| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00394/И |
| Дугаар | 102/ШШ2017/00478 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/00478
2017 оны 02 сарын 09 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00478 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 13 дугаар гудамж, 229 тоотод оршин суух, Саманд овогт Нямдоржийн Дагвадорж /РД-ЧИ56120979/-ийн,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Дагвадорж шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Автотээврийн 22 дугаар баазад жолооч хийж байгаад 1995 онд гарсан. Тэгээд осолд орж группэд орж тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь хөдөлмөрийн дэвтэрт үсэг зөрүүтэй байна гэсэн.
Миний 2 хөдөлмөрийн дэвтэрт хоёуланд нь эцгийн нэрийг “Дагвадорж” гэж бичихийг “Давагдорж” гээд бичсэн учир уг дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү. Нэг дэвтэр нь ТМС-д байхад өгч байсан дэвтэр юм. Одоо тэтгэвэр тогтоолгоход хоёулаа хэрэг болно гэж бодож байна.
Ажилласан жил бусад бүх бичиг баримт бүрэн учир өөр хүсэлт гаргаагүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Дагвадорж нь “Нямдорж Давагдорж” гэж бичигдсэн 1972, 1979 оны хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч нь Самандын Нямдорж, Долгорын Лхамсүрэн нарын гэр бүлээс төрж, Нямдоржийн Дагвадорж гэсэн нэрээр төрөлтийн бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд улмаар уг нэрээр боловсрол эзэмшин, хөдөлмөр эрхэлж, гэрлэлтээ батлуулж байсан болох нь түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-2/96 тоот лавлагаа, жолооны үнэмлэх, Н.Дагвадорж, Б.Наранцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээ, тэтгэврийн дэвтэр зэргээр нотлогдож байна. /хх-3-5, 13-14 дүгээр хуудас/
Иймээс хүсэлт гаргагчийн нэрийг 1972, 1979 оны хөдөлмөрийн дэвтэрт Давагдорж гэж буруу бичигдсэн гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Саманд овогт Нямдоржийн Дагвадоржийг “Нямдорж Давагдорж” гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Саманд овогт Нямдоржийн Дагвадоржийг “Нямдорж Давагдорж” гэж бичигдсэн 1972, 1979 оны хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД