Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 725

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           06                                      2020/ШЦТ/725

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Н.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005022471181 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ..-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ххх” ХХК-д угсралтын техникч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Д /РД:аа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Hill side” хотхоны ... байрны ... тоотод хохирогч Ж.Н г зодож, эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Hill side” хотхоны ... байрны .. тоотод хохирогч Ж.Н г зодож, эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ж.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр найз Э тай уулзаад гадуур явж байгаад 18 цагийн үед бид хоёр манай гэрт ирсэн. ...Би охинтойгоо эмийн сан орох гээд гартал Н.Д  ирчихсэн орцонд зогсож байсан. Тэгээд би тамхийг нь авчихаад салах гэсэн Н.Д  явахгүй цуг оръё гээд байхаар нь удахгүй явна биз гэж амыг нь асууж байгаад гэрт оруулсан. Тэгээд гэрт орчихоод байж байх хугацаанд найз охин Э гийн нүдийг хариулж байгаад надад хүрээд, намайг оролдоод, үнсэх гээд, тэврэх гээд байсан. ...би Н.Д г “чи яасан их пиво уудаг юм наад пиво чинь дуусчихлаа одоо гар гэсэн чинь Н.Д  намайг түлхэж унагаагаад гал тогооны шүүгээн дээр байсан Н.Д  надад өгч байсан утсаа аваад халаасандаа хийсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө зүйлсийг устгаадахъя гэхэд өгөхгүй зууралдаад миний зүүн талын хацар луу 1-2 удаа алгадаад намайг түлхсэн үү, өшиглөсөн үү би буйдан руу хойшоо эгцээрээ савж унаад унахдаа буйдангийн урд байдаг буйдангийн ширээг дагзаараа мөргөж унасан. ...би түлхүүрээ авангуут намайг үсдээд нүүрний зүүн тал руу хэд хэдэн удаа цохисон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн багын найз Н той 16 цагийн үед уулзсан. ...Н.Д  Н гийн цээжин хэсэг рүү 2 гараа саваад нилэн олон удаа гараараа цохиод байсан. ...Н  Н.Д г хөөж гаргах гээд гэрийнхээ хаалгаар гарсан чинь Н.Д г татаж чирээд орцонд гаргаад нүүр нүдгүй балбаад байсан. Нилээн олон удаа толгой, цээж хэсэг рүү нь балбаад байсан. ...Н гийн үс нь сэгсийчихсэн, нүүр нь хавдартай байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7796 дугаартай шинжээчийн:

“...1. Ж.Н гийн биед зүүн доод зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 04-ны өдөр танил Н  тамхи авч ирээд өгчих юм бишүү гээд 18 цаг өнгөрч байхад ...Н г дуудаад гадаа нь уулзсан. Н д би орж болох юмуу гэхэд оръё гэж хэлсэн. ...Тэр хоёр том пиво хувааж уусан байсан. Би Н гоос дахиж пиво уух уу гэхэд Н  өөрөө мэд гэхээр нь би 1 том 2,5 граммын пиво аваад бид гурав хувааж уусан. ...Н  намайг гэрээсээ хөөсөн. Тэгээд би явна гэдгээ хэлээд тагтан дээр гарч тамхи татаад тэнэг юмуу хаашаа юм өөрийг нь хэлээгүй байхад гэхэд Н  миний араас нэг зүйл шидээд миний нурууг оносон. Юу шидсэнийг мэдэхгүй хатуу юм байсан. Тэгээд араас нь гүйж ирээд толгой болон шилэн хүзүүрүү хоолны халбагаар цохисон. Тэгхээр нь би том өрөөнд эргээд ороход Ээгийн гэх эмэгтэй ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд та хоёр чинь юу болоо вэ чи одоо явчих гэсэн. Тэгхээр нь би явна явна гээд буйдан дээр суугаад миний аяганд үлдсэн пивийг нь уух гээд суутал Н  ирээд аягатай пивийг аваад миний толгой дээрээс асгасан. Тэгээд би уурлаад би явлаа гээд Н д түр хугацаанд бариулж байсан А9 маркийн гар утсаа авъя гэхэд өгөхгүй гэсэн. Гал тогооны шүүгээн дээр миний утас байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Тэгсэн Н  намайг үсдээд толгой нуруу руу баахан цохихоор нь би 2 гараараа 2 мөр рүү нь түлхсэн. ...Н гийн толгой руу түлхээд 1-2 удаа алгадсан. ...зүүн гараа савж гарыг нь холдуулсан. Тэгээд Н г алгадаад лифтэнд суугаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

“хххх” ХХК-иас ирүүлсэн “...Нарангэрэл овогтой Н.Д  нь тус компанид 2018 оны 9 дүгээр сараас эхлэн Угсралтын техникч албан тушаалд ажилладаг болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хэргийн 34 дүгээр хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 38-40 дүгээр хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 47 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 49 дүгээр хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 55 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Н.Д  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч Ж.Н гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Д  нь хохирогч Ж.Н гийн толгой хэсэгт гараараа цохисон болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Н.Д г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

 

Хохирогч Ж.Н гийн “...миний бие энэ хэргийн улмаас ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Хохирол байхгүй, гомдол санал байхгүй. Н.Д тэй сайн дураараа эвлэрсэн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн хүсэлт /хэргийн 48 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Н.Д  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Д д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Д  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Д  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Д  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.Д д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Д  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Д г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Д д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Н.Д  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Д  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО