Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 716

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           03                                      2020/ШЦТ/716

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Я.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Я.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005006891120 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт 0000 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Я.Т /РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Я.Т  нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36и байрны гадна 0000 улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож такси үйлчилгээ хийж явахдаа иргэн Э.Н  автомашинд орхиж буусан айфон Х загварын гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Т  мэдүүлэхдээ: “Тухайн үед би байрных нь гадна нилээн хүлээж байгаад гарч ирэхгүй болохоор нь утсыг нь аваад явсан.” гэв.

 

Шүүгдэгч Я.Т  нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36и байрны гадна 0000 улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож такси үйлчилгээ хийж явахдаа иргэн Э.Н  автомашинд орхиж буусан айфон Х загварын гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Эд мөрийн баримтаар тооцсон “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36и байрны гадна талын хяналтын камерын бичлэгтэй сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол /хэргийн 13 дугаар хуудас/,

 

Сиди бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 10:12:19-д таксинаас буугаад гүйгээд явж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Хохирогч Э.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өглөө 10 цагийн үед ажлаасаа гараад Их дэлгүүрийн хойд талаас саарал өнгийн приус маркийн таксинд суугаад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36и байрны хажууд ирээд уг таксины жолоочид би гэртээ ороод хаалгаа түгжээд гараад ирнэ та хүлээж байгаарай би гарч ирээд Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төв орно гэж хэлээд таксины мөнгөө өгөлгүй буугаад гүйгээд явсан юм. Би гэртээ ороод хаалгаа түгжээд эргээд гарч ирсэн чинь нөгөө такси байхгүй яваад өгсөн байсан. Тэгэхээр нь цүнхэнд байсан утсаа харсан чинь байхгүй байсан. Би таксин дотор утсаар ярьчихаад хойд сандал дээр тавиад мартсан гэдгээ мэдсэн юм. Би өөрийн байрны Сөх дээр очоод камер шүүж үзэхэд миний сууж ирсэн машины номер харагдаж байсан юм. Би СӨХ-ийн хүний утсаар өөрийн утас руу залгаж үзтэл миний утас холбогдох боломжгүй болсон байсан. ...приус-20 маркийн 0000 улсын дугаартай саарал өнгийн машин байсан. Би суусан гэх автомашиныхаа жолоочийг харвал танина. 50 орчим насны настай хүн байсан. Мөн тухайн өдөр миний гар утсаар өөрийнхөө царайг тал авсан байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 0000 улсын дугаартай тоёота приус-20 маркийн машиныг анх 2018 онд худалдаж авч байсан. Одоо ББСБ-руу шилжүүлэн Э.Э нэр дээр шилжүүлсэн байгаа. ...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай аав унаж явсан. Учир нь тэр өдөр манай аав намайг зайсангаас гэрээс аваад ажил руу хүргэж өгчихөөд миний машиныг аваад явсан. ...манай аав гэртээ ажилгүй байдаг юм. Миний машинаар гадуур хувиараа таксинд явдаг юм. ...би аавыг бусдын гар утсыг авсан талаар мэдээгүй. Би аавд хэлсэн чинь гар утсыг нь буцааж төлж өгнө гэсэн. ....” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

 

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн №ТХҮ-720/087 дугаартай “... Ай фон Экс гар утсыг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн үнэлгээний дүгнэлт /хэргийн 32 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Я.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би одоогоор тухайн тэр өдрийн яг он сар өдрийг нь санахгүй байна. Би хүүгийнхээ 0000 улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн машинтай тухайн өдөр халтууранд явж байсан юм. Тухайн өдрийн 12 цаг өнгөрч байсан санагдаж байна. Би машинтайга Урт цагаан орчмоор явж байсан чинь нэг хүүхэн гар өргөөд суугаад надаар Модны хоёр луу хүргүүлсэн. Тухайн үед тэр хүүхнийг би байрных нь гадаа хүргэж өгсөн. Байрных нь гадна очоод зогссон чинь тухайн хүүхэн “гэрлүүгээ орчихоод гараад ирье” гэж хэлээд буусан. Би тэр хүүхнийг байрных нь гадаа арваад минут хүлээсэн. Ингээд гарч ирэхгүй болохоор нь хөдлөөд явсан. Хөдлөөд явж байсан чинь машины хойд талд нь гар утас дуугарсан. Тэгэхээр нь тухайн гар утсыг аваад ярих гэсэн чинь дуугараагүй. Тэгэхээр нь би тухайн гар утсыг унтраагаад тухайн өдрөө Теди төв дээр аваачаад гадаа нь зогсож байсан залууд 200.000 төгрөгөөр зарсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 67 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 44-66 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Я.Т  нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, өөрийн унаж явсан машинд хохирогчийн гээсэн 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I Phone-Х” загварын гар утсыг авч, улмаар цааш  нь худалдан борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Т  нь хохирогч Э.Н  эзэмшлийн I Phone-Х” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж цааш нь зарж борлуулж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Т ын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Я.Т ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Тиймээс шүүгдэгч Я.Т ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Н д баримтаар 1.800.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Я.Т оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 1.800.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Н д олгох нь зүйлтэй.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Я.Т од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Мөн шүүгдэгч Я.Т  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Я.Т ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Т ыг “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Я.Т од торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.Т  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т од оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 1.800.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Н д олгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.Т  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Т од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО