Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 00063

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Эд холбогдох  2032000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт амьдрах, *задгайд оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Оорцог овогт Пүрэвдагвын Э. /РД:*/

 

           Шүүгдэгч П.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Улиастайн задгайд байрлах өөрийн гэрийн хашаанд иргэн Б.Атай маргалдан түүний нүүрэн тус газарт мөргөсний улмаас газар унахдаа зүүн гарын дунд хуруу нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Эгийн өгсөн …. ... 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед гэртээ байж байсан чинь манай хашаанд А ах согтуу орж ирээд эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд эхнэрийгээ зодож цохиод байсан. Манай дүү Агийн эхнэрийн цүнх Агийн мотоцикль дээр байхаар нь гэр лүүгээ оруулсан чинь А манай дүүг яадаг янхан бэ гэж хэлэхээр би уурлаад хашаанд битгий хэрүүл хийгээд бай гэсэн чинь А дүүг маань доромжлоод байхаар нь цааш нь түлхсэн чинь газар унахдаа хуруугаа гэмтээсэн байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг очиход тэр айлд Эгийн эгч нь болох Ууганаа гэх хүүхэн, нөхөр нь гээд танихгүй залуу, манай эхнэр, Э нар байсан. Тэр үед миний уур хүрээд дотор давчдаад байхаар нь буцаж гараад Спиртийн үйлдвэрийн урд талын дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Хараа архи аваад гудамжинд ганцаараа уусан. Тэгээд би буцаад нөгөө айлд очоод эхнэрээ явъя харья гэж зөндөө гуйгаад тэр айлаас дагуулж гарсан. Гараад хашаан дотор манай эхнэр чамаас салсан, танайд очихгүй гээд бид хоёр хоорондоо хэсэг маргалдсан. Энэ үед Э араас гарч ирээд намайг боль битгий хэрүүл маргаан хийгээд бай гэхээр нь би тэр залуутай эхнэрээ бага зэрэг хардаад чамд ямар хамаатай юм бэ гээд тэр залууг хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь нөгөө залуу буюу Э миний нүүр лүү мөргөсөн. Би унахдаа зүүн гараараа газар эвгүй тулсны улмаас миний зүүн гарын дунд хуруу нэгдүгээр үеэрээ хугарсан..... Миний нүүр лүү нэг удаа мөргөсөн. Түүнээс болж миний хамар муруйсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/

Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Гэрээс гараад А намайг явъя харья гээд шалаад гуйгаад байхаар нь би явахгүй гээд маргах шинжтэй ярилцсан. Энэ үед гэрээс Ууганаагийн дүү Э гарч бид хоёр дээр ирээд та хоёр манай хашаанд маргалдахаа боль гэхэд А чамд хамаагүй гээд Эг заамдаад авахаар нь Э манай нөхрийн нүүр лүү мөргөсөн. Тэгсэн чинь манай нөхрийн хамраас нь цус гараад эхэлсэн чинь манай нөхөр цагдаад хэлнэ гээд гараад явсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн № 64 ...... Дүгнэлт:

1.Б.Агийн биед зүүн гарын дунд хурууны хугарал, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Зүүн гарын дунд хурууны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамрын ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх  /Хх-н 16 дугаар хуудас/

П.Э нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 26 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 27 дугаар хуудас/

П.Эгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 30 дугаар хуудас/

Хохирогч Б.Агийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан П.Эд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, учраа олж эвлэрсэн гэсэн тодорхойлолт /Хх-н 43 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч П.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Улиастайн задгайд байрлах өөрийн гэрийн хашаанд иргэн Б.Атай маргалдан түүний нүүрэн тус газарт мөргөсний улмаас газар унахдаа зүүн гарын дунд хуруу нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанр хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч П.Эгийн хохирогч Б.Агийн нүүрэн тус газар нь мөргөж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн биед зүүн гарын дунд хурууны хугарал, хамрын ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 07 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 105 нэгж буюу 105000 төгрөгийг 500000 төгрөгийн торгох ялаас хасч үлдэх 395000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэх, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 131666  төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Э нь 07 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Оорцог овогт Пүрэвдагвын Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Эгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 07 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 105 нэгж буюу 105000 төгрөгийг 500000 төгрөгийн торгох ялаас хасч үлдэх 395000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Э нь 395000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            7. Хохирогч Б.А нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Эд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.