Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Хишиг оргилуун ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт нэртэй талбайд ашигт малтмал хайгуулын XV 010515 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эзэмшиж байсан.

Бид тусгай зөвшөөрлийн жил бүрийн ээлжит төлбөрийг төлж, хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу батлуулан ажиллаж байсан.

Гэтэл 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын их хурлаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийг гэнэт баталж, манай компанийн энэхүү тусгай зөвшөөрөл нь энэ хуулийн үйлчлэлд орж хязгаарлагдсан. Ингээд тодорхойгүй байдал үүсч, бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон боловч бид тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр байсан.

2004 оны 07 дугаар сард өмнөх жилүүдийн нэгэн адил байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар батлуулахаар очсон боловч тухайн үед сумын Засаг дарга Б.Сэргэлэн, байгаль орчны байцаагч аль нь ч байхгүй, томилолттой гал түймэр гарсан байгаа гээд бидэнтэй огтхон ч уулзаагүй, хүмүүс нь эзгүй байсан юм.

Ийнхүү байгль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан бичиг баримтын бүрдэл хангагдах боломжгүй болж, улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах боломжгүй болсон боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бид тусгай зөвшөөрлөө сунгуулахаар учир байдлаа тайлбарлан хандсан боловч Ашигт малтмалын хуульд заасан баримт бүрдэл болоогүй тул танай өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн.

Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүйн улмаас тусгай зөвшөөрлөө алдаж, маш их хохирол амсаж, хайгуулын ажилд зарцуулсан зардал болон олон жилийн хүч хөдөлмөрөөрөө хохирчихоод байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын байгаль орчны менежментийн 2014 оны төлөвлөгөөг батлаагүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ерөө сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ерөө сумын Засаг дарга Хишиг оргилуун ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгий Ерөө сумын Засаг даргад холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хишиг оргилуун ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ерөө сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлж хүсэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хишиг оргилуун ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хишиг оргилуун ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Ц.БАЙГАЛМАА