Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00444

 

   2017 оны 02 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00444

                Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Сэрж эксклютив хаус, 404 тоотод оршин байгаа “Цоба” ХХК /РД-5571871/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Го-парк, 101 дүгээр байрны 62 тоотод оршин суух, Боржигин овогт Чулуунсүхийн Цэцэгбаяр /РД-ЧР79030166/-т холбогдуулан гаргасан,

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Цоба” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ч.Цэцэгбаяртай 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 15/93 дугаар амины орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан. Тус гэрээгээр бид Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хадат вилла хотхонд В5 байршилд 130 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалагчийн хөрөнгөөр барьж, 300 м.кв газрын хамт өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэрээний 2.2 дахь хэсэгт гэрээний нийт төлбөр 170,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээ байгуулсан өдөр төлбөрийн 30 хувь болох 51 сая төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл 70 хувь болох 119,000,000 төгрөгийг төлөх үүргийг захиалагч тал болох Ч.Цэцэгбаяр хүлээсэн.

            Гүйцэтгэгч тал болох манай компанийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээнд заасан хугацаанд Ч.Цэцэгбаярын эзэмшилд амины орон сууцыг хүлээлгэн өгсөн ба хариуцагч уг орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй биднийг хохироож байна. Энэ талаар хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байгаа.

            Бид гэрээний үүргээ биелүүлэхийг Ч.Цэцэгбаяраас удаа дараа шаардаж нэмэлт хугацаа тогтоож, энэ тухай албан бичгээр мэдэгдэж байсан боловч үр дүн гараагүй.

            Уг амины орон сууцыг барихад Ч.Цэцэгбаяраас ямар ч хөрөнгө ороогүй бөгөөд газар нь манай компанийн эзэмшилд байдаг.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 15/93 дугаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу өөрийн хөрөнгөөр барьсан амины орон сууцыг хариуцагч Ч.Цэцэгбаярын эзэмшлээс буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Цэцэгбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Цоба” ХХК болон Ч.Цэцэгбаяр нар 2015 оны 8 дүгээр сарын 17-ны өдөр 15/93 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хорооны Хадат вилла хотхоны В5 байршилд 130 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалагчийн хөрөнгөөр барьж, 300 м.кв газрын хамт захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд өнөөгийн эдийн засгийн хямрал болоод валютын ханшны зөрүү зэргээс хүндрэл үүссэн тул өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байгаа.

Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах нь бид нарт алдагдалтай байна. Манай талаас гэрээнээс татгалзахгүйгээр гэрээгээ үргэлжлүүлж, байрны үнийг тодорхой цаг хугацаанд хуваан төлөх болон гэрээний төлбөр тооцоог өөр хэлбэрээр буюу арилжааны хэлбэрээр төлж барагдуулах хүсэлтэй байна.

Иймээс хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.    

           

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Цоба” ХХК нь Ч.Цэцэгбаярт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзан, гэрээний гүйцэтгэл болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат Вилла хотхоны В5 байрлах 130 м.кв талбай бүхий амины орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “... эдийн засгийн хямралаас үүргээ гүйцэтгэж чадаагүй, ... гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй ...” гэж тайлбарладаг.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад хариуцагч Ч.Цэцэгбаяр нь “Цоба” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 15/93 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барьж буй 44 айлын Хадат Вилла хотхонд В5 байрших 130 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалагчийн хөрөнгөөр барьж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу хариуцагч Ч.Цэцэгбаяр нь гэрээнд заасан ажлын шаталбарын дагуу төлбөрийг “Цоба” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-10-15 дугаар тал/

            Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч “Цоба” ХХК нь өөрийн хөрөнгөөр Ч.Цэцэгбаярын захиалсан амины орон сууцыг барьж дуусган, хариуцагчид 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын үр дүнгээ хүлээлгэн өгч, Ч.Цэцэгбаяр нь өнөөдрийг хүртэл уг амины орон сууцыг эзэмшин, ашиглаж байх боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөөр хэлбэл ажлын хөлс 170,000,000 төгрөгөө төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар нотлогдож байна. /хх-32-33 дугаар хуудас/

Дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй, харин хариуцагч талын хувьд гэрээг үргэлжлүүлж, ажлын хөлсийг хуваарь гарган төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авах боломжгүй гэж тайлбарладаг.

“Цоба” ХХК нь Ч.Цэцэгбаярт гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй гэдэг нь хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан албан бичгүүдээр нотлогдож байх тул шүүх, нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 5.1-д заасны дагуу гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэцэгбаярын эзэмшлээс Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Хадат Вилла хотхоны В5 байрших 130 м.кв талбай бүхий амины орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч “Цоба” ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.Цэцэгбаяраас 1,007,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цоба” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэцэгбаярт ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Хадат Вилла хотхоны В5 байрших 130 м.кв талбай бүхий амины орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч “Цоба” ХХК-д буцаан өгөхийг үүрэг болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.Цэцэгбаяраас 1,007,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цоба” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД