Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00088

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Аод холбогдох 2032000000090 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1984 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Буянтөрийн А. /РД:*/

 

           Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын № 39 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Бг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн …. ... 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 24 цагийн үед би гэртээ байсан. Би оройн 21 цаг өнгөрч байхад эхнэр лүүгээ утсаар залгаад гэртээ ирэхгүй юм уу гэсэн. Гэтэл эхнэр маань шөнө 24 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэрийг гэртээ ирэхээр нь уурлаж загнаад 2 хацар луу нь алгадаад зүүн чихнийх нь дээд талд цохисон. Хөлийнх нь гуя руу болон гарынх нь мөр орчимд бас цохисон. Би чамайг гэртээ хонуулмаар байнагадуур хонуулмааргүй байна гэж хэлээд гэртээ байлгасан. Тэгтэл эхнэр үүрийн 04 цаг өнгөрч байхад гэрээс гарч эгчийнх рүүгээ явсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Гэрт байнгын хэрүүлтэй байгаа болохоор хүүхдүүдээ өөрийн төрсөн эгч Зчийн гэр лүү буюу Дархан-Уул аймаг руу явуулсан. Нөхөртэйгээ маргалдах болон нөхрийгөө архи уусан үед Отгонтуяа эгчийнд очоод хонодог.

Би хүүхдүүд дээрээ байж байгаад өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед гэр лүүгээ очсон. Намайг гэртээ очиход манай нөхөр ганцаараа архи уусан байдалтай байсан. Намайг ороход машин авчирч өг гээд байхад машин авчирч өгсөнгүй гэж уурлаад толгой руу 2 удаа цохиод авахад нь би манараад газар унасан. Намайг босч амжаагүй байхад толгой руу нүдээд эхэлсэн. Чи юундаа баашлаад байгаа юм бэ би чамайг бос гэж хэлээд байна гээд байсан. Намайг толгой руу зогсоо зайгүй нүдээд байхаар нь мөлхсөөр байгаад амбаарын хаалга руу очиход чи юундаа баашлаад жүжиглээд байгаа юм гээд хажууд ирээд дахиад зодсон. Би арай гэж зугатаагаад хашааны хаалга гудамж руу гүйж гарсан боловч араас хөөж ирээд гэр лүү оруулсан. Хашааны хаалганы гадаа бараг 30 минут орчим толгой руугаа нүдүүлсэн. Цагдаад хэлэхгүй намайг явуулчих намайг битгий зод гэж зөндөө гуйсан боловч чи битгий жүжиглээд бай гээд толгой руу гараараа цохиод алгадаад байсан. Өглөө үүрээр 04 цагийн үед нөхрийгөө унтаад хурхираад эхлэнгүүт нь би гэрээсээ шууд зугатаасан. Гэрээсээ зугатаагаад нагац эгч Отгонтуяагийн гэрт очиж хэсэг амраад эмнэлэгт үзүүлээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /Хх-н 09-10 дугаар хуудас/

Гэрч Б.Зчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө Дархан-Уул аймгаас 09 цаг 20 минутын галт тэргэнд сууж Сэлэнгэ аймаг Мандал суманд ирсэн. Галт тэргэнд суугаад Салхит өртөө өнгөрөөд явж байхад утсаар Б.А ах аниаг зодсон байна гэж охиноосоо мэдсэн. Мандал суманд ирээд Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Б.Б нь зодуулсан байдалтай байсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн № 93 ...... Дүгнэлт:

1.Б.Бгийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, баруун гарын бугалга, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, толгойн зүүн хажуу хэсэг, зүүн шанаа эрүү, зүүн гарын бугалга, шуу, сарвуу, шилэн хүзүү хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх  /Хх-н 15-16 дугаар хуудас/

Б.А нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 31 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 34 дүгээр хуудас/

Хохирогч Б.Бгийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Аоос нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын № 39 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Бг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Аын хохирогч Б.Бгийн толгой нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон  үйлдэл нь гэртээ ирсэнгүй гэсэн хоорондын таарамжгүй харцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигин овогт Буянтөрийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Аыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь 750000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Аод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.