Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 720

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           05                                      2020/ШЦТ/720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Г.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005021371176 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “рррр” ХХК-д аяганы ёроолчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт 0000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Б /РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тайжийн булгийн эх” нэртэй дэлгүүр дотор хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ц г бусадтай хардан, улмаар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун ухархайн дотор, доод ханын хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст, зүүн зовхи, цээжинд цус хуралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

 

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “хххх” нэртэй дэлгүүр дотор хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ц г бусадтай хардан, улмаар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун ухархайн дотор, доод ханын хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст, зүүн зовхи, цээжинд цус хуралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өмнө цайны газарт ажилладаг байсан. Тухайн үед манай ажил дээр хажуу ажлын хүн ирж хоол цай авч байнга үйлчлүүлдэг байсан. Тэгээд нэг өдөр мөн хоол аваад мэндлээд гарахад манай нөхөр Г.Б  ажил дээр ирсэн байсан. Тэгээд гарахад намайг энэ хүнтэй уулзсан юм уу гээд байсан. Би үгүй гээд бид хоёр маргалдсан. Намайг уг залуутай уулзсан гээд гэртээ байхдаа зодоод үнэнээ хэлээч гээд байхаар нь би уулзсан гэж хэлсэн. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь би жолооны сургалт дээрээ байна. намайг өнөөдөр дромонд гарчих гэж байна гэсэн. Тэгэхэд нөхөр маань намайг чи өнөөдөр дүрмийн хичээлдээ сууна гэсэн биз дээ, чи гадуур амжуулаад байдаг болжээ гэсэн. Жолоогоо тараад ажил дээр хүрээд ир, чиний уулздаг залууг чинь олж уулзъя гэсэн. Би “чи юу солиороод байгаа юм бэ” гэхэд нөхөр ...чамайг гэрээс гарахгүй болтол чинь хэвтэрт ортол чинь зодож болно шүү гэхээр нь би захирал руугаа яриад ажлаа хүлээлгэж өгөөд болсон явдлын талаар ярьсан. ...манай дүү О Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд байдаг Хххнэртэй дэлгүүрт ажилладаг. Уг ажил дээр нь очоод хамт ажиллаж байгаад хамт хонох гэж байсан. Орой ажил нь тараад дэлгүүрээс нь гарахад гадаа нөхөр ирсэн байсан. Би буцаж дэлгүүр рүү нь ороод 00-н өрөөнд нь ороод хаалга цоожлоод байж байхад нөхөр 00-н өрөөний хаалга онгойлгоод орж ирээд чи муу яасан овоо юм чамайг өдөржин утсаа авахгүй байхаар чинь цагдаад мэдэгдсэн гээд гараараа миний баруун нүд рүү хоёр удаа цохисон. Хэвлий хэсэг рүү гараараа  щнэг удаа цохисон. Би амьсгаа авч чадахгүй байсан. Би шоконд ороод сэргэхэд 00-н өрөөний хажуу талын агуулах хэсгийн өрөөнд орсон байсан. Тэгээд миний гар утас аваад шалгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай хүргэн ах Г.Б  над руу залгаад эгч Ц г утсаа авахгүй байна, чи залгаад яриадхаач гэсэн. Би эгч Ц  рүү залгахад Г.Б  намайг дарамтлаад байна, намайг утсаа аваагүй гээд хэлчих гэсэн. Би Г.Б  ах руу залгаад утсаа авахгүй байна гэсэн. Тэгээд орой 20:00 цагийн орчим эгч Ц  миний ажилладаг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах Хххнэртэй дэлгүүрт ирсэн. Манай эгч 00-н өрөө рүү ороод нуугдсан юм байна лээ. Би тухайн үед үйлчлүүлэгчтэй байсан болохоор сайн анзаараагүй. Би эгчийг зодуулж байгаа бололтой орилоод байхаар нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7054 тоот шинжээчийн “1. Б.Ц -н биед баруун ухархайн дотор, доод ханын хугарал, баруун зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст зүүн зовхи, цээжинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Ц  над руу залгаад жолооны сургалт тарж байна гэхээр нь манай ажил руу хүрээд ир өмнө уулзаж байсан хүний талаар чинь яръя гэсэн. Эхнэр за гээд орой 22 цаг болж байхад ирээгүй алга болчихсон. Тэгээд эхнэрээ хайгаад дүү Оийн ажил дээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах Хххдэлгүүр дээр очиход эхнэр байсан ба би эхнэрээ гараад ир гэхэд за гээд гарч ирээгүй. Би уг дэлгүүр лүү ороход манай эхнэр 00-н өрөөнд орсон байсан. Би араас нь ороод баруун мөр  хэсэгт нь гараараа цохисон. Баруун гараараа баруун нүд хэсэгт нь цохиод гараас нь татаж гаргаад хажуу өрөөнд оруулаад зүүн гуя хэсэгт нь өшиглөөд тэгээд эхнэрийн нүд нь хавдчихсан байхаар нь би дахин цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 43 дугаар хуудас/, “Тулга гоёл” ХХК-иас ирүүлсэн “Г.Б  нь ххх ХХК-д мөнгөн аяганы ёроолчноор ажилладаг бөгөөд 1 сарын цалингийн хэмжээ 500.000 төгрөгөөр цалинждаг нь үнэн болохыг үүгээр тодорхойлж байна” гэсэн тодорхойлолт /хэргийн 58 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 59 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 60 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 67 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Г.Б нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ц гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

  Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр ... хамтран амьдрагч” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

 

 Өөрөөр хэлвэл хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Б , хохирогч Б.Ц  нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Б.Ц гийн биед халдаж гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Г.Б ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Г.Б нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч Б.Ц гийн “...Г.Б тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Г.Б  миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хэргийн 58 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Б т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО