Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Тунамалмед ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ч.Оюундарьд холбогдох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ч.Оюундарийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0064251 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тунамалмед ХХК нь 2006 оноос эхлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, БИБ импортлох худалдаалах үйл ажиллагаа эрхэлж байгаа болно.

Манай компани нь Румын улсын Ромфармахим СА компанитай хийсэн 41/2018 болон 44/2018 тоот гэрээний дауу нийт 8 нэр төрлийн эмийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор импортолсон болно.

Эдгээр эмүүдийн дотроос нэг нэр төрлийн эм ийн импортын лиценз олгогдоогүй байсан тул бичиг баримтын бүрдэл дутуу шалтгааны улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтын мэргэжлийн хяналтын албанаас 134 кг жинтэй тухайн эмийг түр саатуулсан болно.

Тухайн эм нь Монгол улсад анх 2010 онд эмийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 2 удаа цаг хугацаандаа амжилттай бүртгэлийн хугацаа нь сунгагдаж байсан юм.

Харин энэ удаагийн ЭМЯ нь Хүний эмийн зөвлөлийн хурал товлосон цагтаа хуралдахгүй удаа дараа хойшлогдсон шалтгаанаас болж бид өнөөдрийг хүртэл эм импортын лицензийг авч чадаагүй хүлээгдэж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтний бидэнд өгсөн мэдээллээр Хүний эмийн зөвлөлийн хурал 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт гэж товлогдоод амжилттай хуралдлаа. Манай үйл ажиллагаанаас хамааралгүйгээр эм бүртгэлийн хурал нь удаа дараа хойшлогдсон ба мөн энэ талаар холбогдох байцаагчид нь мэдэгдэж байсан тул манай компани энэхүү шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд манай гомдлыг хүлээн авч 0064251 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Тунамалмед ХХК, хариуцагч Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл, ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Оюундарь нар харилцан буулт хийж нэхэмжлэлийн шаардлагаа хоорондоо харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Эвлэрлийн гэрээ:

Нэг талаас Тунамалмед ХХК-ийн захирал, нөгөө талаас Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл, ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Оюундарь нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

  1. Тунамалмед ХХК нь 0064251 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгуулийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан.
  2. Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл, ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Оюундарь нь хураагдсан бараа бүтээгдэхүүнийг буцаан олгохоор тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тунамалмед ХХК нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ч.Оюундарийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0064251 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу хэргийн оролцогч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Тунамалмед ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ч.Оюундарьд холбогдох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ч.Оюундарийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0064251 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тунамалмед ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Ц.БАЙГАЛМАА