Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

   2020           5            18                                     2020/ШЦТ/502                                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г-ын Г-т холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, амжилгүй, ам бүл 1, ___ дугаарын регистртэй, Боржигон овогт Г-ын Г-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Г- 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн зүүн талаар иргэн О.С-ыг явж байхад “муухай харлаа гэх шалтгаанаар” нүүрэн тус газар цохиж, чихийг хазаж баруун чихэнд шарх, хүзүүнд зулгаралт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Г-ийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд гэмтлийн эмнэлгийн машин гардаг хэсгийн хажуугийн шатан дээр Ө, А гээд хоёр найзтайгаа хамт сууж байтал хажуугаар өнгөрч явсан залуу надруу муухай харахаар нь би тэр хүнийг чи муухай хараад байна уу гээд нүүрлүү цохисон чинь тэр хүн намайг зөрүүлээд нүүрлүү цохисон. Энэ үед манай найз Ө, Аагий хоёр ирж салгасан. Тэгээд тэр залуугаас салчихаад жаахан холдоод байж байтал тэр залуу гүйж ирээд намайг цохихоор нь би уурлаад чихийг нь хазсан нөгөө залуугийн чихнээс цус гараад байхаар нь би цагдаа иртэл хүлээж байгаад цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 26-28/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.С-ын өгсөн:

“...Би БГД-7 хорооны нутаг дэвсгэрт 65-р байранд байр түрээслэж эхнэрийн хамт амьдардаг. 2019 оны 7 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед гэрээсээ гараад Гурвалжин руу явах гээд Гэмтлийн зүүн талаар явж байхад 2 залуу хашааны дэргэд сууж байсан. Би хажуугаар нь өнгөрч явахад нөгөө 2 залуугийн нэг нь муухай хараад байна уу гэж хэлсэн. Би яасан бэ гэхэд гайхаад байна уу пизда минь гээд шууд миний нүүр лүү үсрээд цохисон. Би хойш болоод зай аваад зогссон тэр үед нөгөө залуу надруу дайраад байсан. Би чамтай ингэж учраа олохгүй цагдаа дуудна гээд эхнэр лүүгээ залгаад дуудлага өгч байгаа дүр үзүүлсэн тэр үед чи муу яадаг юм гээд над руу дайраад байсан, хажууд явж байгаа нэг эрэгтэй хүнийг цагдаа дуудаарай гэхэд дуудаж өгөөгүй. Би цүнхээ тавиад нөгөө туранхай залуутай барилцаад авсан. Тэр үед махлаг биетэй бор залуу болон шар царайтай өндөр залуу хоёр чи наад хүнээ тавиач гээд надруу орилоод байсан. Би туранхай залууг тавьсан. Тэр үед туранхай залуу буцаж ирээд надруу дайраад байхаар нь би зугтаахад миний араас татаад хойд дагз хэсэгт хэд цохисон. Туранхай залууг хамт явсан залуу нь цааш аваад явсан. Би зүгээр байж байгаад цохиулаад гомдолтой байсан болохоор чи наана байж бай цагдаад өгнө гэхэд туранхай залуу надруу дахин ирэхээр нь би тэвэрч аваад хашлага налуулсан чинь миний чихийг хазсан юм. Чихнээс цус гоожих үед туранхай залуу намайг тавьсан. Туранхай залуу сүүлдээ миний хажууд уйлаад суугаад байсан би өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр найз Г-, А нарын хамт гэмтлийн эмнэлгийн хажуу талд явган хүн өгсдөг шатан дээр архи уугаад сууж байтал хажуугаар өнгөрч явсан эрэгтэй хүнтэй Г- маргалдсан. Тэгтэл Г- тэр хүнийг цохьчих шиг болохоор нь А бид хоёр салгасан тэгтэл тэр залуу нь Г-ийг хальт цохисон чинь Г- тэр хүний чихнээс нь хазсан тэр хүний чихнээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9099 тоот: 

  1. О.С-ын биед баруун чихэнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Г- 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн зүүн талаар иргэн О.С-ыг явж байхад “муухай харлаа гэх шалтгаанаар” нүүрэн тус газар цохиж, чихийг хазаж баруун чихэнд шарх, хүзүүнд зулгаралт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Г-ийн “...би тэр хүнийг чи муухай хараад байна уу гээд нүүрлүү цохисон чинь тэр хүн намайг зөрүүлээд нүүрлүү цохисон. Энэ үед манай найз Ө, Аагий хоёр ирж салгасан. Тэгээд тэр залуугаас салчихаад жаахан холдоод байж байтал тэр залуу гүйж ирээд намайг цохихоор нь би уурлаад чихийг нь хазсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.С-ын “...Би яасан бэ гэхэд гайхаад байна уу пизда минь гээд шууд миний нүүр лүү үсрээд цохисон. ...туранхай залуу буцаж ирээд надруу дайраад байхаар нь би зугтаахад миний араас татаад хойд дагз хэсэгт хэд цохисон. Би зүгээр байж байгаад цохиулаад гомдолтой байсан болохоор чи наана байж бай цагдаад өгнө гэхэд туранхай залуу надруу дахин ирэхээр нь би тэвэрч аваад хашлага налуулсан чинь миний чихийг хазсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Өын “...Г- тэр хүнийг цохьчих шиг болохоор нь А бид хоёр салгасан тэгтэл тэр залуу нь Г-ийг хальт цохисон чинь Г- тэр хүний чихнээс нь хазсан тэр хүний чихнээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9099 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч О.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдсоноор шүүгдэгч Г.Г-ээс 30,000 төгрөг гаргуулж хохирогч О.С-т олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Г-ийн цагдан хоригдсон 4 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн нийт 32 цагийг хасаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 368 цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 30,000 төгрөг гаргуулж хохирогч О.С-т олгосугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Г.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ