| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00677/И |
| Дугаар | 102/ШШ2017/00645 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/00645
2017 оны 03 сарын 07 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00645 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13а байрны 117 тоотод оршин суух Сартуул овогт Хайдавын Азжаргал /РД-ЧИ64100510/-ын
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Азжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн харъяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан учир нь 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улсын галын аюулаас хамгаалах газрын харъяа Олон Улсын пионерын Найрамдал зусланд гал сөнөөгч, сэргийлэгчээр ажиллаж байснаа тогтоолгох гэсэн юм.
Би тус газарт 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гал сөнөөгч, сэргийлэгчээр орж ажиллаад 1990 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэл ажилласан.
Одоо би өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилд орсон тушаал, цалингийн тодорхойлолт зэрэг баримтууд байгаад гарсан тушаал байхгүй, олдохгүй байгаагаас тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон.
Би уг хүсэлтээ нотлохоор холбогдох баримтуудыг шүүхэд өгсөн, гэрчээс мэдүүлэг авахуулсан.
Иймээс Улсын галын аюулаас хамгаалах газрын харъяа Олон Улсын пионерын Найрамдал зуслан /одоогийн Онцгой байдлын галын алба/-д 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гал сөнөөгч, сэргийлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Тус зуслангийн газрыг онцгой обьект байсан бөгөөд гал сөнөөгч, сэргийлэгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг, гал сэргийлэн хамгаалах пост гэж явдаг байсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хүсэлт гаргагч Х.Азжаргалын ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Х.Азжаргал, Улсын галын аюулаас хамгаалах газрын харъяа Олон Улсын пионерын Найрамдал зусланд 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гал сөнөөгч сэргийлэгчээр ажиллаж байсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02/1010, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 02/587 тоот Архивын лавлагаа, цалингийн хүснэгт, гэрч Ц.Нямсүрэн, И.Чинбат нарын мэдүүлэг нотлогдож байна. /хх-5, 16-17, 18 дугаар хуудас/
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Хайдавын Азжаргал /РД-ЧИ64100510/-ыг Улсын галын аюулаас хамгаалах газрын харъяа Олон Улсын пионерын Найрамдал зусланд 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гал сөнөөгч сэргийлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Хайдавын Азжаргал /РД-ЧИ64100510/-ыг Улсын галын аюулаас хамгаалах газрын харъяа Олон Улсын пионерын Найрамдал зусланд 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гал сөнөөгч сэргийлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,зз200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД