Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00542

 

    2017 оны 02 сарын 16 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00542

              Улаанбаатар хот

 

     

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21-8 тоотод оршин суух, Тайж овогт Дашдаваагийн Дарьбаатар /РД-ГЮ71112078/-ын,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүсэлт гаргагч Д.Дарьбаатар, Э.Жаргалсүрэнд 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 6 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатайгаар зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирч, мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. 

Э.Жаргалсүрэн мөнгийг хүү, алдангитай нь төлнө гэсэн боловч мөнгөө огт төлөөгүй. 2014 оны 10 дугаар сард уулзаад гэрээний хугацаагаа сунгая, тарьсан будаагаа хураагаад өгнө хүлээж байгаач гэсэн боловч төлөхгүй байгаа.

Иймээс Э.Жаргалсүрэнгээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүнийг хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Э.Жаргалсүрэнг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Д.Дарьбаатарын, Э.Жаргалсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон байх бөгөөд энэ өдөр миний оролцох шүүх хуралдаан давхцаж байх тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Дарьбаатар нь Э.Жаргалсүрэнг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Э.Жаргалсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/26513 дугаар захирамж, Д.Дарьбаатар, Э.Жаргалсүрэн нарын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-1, 4-5 дугаар тал/

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Д.Дарьбаатарын хүсэлтийг хангаж, Энэбишийн Жаргалсүрэн /РД-СБ80122811/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Э.Жаргалсүрэн нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6-144 тоотод оршин суудаг байсан гэснийг дурдах нь зүйтэй.

            Хүсэлт гаргагч Д.Дарьбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Энэбишийн Жаргалсүрэн /РД-СБ80122811/-г эрэн сурвалжилсугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Э.Жаргалсүрэн нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6-144 тоотод оршин суудаг байсан гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагчийн хаяг: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21-8 тоотод оршин суух, Тайж овогт Дашдаваагийн Дарьбаатар /РД-ГЮ71112078/, утас 99246363, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, утас 99081194.

 

 

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД