадарласан, миний бие дээрдээд эмнэлгээс гарахын өмнөхөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны орчим А- гэдэг эмчээс би эмч нар миний умай буюу савыг авсан талаар сонссон, тэр эмч надад хэлэхдээ чиний савыг авахаас өөр арга байгаагүй гэсэн. ...мөн надад эхний хагалгаа хийсэн И- болон хоёр дахь хагалгаа хийсэн эмчид /нэрийг мэдэхгүй/ гомдолтой. Би хүүгээ хөхөөрөө хооллох боломжгүй болж дандаа угжиж байгаа, сэтгэл санаагаар хохирсон. Төрсний дараах тасгийн сувилагч нар намайг төрсний дараах тасагтаа албан ёсоор хүлээж авч бүртгэх ёстой байсан боловч намайг  хүлээлцэлгүй шууд тасаг руу нь оруулж хэвтүүлсэн, хүлээлцээгүй учраас намайг 15 минут тутам шалгаж биеийн байдлыг минь үнэлээгүй, даралт, пульс зэргийг шалгаагүй. Миний сав болон үрийн сувгийг эмч нар хагалгаа хийж авахдаа надаас зөвшөөрөл аваагүй, миний гэр бүлийнхэнтэй зөвшилцөж мэдэгдээгүй, биднээс нуусан, энэ талаар бид нар өөрсдөө олж мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-18/,

Гэрч Д.М- мөрдөн байцаалтанд: “...Миний төрсөн охин Д.М- овогтой М.Н- нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Эр барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн төрөх тасагт 14 цаг 10 минутад төрсөн. Төрөлтийг тус эмнэлгийн төрөх тасгийн Б.Х- удирдаж төрүүлсэн бөгөөд М.Н- хэвтэх үедээ төрөх хугацаа нь болчихсон. Илүү тээлттэй байсан учраас ар гэрийн зүгээс М.Н- хийсвэр хийж төрүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл Б.Х- эмч залуу бие сайтай хүн юм хярзанг нь хайчилж доогуур нь төрүүлсэн байсан. Хэрэв миний охин хийсвэрээр төрсөн бол ямар нэгэн өвчин зовлонгүй сав болон үрийн сувгаа авахуулахгүй нөхөн үржихүйн эрхтэнтэйгээ хэвийн байх байсан...Миний охиныг тус эмнэлэгт хэвтэж байхдаа цус алдсан гээд шууд хагалгаанд оруулаад эхний хагалгаагаар савыг нь авсан байна лээ. Энэ талаар хагалгаа хийсэн  И- надад хэлээгүй, би тэнд ажилладаггүй хөндлөнгийн өөр эмчээр дамжуулж мэдээд охиныгоо хагалгаанд орсоноос хойш хэд хоногийн дараа И- эмчтэй уулзаад асуухад танай охины амь насыг аврахын тулд хагалгаа хийсэн, савыг нь авсан гэж надад хэлсэн. Энэ мэс заслыг хийлгэснээс хойш миний охин халуураад доошоо үнэртэй юм гараад байсан, гэтэл дотроо идээ бугалчихсан байсан бололтой байна лээ. Хамгийн гол нь бидний зүгээс төрөлтийг буруу удирдаж улмаар ийм олон мэс засал хийлгэхэд хүргэсэн Б.Х- эмчид гомдолтой, И- эмч савыг нь мэс заслын аргаар авсан гэх мөртлөө үрийн сувгийг нь хүртэл идээлүүлээд авахуулахад хүргэсэн....” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20/,

Гэрч Я.Б- мөрдөн байцаалтанд: “...Иргэн Ш.М.Н- нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасагт төрж улмаар 16 цаг 30 минутад төрсний дараах тасаг руу шилжсэн байсан боловч төрсний дараах тасагт шилжээд удаагүй байхдаа цус алдсан, умайн хүзүүний урагдал гэсэн оноштойгоор жижүүрийн эмч төрсөн эх Ш.М.Н-ийг яаралтай хагалгаанд оруулсан байсан. Төрсөн эх Ш.М.Н-ийн тухайд төрөлтийн явцтай холбоотой хүндрэл гаргаагүй, харин тэр эх үтрээний нянгийн үрэвсэлтэй байсны улмаас уг үрэвсэл нь архагшиж улмаар умайдаа нөлөөлснөөс умай агшилтгүй болж цус алдахад хүргэсэн байсан. Ш.М.Н- нь хагалгаанд орсноосоо хойш биеийн байдал нь дээрдэхгүй, төрсөн эхийн үрийн хоолойгоор өгсөх замын халдвар дамжсан байдалтай байсан тул эхний хагалгаанаас хойш долоо хоногийн дараа миний бие Ш.М.Н-ийг 2 дахь хагалгаанд оруулсан ба тэр хоёр дахь хагалгааг би хариуцаж хийсэн юм...Хэрэв үрийн сувгийг аваагүй бол сепсисийн халдвараар эхийн амь нас эрсдэх тул амь насны заалтаар тухайн хагалгааг хийсэн. Хагалгааны дараа эх халуураад биеийн байдал дээрдэхгүй байсан ба улмаар Ш.М.Н- нь өөрөө хүсэлт гаргаад эмчлэгч эмчээ сольсон тул миний дараа эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ч.М- энэ эхийг хариуцаж эмчилсэн. Ч.М- эмч мэс заслын эмчтэй хамтран улмаар Ш.М.Н-ийн умайн үлдэнгэрийг авах 3 дахь удаагийн мэс засал хийсэн бөгөөд манай эмнэлэгт төрсөн эх Ш.М.Н-т нийт 3 удаа хагалгаа хийгдсэн. Харин миний бие хариуцаж хийсэн 2 дахь хагалгааны дараа төрсөн эхийг унтуулгатай хэвлий, гэдсийг угаасныг Ш.М.Н- нь хагалгаа гэж ташаа ойлгосон бололтой байна лээ...Шинжилгээгээр төрсөн эхэд трихомонад өвчний үүсгэгч илэрсэн, улмаар үрийн хоолойгоор идээ тархсан зэрэг нөхцөл байдал нь энэ эхийг төрсний дараа хагалгаанд орох нөхцөл байдалд хүргэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24-25/,

 

Гэрч Ч.М- мөрдөн байцаалтанд: 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасагт төрсөн гэх  М.Н- гэдэг эмэгтэйд урд өмнө нь хийгдсэн гэх мэс заслын талаар би мэдэхгүй, миний хувьд иргэн М.Н-т хийгдсэн хамгийн сүүлийн буюу 3 дахь хагалгааг гардаж хийсэн эмч нь болно. ...Мэс заслын явцад М.Н-ийн хэвлийг нээхэд хэвлийд нь идээт, умай болон үрийн суваг авагдсан байдалтай, мөн хэвлий гэдэсний гогцоо хооронд, сэмж орчим, аарцгийн хөндийд идээтэй байсан учраас би хагалгааны явцад идээг угааж цэвэрлэж соруулаад урсгуур тавьсан...М.Н- нь эх барихын шалтгаант өсөх замын үхжил халдвартай байсан ба хоруу чанартай идээт халдвар учраас тэр идээ нь биеийн хаана ч үүссэн байж болзошгүй байдаг бөгөөд хүний бие өөрөө идээт өвчин үүсгэх орчин нь учраас миний бие 3 дахь хагалгааг хийхдээ идээ бээрийг нь угааж цэвэрлээд урсгуур тавьсан юм...Жирэмсэн эхчүүдэд бактериологийн шинжилгээгээр бус полимиразийн гинжин урвалын шинжилгээг жирэмсний хяналтад байх хугацаанд толгой дараалан хийх эдийн засгийн боломж бололцоо байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №456 дугаартай Б.Мөнхцэцэг, Б.Ариунзул, Н.Туяа нарын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ: “...М.Н-т төрөлтийг төрөх замаар вакум таталтын тусламжаар төрүүлсэн байх ба эхийг кассер мэс заслаар төрүүлэх заалт үгүй байжээ. Вакум таталтын үед умай урагдсан байх боломжтой байна. Эхэд төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн урагдлын шалтгаант төрсөний дараах эрт үеийн цус алдалтыг оношлоогүй цаг алдаж цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэн байна” гэх дүгнэлт /3 хх-ийн 7-11/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны №953 дугаартай Ч.Эрдэмболор, Т.Сэлэнгэ, Б.Даваасүрэн, Ж.Энхцэцэг, Д.Янжинсүрэн нарын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ: “...Харин М.Н-т хийгдсэн хагалгаанууд нь заалтын дагуу, эхийн амь насыг аврахад зайлшгүй шаардлагатай байсан эмчилгээ тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. М.Н-т хийгдсэн мэс заслууд нь зохих журмын дагуу хүндрэлийг арилгах зорилгоор хийгдсэн байна. М.Н-ийн умайн хүзүү бүрэн нээгдсэн, ургийн толгой аарцгийг уйтан хэсэгт ирсэн, ургийн бүтэлтийн шинж илэрсэн зэрэг нь тухайн үед багажаар төрүүлэх заалттай, кассер хагалгаа хийх заалтгүй байжээ. Эхэд төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн хүзүүний урагдал, умайн агшилтын сулралын шалтгаант төрсний дараах цус алдалтыг эрт оношлоогүйгээс цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч, эхийн амь насанд аюултай байдалд хүрсэн байна. Өгсөх замын халдвар, эхийн биеийн байдал зэрэг нь умайн хүзүү урагдах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Умайн булчингийн архаг үрэвслийн үед вакум таталт хийсэн нь умай, үрийн сувгийг тайрах шалтгаан болохгүй...М.Н-ийн төрөлтийг вакум таталтаар төрүүлэхэд умайн хүзүү урагдсан нь эмнэлэгийн тусламж үйлчилгээний үед гарсан  хүндрэл бөгөөд урагдсан умайг хүзүү, умайн булчингийн агшилтын сулрал , умайн хамт тайрсан нь төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэний улмаас хийгдсэн мэс засал болно” гэх дүгнэлт /4 хх-ийн 9-14/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 84/, иргэний үнэмлэхний лавалгаа /3хх-ийн 76/ зэрэг баримтудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Х- нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эх баригч эмэгтэйчүүдийн эмнэлэгийн төрөх тасагт иргэн М.Н-ийн төрөлтийг удирдаж төрүүлэхдээ эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч М.Н-ийг вакум таталтаар төрүүлэх явцад умайн хүзүү урагдсан, төрсний дараах цус алдалт цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүсгэж, эрүүл мэндэд  хүнд хохирол учирсан нь:

хохирогч М.Н-ийн:  “...түүнээс хойш нэлээн удсаны дараа миний дотор муухайраад бие муудсан, сувилагч нар сандраад түргэний ор авчраад хагалгааны  өрөө рүү оруул гэж хоорондоо ярилцаад байсан, нэг мэдэхэд нэг эмч миний гараас бариад сэрээрэй гээд байсан, тэр хооронд юу болсныг би санахгүй байгаа. Намайг хагалгаанд оруулах гээд аваад явж байсан уу, эсвэл хагалгаанд орсны дараа юу гэдгийг би тодорхой мэдэхгүй, ямарч гэсэн нэг хар үстэй эмэгтэй эмч нар өвөргүй юм бичсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан, надад тэр бичгийг нь уншиж ойлгох чадвар байгаагүй...Төрсний дараах тасгийн сувилагч нар намайг төрсний дараах тасагтаа албан ёсоор хүлээж авч бүртгэх ёстой байсан боловч  намайг  хүлээлцэлгүй шууд тасаг руу нь оруулж хэвтүүлсэн, хүлээлцээгүй учраас намайг 15 минут тутам шалгаж биеийн байдлыг минь үнэлээгүй, даралт, пульс  зэргийг шалгаагүй. Миний сав болон үрийн сувгийг эмч нар хагалгаа хийж авахдаа надаас зөвшөөрөл аваагүй, миний гэр бүлийхэнтэй зөвшилцөж мэдэгдээгүй, биднээс нуусан, энэ талаар бид нар өөрсдөө олж мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-18/, гэрч Д.М-: “...Төрөлтийг тус эмнэлэгийн төрөх тасгийн Б.Х- удирдаж төрүүлсэн бөгөөд М.Н- хэвтэх үедээ төрөх хугацаа нь болчихсон. Илүү тээлттэй байсан учраас ар гэрийн зүгээс М.Н- хийсвэр хийж төрүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл Б.Х- эмч залуу бие сайтай хүн юм хярзанг нь хайчилж доогуур нь төрүүлсэн байсан. Хэрэв миний охин хийсвэрээр төрсөн бол ямар нэгэн өвчин зовлонгүй сав болон үрийн сувгаа авахуулахгүй нөхөн үржхүйн эрхтэнтэйгээ хэвийн байх байсан. ...Миний охиныг тус эмнэлэгт хэвтэж байхдаа цус алдсан гээд шууд хагалгаанд оруулаад эхний хагалгаагаар савыг нь авсан байна лээ... Хамгийн гол нь бидний зүгээс төрөлтийг буруу удирдаж улмаар ийм олон мэс засал хийлгэхэд хүргэсэн Б.Х- эмчид гомдолтой, И- эмч савыг нь мэс заслын аргаар авсан гэх мөртлөө үрийн сувгийг нь хүртэл идээлүүлээд авахуулахад хүргэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20/, гэрч Я.Б-: “...Хэрэв үрийн сувгийг аваагүй бол сепсисийн халдвараар эхийн амь нас эрсдэх тул амь насны заалтаар тухайн хагалгааг хийсэн. Хагалгааны дараа эх халуураад биеийн байдал дээрдэхгүй байсан ба улмаар Ш.М.Н- нь өөрөө хүсэлт гаргаад эмчлэгч эмчээ сольсон тул миний дараа эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ч.М- энэ эхийг хариуцаж эмчилсэн. Ч.М- эмч мэс заслын эмчтэй хамтран улмаар Ш.М.Н-ийн умайн үлдэнгэрийг авах 3 дахь удаагийн мэс засал хийсэн бөгөөд манай эмнэлэгт төрсөн эх Ш.М.Н-т нийт 3 удаа хагалгаа хийгдсэн...Шинжилгээгээр төрсөн эхэд трихомонад өвчний үүсгэгч илэрсэн, улмаар үрийн хоолойгоор идээ тархсан зэрэг нөхцөл байдал нь  энэ эхийг төрсний дараа хагалгаанд орох нөхцөл байдалд хүргэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25/, гэрч Ч.М-: “...М.Н- нь эх барихын шалтгаант өсөх замын үжил халдвартай байсан ба хоруу чанартай идээт халдвар учраас тэр идээ нь биеийн хаана ч үүссэн байж болзошгүй байдаг бөгөөд хүний бие өөрөө идээт өвчин үүсгэх орчин нь учраас миний бие 3 дахь хагалгааг хийхдээ идээ бээрийг нь угааж цэвэрлээд урсгуур тавьсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 26/, шинжээчийн 456, 953 тоот дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын хавтаст хэргийн материал, өвчтөн М.Н-ийн өвчний түүх, эмчийн үзлэг, хийгдсэн мэс ажилбарын явцын тэмдэглэл, шинжилгээ явуулахад ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг харьцуулан судалж өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд мөрдөгчийн тавьсан асуултанд  бүрэн хариулж, тус тусын дүгнэлтийг гаргасан, шинжилгээний хүрээ, шинжээчдийн хариултууд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамарч чадсан, шинжилгээний үр дүн буюу шинжээчдийн дүгнэлтүүдийг бүх талаас нь шинжлэн судалж хооронд нь хэргийн нөхцөл байдалтай харьцуулах, эх сурвалжийг магадлах, үндэслэлийг хянах байдлаар дүгнэлт өгч тэдгээрт тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул дахин шинжилгээ явуулах шаардлагагүй юм.

 

       Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №456 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 22-ны №953 дугаартай дүгнэлтүүд нь М.Н-ийг төрүүлэх явцад болон төрсний дараах байдалд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаар үндэслэл бүхий хариултыг хангалттай өгсөн гэж шүүх дүгнээд, өмгөөлөгчийн гаргасан дээрхи санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно.    

 

       Шүүгдэгч Б.Х-ы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

       Б.Х-ы дээрхи хууль бус үйлдлийн улмаас М.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь хоорондын шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

        Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х-ыг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        Хохирол хор уршгийн хувьд хохирогч нь шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан болон шинээр гаргаж өгсөн баримтаар нийт 33.552.410 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэнээс хохирогчийн өмгөөлөгчийн зардалд төлсөн 5.000.000 төгрөг, хүүхдийн сүү авсан 7.956.256 төгрөг, хоол хүнс авсан 543.800 төгрөг, бензин шатахуунд зарцуулсан 2.974.800 төгрөг, нийт 16.474.856 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй болно.

Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

            Мөн шатахууны зардал нь эргэлзээтэй, зарим баримт нь давхцсан дээрх баримтууд нь давхар нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хохиролоос хасч тооцсон.

           

            Хохирогчийн нэхэмжлэлээс эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн нийт 5.832.800 төгрөгийн хохиролыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Н-т олгохоор шийдвэрлэв.

 

         Хохирогчийн цаашид сэтгэл засал хийлгэх 2.400.000 төгрөг, 6.670.000 төгрөг зэрэг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон дээрх нэхэмжлэлийн талаархи нотлох баримт хангалтгүй, мөн яг хэдэн төгрөгөөр цаашид эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь хохирол хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Х-аас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.

 

       Шүүхээс, шүүгдэгч  Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

        Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу эх барих эмэгтэйчүүдийн төрөх тасгийн их эмчээр ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу /хохирогчийн нөхөн үржихүйн эрхтэн саваа авахуулсан/ хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7,  36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Б.Х-ыг эмнэлэгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эх барих эмэгтэйчүүдийн төрөх тасгийн их эмчээр ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

         4. Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогчийн нэхэмжлэлээс нийт 16.474.856 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-аас 5.832.800 төгрөг гаргуулж хохирогч М.Н-т олгосугай.

 

7. Хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ