Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2017/03778/и |
Дугаар | 001/ХТ2018/01162 |
Огноо | 2018-09-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/01162
Б.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00292 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 753 дугаар магадлалтай,
Б.Бын нэхэмжлэлтэй
“МХТ”ХХК-д холбогдох
Олгоогүй үлдсэн цалин 1 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МХТ”ХХК-д 2017 оны зун Гүнж жуулчны баазад туслах ажилтнаар ажилд орсон. Ажил маань улирлын чанартай учраас 2017 оны 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж, сард 500 000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. 2017 оны 5 дугаар сарын 18-наас ажилдаа орж, мөн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл тус компани нь 70 гаруй хоног ажиллаж байхад 5 дугаар сард ажилласан 10 хоногийн цалин гэж 140 000 төгрөг л өгсөн. Цалингүй ажиллуулаад байсан учир би арга буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа орхиж хотод ирсэн. Иймд хариуцагч “МХТ”ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх 2 сарын цалин 1 000 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдаг. Б.Б ажиллаж байх хугацаанд ажлыг хангалтгүй хийдэг байсан. Ажлын байранд заасан тодорхой ажлуудыг хангалтгүй биелүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр ажил олгогчид мэдэгдэхгүй өөрийн ажлаа хаяад явсан. Ажил хаяж явсан шалтгаан нь тодорхойгүй. Явахдаа баазын бүх ажилчдыг уруу татан авч явах гэж уриалсан байдаг. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар шалтгаангүйгээр мэдэгдэхгүй 3 хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж цалин хөлс олгохгүй гэж заасан байгаа. Тиймээс цалин өгөх үндэслэл байхгүй. Талуудын хөдөлмөрийн гэрээний дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг харилцан тохиролцоод төлөхгүй гэсэн шийдэлд хүрч цалингаа бүтнээр нь авъя гэсэн шийдэлд хүрсэн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлнэ гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн олгогдоогүй цалин 1 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00292 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МХТ”ХХК-иас 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгож, нэхэмжлэлээс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 753 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хариуцагч талаас эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл байдалд бүрэн дүгнэлт өгөөгүй, нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1 дэх хэсэгт шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг зохицуулсан бөгөөд 126.1 дэх хэсэгт “шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1 дэх хэсэгт заасан маргааны төрөлд хамааралгүй бөгөөд тус хуулийн 126.1-д заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал, 117.1-д “...65.1.3-65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “МХТ”ХХК-иас 2 сарын цалин 1 000 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч маргаж, “...нэхэмжлэгч нь ажлаа хангалтгүй биелүүлсэн, ажлаа орхиж явсан...” гэх үндэслэл заажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн боловч Б.Бын нэхэмжлэлийн талаар хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “МХТ”ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Гүнж жуулчны баазад туслах ажилтнаар 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан, цалин хөлсийг сарын 500 000 төгрөгөөр тохирсон ба ажил олгогч 6, 7 дугаар сарын цалин олгоогүй үйл баримт хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдсон, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан зохицуулалтын дагуу цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангасан нь хуулийн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа орхиж явснаас хойш цалин хөлсийг шаардаж байсан боловч ажил олгогч олгоогүй тул шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор байх тул “хугацааг хэтрүүлсэн” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, нэхэмжлэгч нь “...нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэж тохиролцсон...” гэх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж чадаагүй” гэх алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь буруу болжээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж хуулиар үүрэг ногдуулсан тул ажил олгогч нь биелүүлэх ёстой юм. Иймд “...нэхэмжлэлээс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 753 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00292 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...нэхэмжлэлээс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын 2017 оны 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн талаар нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА