Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00490

 

2017 оны 02 сарын 10 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00490

Улаанбаатар хот

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 67 дугаар байрны 138 тоотод оршин байгаа, Зуунмод овогт Хорлоогийн Дэлгэрцэцэг /РД-МЭ57020507/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, АОС-1 дүгээр байрны 01 тоот /одоо Булган аймаг, Дашинчилэн сумын 1 дугаар баг, Хараат/-д оршин суух, Өрлүүд овогт Дэндэвийн Амгаа /РД-ЧЛ51071511/-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би хариуцагч Д.Амгаагийн газрын ар талд байшин барьсан байсан тул 2013 онд Д.Амгаагаас газар худалдан авахаар тохиролцон түүнд урьдчилгаа болгон 6 дугаар сард 10,000,000 төгрөг, 9 дүгээр сард 5,000,000 төгрөг тус тус өгсөн. Гэвч уг газрыг мэргэжлийн хүмүүсээр шалгуулахад барилга барих ямар ч боломжгүй, газар доогуур шугам байна гэсэн дүгнэлт гарсан. Ингээд газрыг худалдан авах боломжгүй болсон тул хариуцагч Д.Амгаатай ярилцаад урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгөөр буцаан авахаар болсон. Хариуцагч нь надад газраа зарсны дараа мөнгийг буцааж өгье гэсэн боловч элдэв шалтаг  тооцон цаг хугацаа хожих болсон.

Тухайн үед өгсөн мөнгийг би Си Жи Эм ББСБ-аас сарын 3 хувийн хүүтэй зээл авч өгсөн бөгөөд одоог хүртэл уг мөнгийг төлж чадаагүй байна.

            Шүүхэд газрын мөнгө 15 сая төгрөг, банкны зээлийн хүүд 7,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөг, нийт 22,770,450 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

            Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Д.Амгаагаас газрын үнэд төлсөн 15 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Амгаа нь Булган аймгийн Дашинчилэн суманд амьдарч байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно.

Нэхэмжилж байгаа 22,770,450 төгрөгөөс 15 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, үлдсэн шаардлагыг  зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь газар худалдан авахаар хариуцагч Д.Амгаад 2013 оны 6 дугаар сард 10,000,000 төгрөг, 9 дүгээр сард 5,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч шүүхэд 2016 оны 9 сард нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийг буцаасан байдаг. Уг захирамжийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, саад болж буй нөхцлүүдийг хэрхэн засах талаар өөрөөр хэлбэл хариуцагчийг эрэн сурвалжлуулж болно гэсэн байдаг. Тэгэхээр шүүгчийн захирамж биелэгдээгүй байна гэж үзэхээр байна.

Х.Дэлгэрцэцэг нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт авагдсан байдаг. Гэтэл 2016 оны 12 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэр нийцэж байгаа нь асуудалтай байна.

Талуудын хооронд харилцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнөх бэлтгэл үе шат гэж үзэж болохоор байна.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 187.3 дахь заалтад заагдсан бэлтгэл үе шатанд мөн хуулийн 186.1-д зааснаар хэн алинд нь үүргийн эрх зүйн харилцаа үүсэх боломжтой.

Тиймээс гэрээний үүрэг үүссэн гэж үзэх юм бол гэрээний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан хугацаа нь 2016 оны 10, 12 дугаар сард байдаг тул хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэг нь Д.Амгаагаас худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 15,000,000 төгрөг болон, гэрээнээс учирсан хохиролд 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг шаардан шүүхэд хандсан ба шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулахыг хүсч байна.

            Хариуцагч тал шүүхэд тайлбар гаргахдаа газрын үнэ болох 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч, хохирлын төлбөрийг зөвшөөрөхгүй гэсэн боловч шүүх хуралдааны үеэр гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэг нь Д.Амгаагаас барилга барих газар худалдан авахаар тохиролцон, түүнд урьдчилгаа болгон 2013 оны 6 дугаар сард 10,000,000 төгрөг, 9 дүгээр сард 5,000,000 төгрөгийг өгсөн байжээ. /хх-1, 5, 20 дугаар тал/

            Нэхэмжлэгчийн худалдан авахаар тохирсон газрыг худалдах боломжгүй нөхцөл байдлын улмаас талууд гэрээнээс татгалзан, хариуцагч Д.Амгаа нь гэрээгээр шилжүүлэн авсан 15 сая төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хүлээснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа үүссэн байна. /хх-5 дугаар хуудас/

            Дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй, харин хариуцагч тал шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцдэг.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заажээ.

            Хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан баримтаас харахад хариуцагч Д.Амгаа нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэгт газрын үнийн урьдчилгаанд шилжүүлсэн 15 сая төгрөгийг газар зарагдахаар буцааж өгөхөөр, үүнээс өмнө мөнгө орж ирвэл түрүүлж өгөхөөр баримт үйлдэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг бөгөөд уг баримтад төлөх хугацаа заагаагүй байх тул хуулийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ.

            Иймээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Амгаагаас 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Амгаагаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэгт буцаан олгохоор шийдвэрлэв.

            Хариуцагч Д.Амгаа нь Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багийн Хараат гэх газар оршин суудаг байх боловч талууд тус шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэсэн учир шүүх зохигчдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг хэлэлцэн өөрчилсөн гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Амгаагаас 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэгт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Амгаагаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дэлгэрцэцэгт буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД