Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 49

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Хохирогч Б.Х,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиун гэрт овогт Баатаржавын Мөнхдалайд холбогдох эрүүгийн 2019000000043 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, Б.М

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суух иргэн Б.Х-ын Хаан банкин дахь 5034****** тоот данснаас 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 4800 төгрөгийн зарлагын гүйлгээгээр нийт 574 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нийт 2 755 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

       

  Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...М-тай ямар нэгэн хувийн харилцаа холбоо байхгүй. 8 жилийн өмнөөс тавилгын дэлгүүр нээж туслах ажилтан шаардлагатай болсон учраас зар тавьсан. Зарын дагуу М ирсэн. М дээд боловсролтой, цэргийн байгууллагаар олон жил явсан учраас хүний итгэлийг олох байх гэж итгэсэн. Эхлээд туслах ажилтнаар ажиллуулж байгаад дараа нь давхар няравын ажил хийлгэж байсан. Эхнэр нь гэртээ ажилгүй байсан болохоор үйлдвэртээ тогоочоор авсан. 2019 онд манай үйлдвэр шинээр Г нэртэй барилгын материал үйлдвэрлэлийн үйлдвэр нээсэн. М-д гар доор нь ажиллах 2-3 ажилтан өгч, монгол гэр өгч тусад нь гаргаж өгсөн. одоохондоо үйлдвэр ашиг гараагүй байгаа болохоор үндсэн цалингаар нь ажиллуулъя гэсэн. Ингэж итгэсэн хүнийхээ дэргэд интернет банкны код байтугай амьдарлаа ч ярьсан. 700 000 төгрөгний цалингийн урьдчилгаа авсан. Тэрийгээ ч төлөөгүй байгаа. М өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй болохоор залуу хүний амьдралд хар толбо үлдээхвий гэхээс болгоомжилж байна. Тэр үед надаас албан ёсны чөлөө ч авалгүй Сэлэнгэ яваад, буцаж ирээд 7 хоног ажилдаа явалгүй гэртээ ирж хэвтсэн. Би өөрөө гэрийнх нь үүдэнд очиж ажил ихтэй байна ирээч гэж дуудсан. Ирээд 5 хоног ажилллаад дахиж ирээгүй. Тэгээд  би данснаас минь мөнгө аваад байгааг мэдээд дансаа хаалгасан. Ирж ажиллаач гээд байхад ирээгүй хүн миний данснаас мөнгө аваад өөрийгөө болгоод байсан байна...” гэв.

 

          Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн 5034382416 дугаарын дансандаа 600 000 төгрөг байлгаж байсан. Тэгээд орой 22 цагийн үед хүн рүү 5000 төгрөг шилжүүлэх шаардлага гараад интернэт банкруугаа ороод хартал 500 000 төгрөг болчихсон байсан. Тэгээд эхнэртээ үзүүлээд харуултал хуримтлалын данс руу татчихсан бололтой гээд тоогоогүй орхичихсон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 сарын 10-ны орой 16 цагийн орчимд ахиад төрийн банкны төлөлтөө хийх гээд интернэт банк руу ортол 400 000 төгрөг болчихсон байсан. Тэгээд интернэтээ ашиглан дансны хуулгаа хартал 1 данс руу 4800 төгрөгөөр удаа дараалан 100 000 төгрөг тэгшлээд шилжүүлчихсэн байсан. Учир нь дансанд байсан мөнгөний бутархай хэсэг нь өөрчлөгдөхгүй бүхэл хэсэг нь өөрчлөгдчихсөн байсан. Тэгээд би 16 цаг 10 минутанд интернэт банкны нэвтрэх нэр кодоо өөрчилсөн. Тэгээд 19 цаг 04 минутанд миний интернэт банкны код блоклогдлоо гэж мессэж ирсэн. Тэгээд дахиад 19 цаг 10 минутанд нууц үгээ сольсон. Тэгсэн чинь дахиад 19 цаг 21 минутанд дахиад миний интернэт банкны код блоклогдлоо гэж мессэж ирсэн... Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 03 сарын 11-ний өдөр ар шандын Хаан банкны салбараас өөрийн дансны сүүлийн 06 сарын хуулгыг авч үзээд 5379200515 дугаарын данс руу 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 4800 төгрөгөөр удаа дараалан нийтдээ миний тооцооллоор 574 удаа авч, цэврээр 2 755 000 төгрөг, банкны шимтгэл ороод 2 870 000 төгрөгийг авчихсан байсан... Учир нь миний ашигладаг дансаар миний хувийн бизнесийн орлого зарлага гарч байдаг болохоор анзаараагүй. Мөн би байнга 4800 төгрөгөөр аваад дансны зарлага мэдээлэл ирэхгүй байсан болохоор мэдэхгүй байсан...Би цалин олгох үедээ ажилчдаа тойруулж байгаад утсаа ил гаргаж ирээд интернэт банкныхаа нууц үгийг хийгээд орж байсан удаа бол цөөнгүй байгаа. Тэр үед хараад цээжлээд авсан байж магадгүй... Надад гомдол санал байхгүй. Зүгээр л надад учруулсан хохирлыг нөхөн төлчих юм бол болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6, 55-56 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Интернэт банк, мобайл банк, телефон банк зэрэг цахим хэрэгсэл ашиглан данс хооронд гүйлгээ хийж байгаа тохиолдолд манай банкны зүгээс ямар нэгэн хяналт шалгалт хийдэг зүйл байхгүй. Харин карт ашиглан гүйлгээ хийж байгаа бол манай Хаан банкны “Картын эрсдэл хариуцсан газар”-аас хяналт тавьж эзэмшигчид нь даруй мэдэгдэх, эсхүл картыг нь түр хаах зэрэг зохицуулалт хийдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

           Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай тэмдэглэлд: “...Гомдол гаргагч Б.Х-аас гаргаж өгсөн Хаан банкин дахь 5034382416 дугаарын дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх орлого зарлагын 23 хуудас бүхий хуулгыг хэрэгт ач холбогдолтой байх тул хүлээн авч хэрэгт хавсаргав...” гэжээ. /хх- ийн 9-32 дугаар хуудас/,

 

           Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай тэмдэглэлд: “...Б.М-ээс гарган өгсөн Хаан банкны 5034382416 дугаарын дансны 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагын 7 хуудас бүхий дансны хуулга нь хэрэгт ач холбогдолтой байх тул хэрэгт хавсаргав...” гэжээ / хх-ийн 33-40 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сайншанд суманд “Э” нэртэй тавилгын компанид туслахын ажил хийж байхдаа тавилгын цехийн дарга Х гэх хүний 5034****** дугаарын данстай интернэт банкны кодыг мэдэж авсан. Тэгээд интернэт банкаараа дамжуулан өөрийн ашигладаг Хаан банкны 5379****** дугаарын дансруу 4800 төгрөг явуулж эхэлсэн. Анхандаа тамхины мөнгө олох зорилготой өөр рүүгээ шилжүүлж эхэлсэн. Тэгээд даамжирсаар байгаад мөнгөний хэрэгцээ гарах болгондоо интернэт банкаар нь дамжуулан мөнгө авсаар байсан. Тэгээд нэг мэдэхэд их хэмжээний мөнгө болчихсон байна. Яг хэдэн төгрөг авснаа мэдэхгүй байна... Нэг өдөр Х ах Е баримт бүртгүүлдэг апплейкэшиныхаа нэвтрэх нэр, нууц үгийг мартчихсан байсан. Тэгээд надаас асуухаар нь би бүртгэлтэй жимэйл рүү нь Х ахаар өөрөөр нь нууц үгийг нь оруулж байгаад Е баримтынх нь нууц үгийг сэргээн өгч байсан. Тэр үед Х ах жимэйл хаягийнхаа нууц үгийг дахин дахин миний хажууд хийгээд байсан болохоор нь би цээжлээд авчихсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 7-8, 46-47 дугаар хуудас/,

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суух иргэн Б.Х-ын Хаан банкин дахь 5034****** тоот данснаас 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 4800 төгрөгийн зарлагын гүйлгээгээр нийт 574 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нийт 2 755 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн 5034****** дугаарын дансандаа 600 000 төгрөг байлгаж байсан. Тэгээд орой 22 цагийн үед хүн рүү 5000 төгрөг шилжүүлэх шаардлага гараад интернэт банкруугаа ороод хартал 500 000 төгрөг болчихсон байсан. Тэгээд эхнэртээ үзүүлээд харуултал хуримтлалын дансруу татчихсан бололтой гээд тоогоогүй орхичихсон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 сарын 10-ны орой 16 цагийн орчимд ахиад төрийн банкны төлөлтөө хийх гээд интернэт банкруу ортол 400 000 төгрөг болчихсон байсан. Тэгээд интернэтээ ашиглан дансны хуулгаа хартал 1 дансруу 4800 төгрөгөөр удаа дараалан 100 000 төгрөг тэгшлээд шилжүүлчихсэн байсан. Учир нь дансанд байсан мөнгөний бутархай хэсэг нь өөрчлөгдөхгүй бүхэл хэсэг нь өөрчлөгдчихсөн байсан. Тэгээд би 16 цаг 10 минутанд интернэт банкны нэвтрэх нэр кодоо өөрчилсөн.Тэгээд 19 цаг 04 минутанд миний интернэт банкны код блоклогдлоо гэж мессэж ирсэн. Тэгээд дахиад 19 цаг 10 минутанд нууц үгээ сольсон. Тэгсэн чинь дахиад 19 цаг 21 минутанд дахиад миний интернэт банкны код блоклогдлоо гэж мессэж ирсэн... Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 03 сарын 11-ний өдөр ар шандын Хаан банкны салбараас өөрийн дансны сүүлийн 06 сарын хуулгыг авч үзээд 5379****** дугаарын дансруу 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 4800 төгрөгөөр удаа дараалан нийтдээ миний тооцооллоор 574 удаа авч, цэврээр 2 755 000 төгрөг, банкны шимтгэл ороод 2 870 000 төгрөгийг авчихсан байсан... Надад гомдол санал байхгүй. Зүгээр л надад учруулсан хохирлыг нөхөн төлчих юм бол болно...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Интернэт банк, мобайл банк, телефон банк зэрэг цахим хэрэгсэл ашиглан данс хооронд гүйлгээ хийж байгаа тохиолдолд манай банкны зүгээс ямар нэгэн хяналт шалгалт хийдэг зүйл байхгүй. Харин карт ашиглан гүйлгээ хийж байгаа бол манай Хаан банкны “Картын эрсдэл хариуцсан газар”-аас хяналт тавьж эзэмшигчид нь даруй мэдэгдэх, эсхүл картыг нь түр хаах зэрэг зохицуулалт хийдэг...”гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сайншанд суманд “Э” нэртэй тавилгын компанид туслахын ажил хийж байхдаа тавилгын цехийн дарга Х гэх хүний 5034****** дугаарын данстай интернэт банкны кодыг мэдэж авсан. Тэгээд интернэт банкаараа дамжуулан өөрийн ашигладаг Хаан банкны 5379****** дугаарын дансруу 4800 төгрөг явуулж, эхэлсэн. Анхандаа тамхины мөнгө олох зорилготой өөр рүүгээ шилжүүлж эхэлсэн. Тэгээд даамжирсаар байгаад мөнгөний хэрэгцээ гарах болгондоо интернэт банкаар нь дамжуулан мөнгө авсаар байсан. Тэгээд нэг мэдэхэд их хэмжээний мөнгө болчихсон байна. Яг хэдэн төгрөг авснаа мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгүүд, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай “...Гомдол гаргагч Б.Х-с гаргаж өгсөн Хаан банкин дахь 5034****** дугаарын дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх орлого зарлагын 23 хуудас бүхий хуулгыг хэрэгт ач холбогдолтой байх тул хүлээн авч хэрэгт хавсаргав...”,эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай “...Б.М-с гарган өгсөн Хаан банкны 5034****** дугаарын дансны 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагын 7 хуудас бүхий дансны хуулга нь хэрэгт ач холбогдолтой байх тул хэрэгт хавсаргав...” тэмдэглэлүүд болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

 

ХААН банкны ухаалаг мэдээгээр 5000 төгрөгөөс доош үнийн дүнтэй гүйлгээ хийсэн тохиолдолд данс эзэмшигчийн утсанд ямар нэгэн мэдээлэл очихгүй, дансны үлдэгдлээс 4700-4800 төгрөг хасагдаж байгаа тухай орлого зарлага мэдэгддэггүйг Б.М ашиглан, нууц кодыг мэдэж авснаар 4700-4800 төгрөгийн зарлагыг хохирогчийн данснаас гаргаж байгаа нь хулгайлах гэмт хэргийг дансны эзэмшигчид мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэх үндэслэл болж байна.

 

            Иймд шүүгдэгч Х гэрт овогт Б.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.М-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, учруулсан хор уршгийн шинж чанар болон шүүх хуралдаанд хохирогч нь “...шүүгдэгч Мг ял шийтгүүлээд явуулахыг хүсэхгүй байна, ...надтай хамтарч ажиллаад учруулсан хохирлоо төлүүлэхээс гадна ар гэрийн байдал, хувийн байдлыг нь харгалзаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломж байгаа бол тэрхүү боломжийг олгохыг хүсэж энэ шүүх хуралдаанд ирж, өөрийн сайн дураар ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүсэх зорилготой ирсэн...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 2 755 000 төгрөг, гүйлгээ хийсний хураамж 86 000 төгрөг нийт 2 841 000 төгрөгийг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулахыг даалгах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б.М-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, “Э.Х” ХХК-д тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.М нь санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

           6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.М-д хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-с 2 841 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Х-д олгосугай.

 

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М нь хохирол барагдуулах ажиллагааг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Н.АДЪЯА