| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00363/И |
| Дугаар | 102/ШШ2017/00481 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/00481
2017 оны 02 сарын 09 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00481 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн “Алтай” хотхон 16 дугаар байр, 185 тоотод оршин байгаа “Пюрхаус” ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Пюрхаус” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Пюрхаус” ХХК нь Г.Мөнхбаярт 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн зээлийн гэрээгээр нийт 13,100,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд Г.Мөнхбаяр нь дээрх төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хэлцлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийсэн боловч гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй.
Ингээд манай байгууллага нь түүний оршин суудаг гэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 19 дүгээр гудамж, 290 тоот хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00837 тоот захирамжаар хариуцагч хаяг дээрээ оршин суудаггүй, хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Мөнхбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Мөнхбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17.00 цагт товлогдсон байх бөгөөд энэ өдөр миний оролцох шүүх хуралдаан давхцаж байна.
Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж Б.Мөнхбаярыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Пюрхаус” ХХК нь Г.Мөнхбаярыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Мөнхбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00837 дугаар захирамж, “Пюрхаус” ХХК-ийн захирал Д.Золжаргал, Г.Мөнхбаяр нарын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл зэргээр нотлогдож байна. /хх-1, 4, 6 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан “Пюрхаус” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Йөншөөбү овогт Ганхуягийн Мөнхбаяр /РД-УК89071131/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Г.Мөнхбаяр нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 19 дүгээр гудамж, 290 тоотод оршин суудаг байсан гэснийг дурдах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “Пюрхаус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Йөншөөбү овогт Ганхуягийн Мөнхбаяр /РД-УК89071131/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Г.Мөнхбаяр нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 19 дүгээр гудамж, 290 тоотод оршин суудаг байсан гэсэн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |