Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0128

 

 

 

 

 

 

 

-

 

 

 

Б.Я-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0799 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

   Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

 

Хэргийн оролцогчид: 

   Нэхэмжлэгч Б.Я

   Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

  

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,190,255 /арван гурван сая нэг зуун ерөн мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0799 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Хэргийн индекс: 128/2019/0541/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0799 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасныг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж”  

1.2 Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар “ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Я-ын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,096,698,60 /арван гурван сая ерөн зургаан мянга зургаан зуун ерөн найман төгрөг жаран мөнгө/ төгрөгийг олгож нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 онд Дорноговь аймгийн Сайншанд суМ-ын Хамрын хийдийн цогцолбор газарт ажиллах үеэр суурьшлын бүсийн иргэд ундны усны чанар муу байгааг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор “Хөөтийн өрөмдөл худаг”-т цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах 15 сая төгрөгийн санхүүжилтийг Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанд шилжүүлсэн. Гэтэл Б.Я нь цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулалгүй 2 жил болж байгаа бөгөөд үүний улмаас нутгийн иргэдийг чанартай усаар хангах асуудал шийдэгдээгүй, мөн Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Зээгийн хөтлийн газар доорх усны хяналт шинжилгээний цооногт хамгаалалтын барилга барих 9,5 сая төгрөг гаргаж барилга бариулсан боловч стандартын дагуу баригдаагүйн дээр 5 сая төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн, байгууллагын авто машиныг хувийн хэрэглээндээ ашиглаж машины кроб эвдсэн, мост ажиллагаагүй болгосон зэрэг удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан зөрчил илэрсэн.

2.2 Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэг”, 37.1.13 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангах” үүргийг тус тус хүлээх, Усын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах зэргийг зөрчсөн байна гэж үзэж Б.Я-г төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

2.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах” гэж заасан: Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргаар одоо ажиллаж байгаа албан хаагчийн эрх ашиг мөн хөндөгдөж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Тус маргааныг өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0504 дүгээр шийдвэрээр шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч мөн эс зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад “хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт дурдсан буюу Б.Я-г зөрчил гаргаж байсантай холбоотой нотлох баримт байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 521 дүгээр магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч одоогийн буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0799 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол нь өмнө нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргаж байсан давж заалдах гомдолтойгоо он, сар, бүтэц, агуулга, үг, үсэг, үндэслэл нь яг адилхан байна. Мөн гомдолдоо 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0799 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэсэн боловч гомдлын шаардлагаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл гомдол нь тодорхой бус буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.4, 115.2.5 дахь хэсэгт зааснаар ямар шүүхийн шийдвэрийг давж заалдах байгаа, ямар үндэслэл, заалтыг зөвшөөрөхгүй байгаа, ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

3.2 Хариуцагч гомдолдоо “...Б.Я нь удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан зөрчил дутагдал илэрсэн тул Б.Я-г 2021 оны Б/02 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн. Тус албан тушаалд одоо ажиллаж байгаа албан хаагчийн эрх ашиг мөн хөндөгдөж байна...” гэсэн үндэслэлийг дурджээ. Өөрөөр хэлбэл Б.Я-г төрийн албанаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалын гол үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан “Хуульд заасан бусад үндэслэл” нь Б.Я-г зөрчил гаргасан явдал гэж тайлбарладаг. Дээр дурдсанчлан өмнө нь давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхээр болж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1/7844 тоотыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлж, үүгээрээ Б.Я-г зөрчил гаргаж байсантай холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлэхийг шаардсан байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхэд ирүүлсэн албан тоотоор “...зөрчил дутагдал гаргасан талаарх баримтууд нь тус яамны бичиг хэргээр бүртгэгдэж ирээгүй байх тул гомдол мэдээлэл олдохгүй байна” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн. Мөн Б.Я-г зөрчил гаргаж байсан талаарх баримт байхгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны үеэр хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэсэн талаа өнөөдөр давж заалдах гомдолдоо дахиад л Б.Я-г зөрчил гаргасан учраас төрийн албанаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт “Зөвлөл эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байхад хариуцагч өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд гаргасан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгчийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй эс үйлдэхүй гаргасаар байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль бус байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэхгүй зарим шаардлагыг шийдвэрлэсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Б.Я-ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

3. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолоор хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б.Я-г албан тушаалаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянаж, хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгон, Б.Я-г урьд эрхэлж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэсэн, дээрх нэхэмжлэлийн шаардлага нь тус тогтоолыг биелүүлээгүйтэй холбоотой байх тул захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар заавал биелэгдэх, биелүүлээгүй тохиолдолд тусгай албадлага хэрэглэх хуулиар тусгайлан зохицуулсан асуудал байна.

4. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно”, 76.4-д “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ... буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 76.5-д “Энэ хуулийн 76.4-д заасан эрх бүхий этгээд нь мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 7 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 76.6-д “Энэ хуулийн 76.4, 76.5-д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална” гэж тус тус зохицуулжээ.

 

5. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол шийдвэрлэх эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөлөөс  Б.Я-ын гомдлыг хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль бус тушаалыг хүчингүй болгон өмнө ажиллаж байсан албан тушаалд томилохыг даалгасан тогтоол гарсан,  түүнийг заавал биелүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хуулийн дагуу албадлыг арга хэмжээ авах замаар биелүүлэх арга журмыг зохицуулсан байхад урьдчилан шийдвэрлэх журмаар эрх, ашиг сонирхол нь сэргээгдсэн иргэн /төрийн жинхэнэ албан хаагч/ шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, түүнийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх  үндэслэлгүй.

6. Өөрөөр хэлбэл, төрийн албаны хууль дээдлэх, төрийн алба тогтвортой байх, захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмуудын хүрээнд Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шийдвэрийн гүйцэтгэл, албадлагын арга хэмжээг тусгайлан зохицуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-т заасан нэхэмжлэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

7. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэж, тухайн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн байх тул уг алдааг зөвтгөж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

8. Харин нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай 2 дахь шаардлагын тухайд хариуцагчийн гаргасан хууль бус тушаалын улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Б.Я ёс зүйгүй, зөрчил дутагдал гаргасан учраас чөлөөлөх шийдвэр гаргасан” гэж Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэгэнт хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон тушаалыг “хууль зөрчөөгүй” талаар гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0799 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсэгт нэг дэх заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Я-ын нэхэмжлэлийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 116 дугаар тогтоолоор хууль бус болох нь тогтоогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/02 дугаар тушаалын улмаас Б.Ят учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13,096,698,60 /арван гурван сая ерөн зургаан мянга зургаан зуун ерөн найман төгрөг жаран мөнгө/ төгрөгийг Б.Ят олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмаар нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай” гэж өөрчилж,

“3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-

ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Я-г өмнө ажиллаж байсан Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжүүлэн ажиллуулахыг даалгах” шаардлага бүхий Б.Я-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн гурав дахь заалтыг нэмсэн өөрчлөлтийг тус тус оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ