Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00543

 

2017 оны 02 сарын 16 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00543

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9 дүгээр байрны 15 тоотод оршин суух, эмэгтэй, Улаанмалгайт овогт Гантулгын Загдсүрэн /РД-МТ63011605/-гийн,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Загдсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Загдсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл уул уурхайд ажиллаж байсан. Би Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Толгойтын алтны уурхайд уулын хэсэгт дээж авагчаар, засварын цехэд токарьчинаар ажиллаж байгаад 1992 оны 6 дугаар сараас 1998 оны 10 дугаар сар хүртэл Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны уурхайн цахилгаан цехэд холбоочиноор, уулын хэсэгт алт угаагч зэрэг ажлуудыг хийж байсан.

Манай гэр 2013 онд галд шатсаны улмаас хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн өнцөг шатсан. Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны уурхайд 1992-1997 оны оны дуусталх хугацаанд ажиллаж байсан нотлох баримтууд шатсан байна.

Иймээс 1980-1992 он хүртэл Сэлэнгэ аймгийн Бугант сумын Толгойтын алтны уурхайд дээж авагч, угаагч, токарьчин 1992-1998 он хүртэл Төв аймгийн Хайлаастын алтны уурхайд холбоочин, алт угаагчаар ажиллаж байсныг буюу 18 жил   хүнд хортой нөхцөлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Загдсүран нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байдлаа тогтоолгох хүсэлт шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Загдсүрэн нь 1980 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 30, 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Монголсовцветмэт нэгдлийн харьяа Толгойтын алтны үйлдвэрийн дээж угаагч, Засварын цехэд токарьчны дагалдан сургагч, драгийн дээж авагчаар, 1992 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 26 өдрийн хүртэл, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг Төв аймгийн Заамар сумын Хайлаастын уурхайд цахилгаан дулааны цехэд үйлдвэрийн радио холбоочин, уулын хэсгийн угаах хэсэгт гүйцээн угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, Монголсовцветмэт нэгдлийн харьяа Толгойтын алтын үйлдвэрийн даргын 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 219, 1981 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 324, 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 534, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 216, 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 141 дүгээр тушаалууд, “Монголросцветмет” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, фото зургууд, гэрч Д.Доржсүрэн, З.Ганбат нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-1, 4-12, 15, 17-19, 25, 31 дүгээр хуудас/

Хүсэлт гаргагчийн гүйцэтгэж байсан дээж угаагч, токарьчин, холбоочин, драгийн дээж авагчийн ажил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлтэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын 4.1, 4.2-т орсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Улаанмалгайт овогт Гантулгын Загдсүрэнг 1980 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 30, 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Монголсовцветмэт нэгдлийн харьяа Толгойтын алтны үйлдвэрийн дээж угаагч, Засварын цехэд токарьчны дагалдан сургагчаар, драгийн дээж авагч, 1992 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг Төв аймгийн Заамар сумын Хайлаастын уурхайд цахилгаан дулааны цехэд үйлдвэрийн радио холбоочин, уулын хэсгийн угаах хэсэгт гүйцээн угаагч тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Улаанмалгайт овогт Гантулгын Загдсүрэнг 1980 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 30, 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Монголсовцветмэт нэгдлийн харьяа Толгойтын алтны үйлдвэрийн дээж угаагч, Засварын цехэд токарьчны дагалдан сургагч, драгийн дээж авагч, 1992 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 26, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг Төв аймгийн Заамар сумын Хайлаастын уурхайд цахилгаан дулааны цехэд үйлдвэрийн радио холбоочин, уулын хэсгийн угаах хэсэгт гүйцээн угаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД