| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00036/Э |
| Дугаар | 00065 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 25.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00065
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.Од холбогдох 1932002270040 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг баянгол суманд 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Ийрт солюшн ХХК-ний захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-1999 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацагаар хорих ялаар
- 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг Сум дундын 2 дугаар шүүхийн № 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шаравбалын О. /РД:*/
Шүүгдэгч Ш.О нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Таширын нуруу гэх газарт 79.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай хайрга, дайрга ашигт малтмалын хайгуулын № СЭ-0033Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай авсан боловч уг хайгуулын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмалын тухай хуулийг 2019 оны 06 дугаар сараас эхлэн зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологид буюу эдэлбэр газар, газрын хэвлий, газрын хөрсөнд нийт 4821272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Оын өгсөн ......... Би энэ тусгай зөвшөөрлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжийн дагуу 03 жилийн хугацаатай авсан. Уг лицензийг хайрга дайрга хайх зориулалтаар авсан. Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн засмал замд хайрга дайрга нийлүүлэх зорилготой байсан. 2017 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн. Хууль ёсны дагуу хайгуул хийж байсан. Алт олборлоод байна гэсэн мэдээллийн дагуу 2017 онд шалгагдаж хэрэгсэхгүй болж байсан. Түүнээс хойш 2-3 удаа шалгасан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сараас эхлэн алт олборлож байна гэсэн үндэслэлээр цагдаад шалгагдаж байна. Намайг алт ухсан гэж буруутгаад байгаа нь үндэслэлгүй юм. Манай хайгуулын ншхний ойролцоо Жм гэх ахлагчтай нөхөрлөл гарч ирээд алт олборлох зориулалтаар нүх ухаж хүмүүс шавуулж эхэлсэн. Тэрнээс эхлээд намайг буруутгаж шалгаад байгаа юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч А.Асгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2476882 төгрөгийн хохирол учирсан байна. Уг бодит хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр тавих ёстой. Иймд уг хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 58 дугаар хуудас/
Гэрч Г.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байх Бороо-4 гэдэг нэртэй газарт 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр О гэдэг хүний хайрганы хайгуулын газрын кемпний манаачаар ажилд орсон. О гэдэг хүн миний найз. Оын хайгуулын компани Ийрт солюшн нэртэй компани. Би тус газар Баасанбат, Үзмээ, Бөатнасан нарын хамт ажилладаг. Бид нар бүгдээрээ харуулын ажил хийдэг гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 62 дугаар хуудас/
Гэрч Г.Эзгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бороо-4 бригадын орчимд байрлах нүх рүү 3 удаа орсон. Ингэхдээ тэнд байдаг нүхний амсарын манаачийн нүдийг хариулж байгаад з удаа орж байсан. Ингээд гаргасан чулуугаа Баруунхараагийн тээрэм дээр угаалгадаг байсан. ... Би нууцаар 3 удаа орж байсан.. Дотор нь ажиллаж байсан хүмүүсээс молдок зэрэг зүйлсийг гуйж аваад чулуу олборлож байсан. Хэн нэгнээс зөвшөөрөл авч байгаагүй. Уг харуул манаа нь тэр Моби Отгоо хочтой ахын харуул манаа гэсэн. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнх нь ажилчид болон тэр 50, 50 хувиар хувилж авдаг бригад нь байдаг байсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 65 дугаар хуудас/
Гэрч Ү.Гчы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бороо-4 бригадын орчмын нүхнээс алт гараад байна гэхээр нь зүс таних дүү Бабинаа хочтой залуутай цуг уг газарт очсон. Тэгээд орох гэсэн чинь хүн амьтантай нь уулзаад зөвшөөрөл авч ордог гэж хүмүүс ярьж байхаар нь хэнээс авах юм бол гэсэн юм гэсэн чинь гэртэй хүмүүстэй очиж уулз гэж хэлсэн. Тэгээд Бабинаа хочтой зүс таних дүү би очоод уулзаад ирье гэхээр нь би үлдээд машинтайгаа байж байтал цагдаа ирсэн ..... Бабинаа гэх манай дүү алт гарч байна ах явах уу гэхээр нь цуг очсон юм. Зөвшөөрөл энэ тэр авдаг гэсэн. Би анх удаа тэнд очиж үзсэн юм. Эзэн нь моби Отгоо гэх ах байдаг гэсэн. Тэнд байсан хүмүүс тэгж яриад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 66 дугаар хуудас/
Гэрч Д.Мбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Миний ойлгосноор тэр нүхний эзэн нь моби хочтой Отгоо гэх хүн байдаг. Тэгээд нүхэн дотор баахан салаа гаргасан тэр нэг салааг нь мэддэг хүн нь тэр Төвшөө гэсэн. Мийгаа ах Төвшөөтэй яриад тохирсон байсан юм байна лээ. Уг нүхэнд ороод ажиллаж олсон чулууны 50 хувийг моби хочтой Отгоо гэдэг залуу, 25 хувийг нь салааны эзэн Төвшөө гэдэг залуу, 25 хувийг нь ажилласан хүмүүс авна гэж тохирсон юм байна лээ гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 70 дугаар хуудас/
Гэрч М.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Ийрт солюшн ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын зөвшөөрлөөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй болсон. Уг тусгай зөвшөөрлийн дагуу Ш.О өөрийн биеэр надтай ирж уулзаж байсан. 2017 оны хавар Бороо-4 гэх газарт Ш.О өөрөө гар аргаар ашигт малтмал олборлож эхэлсэн байсан. Уг нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө гаргаж батлуулах ёстой байдаг юм тэгсэн төлөвлөгөө гаргаагүй, тухайн үед би танайх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаагүй энд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй гээд хэд хэдэн удаа зогсоож байсан. 2017 ондоо тэгээд өнгөрсөн. 2018 оны зун Бороо-4 гэх газарт одоо байгаа нүхнээс өөр газарт нүх гаргасан байсныг нь тэр дор нь Бороо гоулдаас эксковатор гаргуулж булж байсан. Үүний дараа уг нүхний ойролцоо дахиж нүх гаргаж эхэлснийг тухайн үед Цагдаагийн хэлтсийн Хараа гэдэг байцаагч шалгаж байсан. 2019 онд бас энэ байдал давтагдаж байсан. Ер нь Ш.О гэх хүнд удаа дараа мэдэгдэх хуудас өгч үйл ажиллагааг нь зогсоож энэ байдлыг анхааруулж арга хэмжээ авч байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч уг газарт гар аргаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулаад байсан. .... Алтны баяжмалтай газар гээд гаргасан чулуугаа Баруунхараагийн Бор толгойн алтны тээрэм дээр тээрэмдүүлдэг гэсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 72-73 дугаар хуудас/
Гэрч П.Гяын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Бороо-4 гэх газар Ш.О ажиллахад би цуг байж ойр зуурын хоол унд хийх ус түлээ дөхүүлэх зэрэг ажилд нь тусалж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байхаа Ш.От мөнгө хэрэгтэй байна гээд надаас таньж мэдэх хүн байвал гуйгаад өгөөч гэхээр нь би Баруунхараагийн Номин-Эрдэнэ гэх залуугаас тухайн 35 сая төгрөгийг гуйгаад Ш.Оын дансыг өгсөн. Тэгээд шилжүүлсэн санагдаж байна. Номин-Эрдэнэ гэх залууд өмнө нь Бороо-4 гэх газраас гарсан алтыг зардаг байсан. Тэгээд мөнгө хэрэгтэй гэхээр нь би гуйсан. Одоо болтол мөнгийг нь бүрэн барагдуулж дуусаагүй байгаа.... Би Бороо-4 гэх газраас 2019 оны зун 2 удаа уг газраас олборлосон алтыг тушааж байсан. Эхнийх нь 15-16 грамм, дараагийнх нь 20 грамм байсан санагдаж байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 78 дугаар хуудас/
Гэрч П.Жмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Ш.От би чиний ажилд саад болохгүйгээр хажууд чинь нэг тунел нүх ухъя гэсэн чинь зөвшөөрөөгүй. Тэгээд дараа нь зөвшөөрсөн. Ингээд би одоо та нарын шалгаж байгаа Ш.Оын тунелийн хажуу талд хуучин Германчуудын ашигласан газарт тунел гаргаж нурсан шороог нь гадагш зөөсөн. Нэг сар гаруй хугацаанд ажиллаад алтны судалтай чулуунд хүрсэн. Тэгсэн чинь Отгобаяр бид нарыг ажиллуулахгүй гээд явуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Оаас дахиад гуйсан. Ингэхдээ хоёулаа хамтран ажиллах гэрээ хийж ажиллая гэж хэлээд О зөвшөөрөөд бид хоёр хамтран ажиллах гэрээ хийсэн. Ингээд би 7 сар шахуу ажиллаад юм олж чадаагүй буусан. Би Ш.Оаас уг газарт ашигт малтмал хайгаад олвол хувь тохиръё гэж хэлсэн. Ш.Оыг би ашигт малтмал хайх зөвшөөрөлтэй гэж ойлгосон гэх мэдүүлэг /2 дугаар Хх-н 82 дугаар хуудас/
*** ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 05/33 дугаартай....... Нэгдсэн дүгнэлт
1.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж байсан байна. Гэхдээ далд уурхай хэлбэрээр зориудаар бэлтгэгдсэн талбай нь Монгол улсын уул уурхайн сайд, хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/А/232 дугаар хамтарсан тушаалын хавсарлтаар батлагдсан” Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн шаардлагуудыг хангаагүй байна. Мөн бичил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм / АМГ-ын даргын 2015 оны 153-р тушаалаар батлагдсан/-ийн шаардлагыг хангаагүй хууль бусаар ашигт малтмал олборлож буй иргэдийн аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй байгаа тул амь нас эрсдэх аюул өндөр байна.
2.Газрын гадаргад нийт 0,6 га талбайг эвдрэлд оруулсан байна. Эвдрэлд орсон талбай нь уулын хажуугийн налуу гадаргуу байх бөгөөд гадаргын өндөршил далайн түвшинээс дээш 1057-1151 метрийн өндөрт 12-25 хэмийн налуутай байх бөгөөд газрын хэвлийрүү 3 амаар нэвтрэлт хийж хөндийлж, хонгил үүсгэн нэвтэрч 3 хэсэг газарт модоор бэхэлгээ хийсэн ойролцоогоор 170 м урт 3 тийш салаалсан байдалтай ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхэд зориулан бэлтгэсэн орон зай байна.
3.Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нийт 2476882 төгрөг байна. Хууль бус олборлолтын нөлөөгөөр 0,6 га талбайн хөрс бүрхэвчид 2,4 сая эдэлбэр газарт 1466 төгрөг, газрын хэвлийд 9169,5 төгрөгийн хохирол учирсан байна.
4.Эвдрэлд орсон талбай битүү цасан бүрхүүлтэй байсан тул нөхөн сэргээлтийн үнэлгээг стандартын хэм хэмжээнд байгаа эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй байна.
5.Нөхөн сэргээлтийн нийт зардал 1155728 төгрөг болж байна. Техникийн нөхөн сэргээлтэд 680118 төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 390000 төгрөг, хянал, мониторингийн зардалд 85610 төгрөг зарцуулахаар байна. Газрын доорхи хөндийлж хонгилыг хааж стандартын дагуу бөглөх шаардлагатай.
6.Энэ хөндийлж хонгилыг өмнө нь зориудаар хийсэн байгаа боловч хайгуул, ашиглалтыг хэн , хэрхэн хэдэн удаа явуулсаныг нэг удаагийн судалгаагаар тодорхойлох боломжгүй байна.
7.Хууль бусаар ашигт малтмал олборлож хүдрийн баяжмалыг бэлтгэж байсан талбайгаас санамсаргүй аргаар 4 дээж авч мэргэжлийн лабораторид шинжлүүлэхэд 1кг шороонд 0,23-0,98 мл агуулгатай байна гэх /1 дүгээр Хх-н 85 дугаар хуудас/
*** ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн № 05/11 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт ......... Нэгдсэн дүгнэлт
1.Газрын гадаргад нийт 0.4 га талбайг эвдрэлд оруулсан байна. Эвдрэлд орсон талбай нь уулын хажуугийн налуу гадаргуу байх бөгөөд гадаргын өндөршил далайн түвшнээс дээш 1057-1151 метрийн өндөрт 12-25 хэмийн налуутай байх бөгөөд газрын хэвлий рүү 2 амаар нэвтрэлт хийж хөндийлж хонгил үүсгэн нэвтэрсэн байна.
2. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нийт 1644367 төгрөг байна. Хөрсөн бүрхэвчинд 1.6 сая, эдэлбэр газарт 977,8 төгрөг, газрын хэвлийд 9169,5 төгрөгийн хохирол учирсан байна гэх /2 дугаар Хх-н 95 дугаар хуудас/
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн № 18-04-322 дугаартай дүгнэлт.........
1.Эдэлбэр газарт учирсан экологи эдийн засгийн үнэлгээ болох 0.4 га буюу 977.8 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь заалт, газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 977.8 х 3 = 2933.4 төгрөг /хоёр мянга есөн зуун гучин гурван төгрөг, дөчин мөнгө/
2. Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 9169.5 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалт, газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 9169.5 х 2 = 18339 төгрөг /арван найман мянга гурван зуун гучин есөн төгрөг/
3. Газрын хөрсөнд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1600000 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2 дахь заалт, газрын хөрсөнд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 1600000 х 3 = 4800000 төгрөг /дөрвөн сая найман зуун мянган төгрөг/
Иргэн Ш.О нь Байгаль экологи түүний нөөцөд нийт 4821272.4 төгрөг /дөрвөн сая найман зуун хорин нэгэн мянга хоёр зуун далан хоёр төгрөг, дөчин мөнгө/ төгрөгийн нөхөн төлбөрийн хохирол учруулсан тул Сэлэнгэ аймаг Баянгол сумын Төрийн сан банкны 100130800955 дансанд тушаалгаж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэх /2 дугаар Хх-н 111-112 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр Хх-н 08-16 дугаар хуудас/
Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр Хх-н 18-22 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Гантогтох, М.Цогтбаатар, Б.Цолмон нарын 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багт байрлах нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй алт олборлож байсан хүмүүсийг шалгасан тухай илтгэх хуудас /1 дүгээр Хх-н 23-25 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргын орлогч М.Бямбаагийн Ийрт солюшн ХХК-ний захирал Ш.От зориулалтын бусаар явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн албан бичиг /1 дүгээр Хх-н 29 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Байгаль орчны албаны Ийрт солюшн ХХК-д хүргүүлсэн газар чөлөөлөх тухай мэдэгдэл /1 дүгээр Хх-н 30 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын тамгын газрт байгаль хамгаалагч ажилтай Д.Энхтайван, А.Ас нарын Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Таширын хөндий Бороо-4 гэх газарт шалгалт хийсэн ажлын илтгэх хуудас/1 дүгээр Хх-н 34-46 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Бороо-4 гэх газрын тунел нүхийг битүүмжилсэн прокурорын тогтоол /1 дүгээр Хх-н 49 дүгээр хуудас/
Ш.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр Хх-н 134 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 77-81 дүгээр хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Ш.О нь сарын 1500000 төгрөгийн цалинтай гэсэн Ийрт солюшн ХХК-ний цалингийн тодорхойлолт, 4800000 төгрөгийг 100130800952 тоот дансанд тушаасан баримт зэрэг болно.
Шүүгдэгч Ш.О нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Таширын нуруу гэх газарт 79.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай хайрга, дайрга ашигт малтмалын хайгуулын № СЭ-0033Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай авсан боловч уг хайгуулын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмалын тухай хуулийг 2019 оны 06 дугаар сараас эхлэн зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологид буюу эдэлбэр газар, газрын хэвлий, газрын хөрсөнд нийт 4821272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Оыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, мөн *** ХХК-ний дүгнэлт нь үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ...“түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг..., 4.1.2-д ... “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг... , 15 дугаар зүйлийн 15.1.1-д ...хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх .., 26 дугаар зүйлийн 26.1-д ..Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ш.О нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Таширын нуруу гэх газарт 79.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай хайрга, дайрга ашигт малтмалын хайгуулын № СЭ-0033Х дугаартай лицензийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай авсан боловч уг хайгуулын тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулахгүй ашигт малтмал буюу алт олборлож байгаль орчинд хохирол учруулсан нь энэ хэргийн гэрч Г.Эб, Г.Эз, Ү.Гч, Д.Мб, М.Бц, П.Гя, П.Жм нарын мэдүүлэг, *** ХХК-ний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Гантогтох, М.Цогтбаатар, Б.Цолмон нарын 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багт байрлах нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй алт олборлож байсан хүмүүсийг шалгасан тухай илтгэх хуудас /1 дүгээр Хх-н 23-25 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг Баянгол сумын засаг даргын орлогч М.Бямбаагийн Ийрт солюшн ХХК-ний захирал Ш.От хандан танай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 3 ширхэг нүх ухагдан зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсны улмаас хүний амь нас эрсэдсэн явдал гарсан байна. Иймд зориулалтын бусаар явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдэн хүргүүлсэн албан бичиг /1 дүгээр Хх-н 29 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Байгаль орчны албаны Ийрт солюшн ХХК-д хүргүүлсэн хууль бус ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх тухай мэдэгдэл /1 дүгээр Хх-н 30 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай Д.Энхтайван, А.Ас нарын Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Таширын хөндий Бороо-4 гэх газарт шалгалт хийсэн ажлын илтгэх хуудас/1 дүгээр Хх-н 34-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ .. гэж заасан бөгөөд Сэлэнгэ аймаг Баянгол сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч М.Бцийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ш.О нь 2017 оноос эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулахгүй, хайгуулын үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж сум, дүүргийн засаг дарга болон мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулахгүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайланг огт гаргахгүйгээр хууль бусаар алт буюу ашигт малтмал олборлож байсан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ш.О нь Түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга дайрга хайх явцад өөр төрлийн ашигт малтмал илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоож аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүй өөр төрлийн ашигт малтмал олборлож байсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Оын Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэсэн заалтыг болон энэ хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасныг зөрчин хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ш.Оын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон үйлдлийн улмаас байгаль орчинд 4821272 төгрөгийн хохирол учирсан болох нь *** ХХК-ний дүгнэлт, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт зэргээр тогтоогдож байх тул Ш.Оаас 4821272 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Ш.О нь 4821272 төгрөгийн хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 2 өдрийн хугацаагаар хойшлуулах завсарлага авч 4800000 төгрөгийг Сэлэнгэ аймаг Баянгол сумын төрийн сангийн 100130800952 тоот дансанд төлсөн болох нь Төрийн банкинд мөнгө тушаасан баримтаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Ш.О нь 21272 төгрөгийг нөхөн төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
*** ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 05/33 дугаартай дүгнэлтийн Нэгдсэн дүгнэлтийн 5.-д Нөхөн сэргээлтийн нийт зардал 1155728 төгрөг болж байна. Техникийн нөхөн сэргээлтэд 680118 төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 390000 төгрөг, хянал, мониторингийн зардалд 85610 төгрөг зарцуулахаар байна. Газрын доорхи хөндийлж хонгилыг хааж стандартын дагуу бөглөх шаардлагатай гэсэн боловч иргэний нэхэмжлэгч А.Ас нь нөхөн сэргээлтийн зардлыг нэхэмжлээгүй бөгөөд Ш.О нь нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой боловч шүүгдэгч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн баримт бичгийг үндэслэн тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулахгүй тусгай зөвшөөрөлгүйгээр өөр төрлийн ашигт малтмал олборлож байгаль орчинд учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тодорхой хугацаагаар буюу 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ш.Оаас 21272 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Оын Ийрт солюшн ХХК-ний Сэлэнгэ аймаг Баянгол сумын Таширын нуруу гэх газарт орших 79.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай Хайрга, дайрга хайх СЭ-0033Х дугаарын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дууссан тул энэ хэргийн улмаас Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Бороо 4 гэх газарт ухсан цооног буюу тунел нүхийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан этгээд аймаг, нийслэлийн засаг даргад хүлээлгэн өгөх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг Ийрт солюшн ХХК-ний захирал Ш.Од даалгах үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байгаа Хятад улсад үйлдвэрлэсэн 220 хүчдэлийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн алх том молдок 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн газар ухах зориулалт бүхий хийн шахуурга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Шаравбалын Оыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Оыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Од оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байгаа Хятад улсад үйлдвэрлэсэн 220 хүчдэлийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн алх том молдок 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн газар ухах зориулалт бүхий хийн шахуурга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Ш.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Оаас байгаль экологид учирсан хохиролд 21272 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэргийн улмаас Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Бороо 4 гэх газарт ухсан цооног буюу тунел нүхийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Иргэний нэхэмжлэгч А.Ас нь нөхөн сэргээлтийн зардал гэж нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.