| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2020/0101/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/¬¬¬¬119 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/¬¬¬¬119
2020 оны 08 дугаар сарын 04 Дугаар 2020/ШЦТ/119 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Ю.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан ойдов овогт Юрагийн Бд холбогдох 2029000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ю.Б нь 2020 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар амьдрах С.Болдбаатарын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Болдбаатарыг гараараа зодож, хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун гарын чигчий, ядам хуруу, зүүн гарын бугуйнд шарх, хоолойд үүссэн шалбаралт, цээжний урд улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Бд холбогдох эрүүгийн 2029000000089 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, тал бүрээс нь бүрэн, бодитой, үнэн зөв гэж тооцож шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ю.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хот хооронд явах гэж байхад С.Болдбаатар намайг Цагаан хад руу дагуулж явсан, Цагаан хаданд очоод чи ер нь буц энэ дээр ажил алга байна гэсэн өөрөө болохоор машин янзалж ирээд мөнгөтэй болчихоод надаа тамхины ч мөнгө өгөөгүй тэгээд хоёулаа маргаад гар руу зүссэн” гэв.
Шүүгдэгч Ю.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Тэгээд нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг дуудаад сэрээсэн. Тэгээд би цагдаа дээр очоод Болдбаатарыг хутгалснаа мэдсэн.” , “... Тэгхээр нь тухайн үедээ миний уур хүрээд байсан. Тэгээд би архи уусан үедээ Болдбаатарын бие эрх чөлөөнд халдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудаст/
Хохирогч С.Болдбаатрын 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Ханбогд сумын цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-ийн 6-р хуудас/
Хохирогч С.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ю.Б манай гэрийн баруун орон дээр согтуу байдалтай хувцастайгаа унтаж байсан... Ю.Б орон дээрээс босож ирээд би чамайг ална гээд намайг орон дотроо намайг хэвтэж байхад миний толгой руу хоёроос гурван удаа гараараа цохиод дараа нь би чамайг одоо хутгалж ална гэж хэлээд хутга бариад намайг ална гээд дайраад эхлэхээр нь би хутганаас нь бариад автал миний зүүн гарын чигчий хуруу зүсэгдэх шиг болоод миний гар нойт оргиод цус гарах шиг болсон. Тэгэхээр нь би Ю.Б хөөж хөөж байгаад хоцорсон. Тэгээд би зугтааж явсаар байгаад таньдаг ах болох Төмрөө ахын гэрт очоод болсон зүйлийн талаар ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Ю.Бы яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 23 цагийн орчимд С.Болдбаатартай үл ялих зүйлээс болж маргалдан хутга барьж айлгах гэж байгаад баруун гарын чигжий хурууг зүсэж ноцолдож биед нь хөнгөн хохирол учруулсан. Би болсон зүйлийн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн байгаа. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч С.Болдбаатарын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Санжаадоржид 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдөр гаргасан “... Энэ хэрэгт миний зүгээс гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 14-р хуудас/
Гэрч Ч.Төмөрчөдөрийн: “Би 2020 оны 06 сарын 07-ны өдөр 23:40 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэдэг газарт байдаг өөрийн гэртээ унтаж амарч байхад манай гэрийн хаалга нэг хүн “хаалгаа онгойлгоо Төмрөө ахаа” гээд миний нэрээр дуудаад манай гэрийн хаалга нүдээд байхаар нь би “хэн бэ” гээд асуухад “би Болдбаатар байна” гээд надад хэлэхээр нь би хаалгаа онгойлгоод гэртээ би С.Болдбаатарыг оруулхаар Болдбаатар “миний гар луу харахад Ю.Б хутгалсан” гээд надад хэлэхээр нь нь би Болдбаатарын гар луу харахад С.Болбаатарын зүүн гарын чигчий хуруу нь ангайгаад цус гараад тогтохгүй байхаар нь би Цагаан хадны эмнэлэгрүү дагуулаад эмнэлэг дээр яваад очтол Цагаан хадны эмнэлэг хаалгаа онгойлгож өгөхгүй цоожтой байсан. Тэгээд С.Болдбаатар бид хоёр буцаж гэртээ ирээд би Болдбаатарын гарыг нь боож өгөөд шалган 3-р постон дээр байсан замын цагдаагаас цагдаагийн жижүүрийн утас аваад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд С.Болдбаатартай уулзаад хутгалсан гээд байсан хүнийг нь авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24- хуудаст/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. С.Болдбаатарын биед баруун гарын чигчий хуруунд үүссэн шарх, ядам хуруу, зүүн гарын бугуйн үенд үүссэн зурагдалт, хоолойд үүссэн шалбаралт, цээжний урд улайлт үүссэн гэмтлүүд байна. 2. С.Болдбаатарын баруун гарын чигчий, ядам хуруу, зүүн гарын бугуйд үүссэн гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлрээр тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. С.Болдбаатарын хоолой, цээжний урд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудаст/
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол болон эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11- хуудаст/
Шүүгдэгч Ю.Бы хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 39-40, дугаар хуудаст/,
Ю.Бы арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 42-46-р хуудаст/,
Ю.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ю.Б нь 2020 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар амьдрах С.Болдбаатарын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Болдбаатарыг гараараа зодож, хутгаар зүсэж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч С.Болдбаатарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ю.Бы хохирогчийг гараараа цохиж, хутгаар зүссэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Ю.Быг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч С.Болдбаатарын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 364 дугаартай “С.Болдбаатарын биед баруун гарны чигчий хуруунд үүссэн шарх, ядам хуруу, зүүн гарын бугуйн үенд үүссэн зурагдалт, хойлоод үүссэн шалбаралт, цээжний урд улайлт үүссэн гэмтлүүд байна. С.Болдбаатарын баруун гарын чигчий, ядам хуруу, зүүн гарын бугуйд үүссэн гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлрээр тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. С.Болдбаатарын хоолой, цээжний урд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид Учирсан гэмтлүүд цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 26- хуудас/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч С.Болдбаатарын нь “... гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ю.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/116 дугаартай Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 11 см, нийт 20 см урттай хутга 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ю.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.