Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00540

 

2017 оны 02 сарын 16 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00540

Улаанбаатар хот

 

                                               

   Зохигчдын эвлэрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Мал тууврын зам, 9 дүгээр гудамж 5б тоотод оршин суух, Авга овогт Баасанжавын Тогтохбаяр /РД-ВЛ72121407/-ын,

          Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 4 дүгээр гудамж, 35а тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэвийн Билгүүнбаатар /РД-ХЙ84090418/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 83 дугаар байр, 31 тоотод оршин суух, Сартуул овогт Нансалмаагийн Нармандах /РД-ЧЙ60102972/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хамба 7 дугаар гудамж, 28 тоотод оршин суух, Палам овогт Дамдиндоржийн Оюундарь /РД-ЧК86110807/ нарт холбогдуулан гаргасан,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,162,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тогтохбаяр, хариуцагч Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бээжин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Тогтохбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 7 дугаар сард н.Алтай гэх хүнээс Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Тахилтын 6-244 а,б тоотод байрлах үнээний фермийг, газар эзэмших эрхийнх нь хамт худалдан авч, зохих бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Намайг авах үед уг газар урд тал руугаа бага зэрэг сунгасан байдалтай, модон хашаа хатгасан байсан ба худалдаж буй хүнээс асуухад 4-5 жил амьдарч байхад эзэн нь гэх хүн огт ирж байгаагүй гэсэн.

Ингээд үнээний фермээ ажиллуулаад нэг жил орчим болсон бөгөөд үхэр модон хашааг дайраад эвдлээд байх болсон тул блокоор хашаа өрсөн.

Өөрийн зардлаар нийтдээ 1,600 ширхэг блок, 7 тн цемент, 200 ширхэг тоосго, 2 автомашин элс, 2 автомашин хайргаар хашаа барьж, ажлын хөлсөнд 1,600,000 төгрөг зарцуулсан.

Хашаагаа блоклоод удаагүй байхад 2 сарын дараа манайд үл таних хүмүүс орж ирээд “Урд хашааны эзэд байна, манайх хашаагаа хашиж авах гэж явна, хэл ам хийгээд яах вэ хойд талд нь блок үргэлжлүүлэн бариад танай барьсан блок, өрлөгийн хөлсийг тооцоод хохиролгүй болгож өгнө” гэж хэлээд хөлсний хүмүүс авчран хашаагаа үргэлжлүүлээд барьж дуусгасан.

Миний хувьд 1,130 ширхэг блок, 144 ширхэг тоосго, 5 тн цемэнт, элс хайрга тус бүр нэг нэг машин зарцуулсан ба энэ зардлыг тооцвол 3,000,000 төгрөг ба ажлын хөлсөнд 1,160,000 төгрөг, нийт 4,16,000 төгрөг болж байна.

Энэхүү төлбөрийг А.Бээжин гэх хүн анхнаасаа төлж барагдуулна гэчихээд сүүлдээ шүүхдээ өгөөд олж ав гэх болсон.

Хэрвээ энэ хүн өөрөө блокоо аваад, элс, хайргаа зөөгөөд хүн хөлсөлж хийлгэсэн бол үүнээс ч их зардал гарах байсан.

Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,162,000 төгрөгийг Ц.Билгүүнбаатар, Д.Оюундарь, Н.Нармандах нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хэргийн харьяаллын хувьд маргах зүйлгүй. 

Одоо хариуцагч Д.Оюундариас татгалзаж, хариуцагч нартай эвлэрч нийт 4,162,000 төгрөг нэхэмжилснээс 1,662,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах нар нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулахыг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.

          Хариуцагч Д.Оюундарь, Н.Нармандах, Ц.Билгүүнбаатар нар шүүхэд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бээжин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2006 оны 7 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 982, 983а, 983 тоот хашаануудыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа болно.

          2013 оны 9 дүгээр сард эзэмшлийн газартаа хашаа барихаар очиход 244а, б тоот хашааг эзэмшдэг Б.Тогтохбаяр нь бидний газаар дээр дур мэдэн блокоор хашаа барьсан байсан.

          Бид 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр кадастрын зургийн дагуу цэгүүдийг кадастрын зургийн дагуу тогтоолгоход 982, 983а хашааг бүтэн, 983 тоот хашааны нилээд хэсгийг оруулж хашааны нүүрний цэгээс 2-3 метр дотогш хашаа барьсан нь тогтоогдсон. Мөн сарын 17-ны өдөр хороо хариуцсан дүүргийн газрын байцаагч н.Ариунбат ирж шалгаад “Газрын давхцал, зөрчил алга байна, танай газар дээр хашаа барьсан нь тогтоогдож байна, газрыг чөлөөлж эдгээр хүмүүсийн хашааг бариул, Б.Тогтохбаярыг бичиг баримтаа аваад очиж уулз” гэсэн хариуг өгсөн.

          Б.Тогтохбаяр нь газрыг эзэмшигчтэй гэдгийг мэдсээр байж бидний газар дээр дураараа хашаа, хашаа хоорондын хөршийн ханаа адилхан блокоор барьсан учир энэ хүнд хохирол учирсан гэж бодохгүй байна.

          Бид хэргийн харьяаллын хувьд маргахгүй учир хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Энэ шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй.

          Бидний маргаж буй гол зүйл бол 45 метр хашаа байгаа. Үүнд үнэлгээ хийлгэхэд 3,228,600 төгрөг гэж гарсан.

Д.Оюундарийн газарт Б.Тогтохбаярын барьсан 3-4 метр хашаа байгаа. Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах нар нь 2,500,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх саналтай байна гэв.

          Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Тогтохбаяр нь Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах, Д.Оюундарь нараас 4,162,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 1,662,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 2,5000,000 төгрөгийг нь Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах нар нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Тогтохбаярт төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

          Нэхэмжлэгч Б.Тогтохбаяр нь хариуцагч Д.Оюундариас татгалзсан болно гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Тогтобаяр нь, хариуцагч А.Бээжингээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,162,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж жинхэнэ хариуцагчаар Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах, Д.Оюундарь нарыг татаж тэдгээрээс уг мөнгийг гаргуулахаар шаарджээ.

          Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Оюундариас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 4,162,000 /дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянган/ төгрөгийн 1,662,000 /нэг сая зургаан жаран хоёр мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 /хоёр сая таван зуун/ төгрөгийг хариуцагч Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах нар нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Тогтохбаярт төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.  

          Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж хэргийг мөн Д.Оюундарьт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Мөн талууд үндсэн нэхэмжлэлийн хувьд эвлэрсэн тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,250 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603002523 тоот данснаас гаргуулан хариуцагч Н.Нармандахад буцаан олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Билгүүнбаатараас 27,475 төгрөг, Н.Нармандахаас 27,475 төгрөгийг тус тус гаргуулан Б.Тогтохбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шинжээчийн зардлын хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу хариуцагч Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах нараас 50,000 төгрөг гаргуулан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны 464009061 тоот дансанд, 353,144 төгрөг гаргуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Голомт банкны 1405006459 тоот дансанд хийхийг даалгах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч нарын итгэжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтээсээ татгалзаж, талууд тус шүүхээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул зохигчдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу хэргийн харьяаллын хувьд тохиролцсон гэж үзсэн болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Б.Тогтохбаярын нэхэмжлэлтэй, Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах, Д.Оюундарь нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,162,000 /дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянган/ төгрөгийн 1,662,000 /нэг сая зургаан жаран хоёр мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 /хоёр сая таван зуун/ төгрөгийг хариуцагч Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах нар нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Тогтохбаярт төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг, мөн хариуцагч Д.Оюундарьт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Билгүүнбаатараас 27,475 төгрөг, Н.Нармандахаас 27,475 төгрөгийг тус тус гаргуулан Б.Тогтохбаярт буцаан олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,250 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603002523 тоот данснаас гаргуулан Н.Нармандахад буцаан олгож, хариуцагч Ц.Билгүүнбаатар, Н.Нармандах нараас шинжээчийн зардал болох 50,000 төгрөгийг гаргуулан, “Итгэлт этимэйт” ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны 464009061 тоот дансанд, 353,144 төгрөг гаргуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Голомт банкны 1405006459 тоот дансанд хийхийг тус тус даалгасугай.  

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

         

                   

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД