Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0830

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, аав, ээжийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Д овогт Ш.А  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ш.А нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Бийг хардалтын улмаас цээж рүү цохиж, өшиглөж түүний биед баруун доод зовхи, цээжний зүүн хэсэг, духны баруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нөхөр Ш.А бөөгийн сахиустай. 2020 оны 02 сарын 27-ны өдөр Санчир гэдэг найз нь сахиусаа буулгаад өгөөч, асуух юм байна гээд 1 литр нэг виски авчирч өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Баянхошууны 22-1 тоот хашаанд сахиусаа буулгах гээд 22 цагийн орчим Ш.А “идээ эзнээ голдоггүй юм” гээд Санчирын авчирсан вискийг задлаад Санчир, түүний найз охин Энхцэцэг, Ш.А бид гурав хувааж уусан. Тэгээд вискиг ууж дуусгаад авдранд байсан 0.75 граммын архийг гаргаж ирээд тэр 3 хувааж ууж байснаа Санчир, найз охинтойгоо хамт харилаа гээд шөнийн 03 цагийн орчим явсан. Ш.А намайг “ямар их уудаг юм гээд” байхаар нь уур хүрээд шарандаа ширээ дээр байсан аягатай архийг аваад уусан. Ш.А намайг “чи яахаараа архи уудаг юм бэ” гээд намайг зодох гээд байхаар нь би хажуу айл руу зугтаагаад орчихсон чинь миний араас орж ирээд намайг газар унагаад дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн. Надад үүссэн гэмтлүүдийг Ш.А үүсгэсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал)

 

2. Гэрч Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 28-ны өглөө 7 цагийн орчим Болороо “ороод ирээч” гэхээр нь гэрээсээ гараад орох гэтэл гадаа өрөөсөн тавчиктай зогсож байсан. Би гэртээ оруулсан чинь нөхөр нь араас орж ирээд маргалдаж цээж рүү нь цохиод өшиглөөд чирч гарах гээд байхаар нь “болиоч” гэсэн чинь мах нь дээр байсан хутгыг аваад нэг мөсөн алчихий гээд байхаар нь хутгыг булааж авсан. Ш.А эхнэр рүүгээ дайраад байхаар нь эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэхэд гараад явсан. Энэ хоёр манай хашааг түрээслэдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 3118 дугаар:

1. Б.Бт баруун доод зовхи, цээжний зүүн хэсэг, духны баруунд цус хуралт, дээд уруулын салстад шарх тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29 дүгээр тал)

 

4. Осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр тал)

5. Сонгинохайрхан дүүргийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 62 дугаар тал)

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 64-71 дүгээр тал)

7. Аюулын зэргийн үнэлгээний мягт (хавтаст хэргийн 32 дугаар тал)

8. Шүүгдэгч Ш.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 46 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Ат холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ш.А нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Бийг хардалтын улмаас цохиж, өшиглөн түүний биед баруун доод зовхи, цээжний зүүн хэсэг, духны баруунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.Бийн  мэдүүлэг (хх14-15), гэрч Цын мэдүүлэг (хх-21), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 3118 дугаар дүгнэлт (хх-29), осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудас (хх-61) зэрэг бичгийн нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг” ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.

Шүүгдэгч Ш.А, хохирогч Б.Б нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч 2018 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байсан болох нь тэдгээрийг мэдүүлгээр тогтоогдож байна.  

Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Бийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Ш.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.Ат дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.     

Шүүгдэгч Ш.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хохирогч хэрэгт ирүүлээгүй. Иймд шүүгдэгч Ш.Аыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг шүүгдэгч Ш.А мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-86) гаргасныг прокурор 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаар тогтоолоор шийдвэрлэн түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг шүүгдэгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоногүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус тогтоолд дурдав.