Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 699

 

  

 

 

 

 

 

   2020           7          24                                   2020/ШЦТ/699 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Э-ийн Гт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1985 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ___ дугаарын регистртэй, Боржигон овогт Э-ийн Г.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Өргөө кино театрын орчим иргэн Б.Бтэй “Зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хамар хэсэгт духаараа 1 удаа мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Гийн өгсөн:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим 27-31 УНЦ улсын дугаартай портер маркийн автомашинтай Зурагтаас 3-р хорооллын Корал центр лүү явахдаа Өргөө кино театрын хойд зам дээр уулзвараар эргээд ортол өөдөөс приус 20 маркийн бор саарал өнгийн автомашин тулж ирж зогсоод хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би машин дотроосоо буухгүйгээр тойроод гарчих гээд гараараа зангаад ойлгуулах гэтэл өөдөөс жолооч нь толгой сэгсрээд үгүй гээд байсан юм. Тэгээд би машинаасаа буугаад жолооч дээр нь очоод хаалгыг нь онгойлгоод “ахаа холдчихооч” гээд хэлтэл машинаа унтраагаад “чи яахаараа урсгал сөрдөг юм гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би машин руу нь тонгойгоод ахаа холдчихооч дээ яараад байнаа гээд хэлээд шилэн хүзүүн дээр нь гараа тавьтал өөрөө эхлээд баруун талын шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Би тухайн үед жолооны хүрдэн дээр нь нэг гараа тавьчихсан байж байгаад өөрөө цохиулангуутаа гараа авах гээд хөдөлтөл тэр ах цочоод миний толгойны зүүн дээд хэсэг рүү мөргөөд хамарнаас нь цус гарсан.

Би хохирогч Б.Бийн биед хамрын нурууны хугарал гэмтлийг нэг удаа духаараа мөргөж учруулсан. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 51-52/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийн өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15:40 цагийн орчим би Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Өргөө кино театрын зүүн талын замаар өөрийн эзэмшлийн 42-20 УНД улсын дугаартай Тоёота приус 20 маркийн хар саарал өнгийн автомашинтайгаа ганцаараа явж байсан юм. Тэгтэл эсрэг урсгалаар 27-31 УНЦ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн автомашин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд би ухар гээд гараараа зангаад дохитол портер машины жолооч залуу бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод “хөгшин глюкоз минь би чамд гай болоогүй биздээ” гэж хэлээд миний хүзүү рүү нэг удаа гарынхаа алгаар алгадаж цохихоор нь би цаашаа бай гээд хэлсэн. Тэгтэл миний хамар луу духаараа нэг удаа мөргөсөн. Тэгэхэд миний хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь би машиныхаа алчуураар хамраа дарчихаад гар утсаараа зургийг нь авах гэтэл зургаа авхуулахгүй гээд гар утас булааж авах гээд байсан. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан учраас би доошоо тонгойгоод байж байтал тэр залуу машинаа ухраагаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Э-ийн өгсөн:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим ажлынхаа Г, Орших гэдэг 2 хүнтэй хамт Баянгол дүүргийн 14-р хороо Өргөө кино театрын хойд зам дээр 27-31 УНЦ улсын дугаартай хөх өнгөтэй, портер маркийн автомашинтай Корал центр лүү орох гээд уруудаад явж байсан юм. Тэгээд уулзвараар дөнгөж эргээд ортол өөдөөс приус 20 маркийн автомашин урдаас тулж ирээд зогсохоор нь Г ах гараа зангаад холдчихооч гээд дохисон. Тэгтэл нөгөө машины жолооч нь Г ах руу салаавч гаргаад байсан. Тэгтэл Г ах буугаад тэр машины жолооч талын хаалгыг онгойлгоод тонгойгоод жолоочтой юм ярьж байгаад хүрээд ирсэн. Тэгэхэд нөгөө машины жолооч ах машинаасаа буугаад ирчихсэн хамарнаас нь цус гарсан байдалтай, хамраа машиныхаа алчуураар дарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6453 тоот:

1. Б.Бэд хамрын нурууны хугарал тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27/,

 

- Хохирогчийн “...ямар нэг санал хүсэлт байхгүй, хохирлын мөнгө авсан...” гэх хүсэлт /хх-н 55/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 47/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Өргөө кино театрын орчим иргэн Б.Бтэй “Зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хамар хэсэгт духаараа 1 удаа мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Гийн “...Би хохирогч Б.Бийн биед хамрын нурууны хугарал гэмтлийг нэг удаа духаараа мөргөж учруулсан. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Бийн “...эсрэг урсгалаар 27-31 УНЦ улсын дугаартай хөх өнгийн портеор маркийн автомашин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд би ухар гээд гараараа зангаад дохитол портер машины жолооч залуу бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод “хөгшин глюкоз минь би чамд гай болоогүй биздээ” гэж хэлээд миний хүзүү рүү нэг удаа гарынхаа алгаа алгадаж цохихоор нь би цаашаа бай гээд хэлсэн. Тэгтэл миний хамар луу духаараа нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Э-ийн “...Г ах буугаад тэр машины жолооч талын хаалгыг онгойлгоод тонгойгоод жолоочтой юм ярьж байгаад хүрээд ирсэн. Тэгэхэд нөгөө машины жолооч ах машинаасаа буугаад ирчихсэн хамарнаас нь цус гарчихсан байдалтай, хамраа машиныхаа алчуураар дарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6453 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогчийн “...ямар нэг санал хүсэлт байхгүй, хохирлын мөнгө авсан...” гэх хүсэлт /хх-н 55/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Гт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Э.Гт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ