Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 647

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Дижитал Агуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00062 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Дижитал Агуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сүлд Медиа” ХХК-д холбогдох

 

            Зохигчийн эрх зөрчсөнөөс учирсан хохирол болох 25 366 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн  

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Бадрал    

Хариуцагчийн өмгөөлөгч                                                      Р.Очирбал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Дижитал Агуулга" ХХК-ийг гүйцэтгэх захирал Д.Төгсөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “Дижитал Агуулга” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Брайт медиа" /Bright Media limited/ ХХК-тай киноны лицензийн онцгой эрхийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Хятадын телевизийн олон ангит "Хубилай хааны домог" /Legend of Kubilai Khan/ киног Монгол улсад эфирийн, кабелийн болон сансарын телевизээр гаргах зөвшөөрөл олгох онцгой эрхийг эзэмшиж байна. Манай компани уг онцгой эрхийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн телевизэд уг киног гаргах эрхийг тодорхой хугацаагаар, хариу төлбөртэйгээр олгож ашиг олохоор төлөвлөж байсан юм. Гэтэл Сүлд телевиз нь 2016 оны 3 дугаар сард "Хубилай хааны домог" киноны албан ёсны эрхийг манайхаас авалгүйгээр, хууль зөрчиж гаргаж байсныг бид мэдэж, шаардлага тавьсны дараа тус телевиз уг хууль бус үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хугацаанд тус телевиз нь уг киног орчуулж, эфирт гаргахад бэлэн болгоод эхний 2 ангийг нь олон нийтэд гаргаж амжсан. Тус телевизийн уг үйл ажиллагаа нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн нь Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 047/028 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Сүлд телевиз нь "Хубилай хааны домог" киноны 2 ангийг олон нийтэд нэвтрүүлсний дараа бусад телевизүүд Сүлд телевизийн гаргаж байсан киног бид авахгүй гэсэн тул манай компани энэ киноноос ашиг олох биш, зардлаа нөхөж чадахгүй байдалд хүрсэн. Эцэст нь нэг л телевиз 3000 ам.доллараар, тэгэхдээ бартераар авах санал гаргаж энэ киног гаргах эрхийг авсан, өөр телевиз аваагүй. Ингээд манай компанид 11.000 ам.долларын хохирол учраад байна. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар "Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг дэмжиж байна. 50 ангит киног салгаж зарах боломжгүй. Телевизийн хувьд мөн салгаж зарах боломжгүй. 2 ангийнхаа мөнгийг төлснөөр зохиогчийн эрхийн зөрчил арилж байна гэж үзэх боломжгүй. 50 ангийг худалдаж аваад зохих ёсоор гаргах ёстой байсан. 14000 ам.долларыг зарцуулан энэ эрхийг олж авсан. Одоо онцгой эрх дууссаны дараагаар харах юм бол нэг телевизэд 5 991 000 төгрөгөөр худалдсан. Зөрүү   25 366 000 төгрөгний алдагдалтай байна. Энэ киногоо бүхэлд нь ашигтай байтугай, балансын тааруулаад гаргасан зардлаа олж авахад хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр кино нэвтрүүлсэн үйлдэл нь нөлөөлсөн гэж үзэж байна. Бид ТиВи-10 телевизэд 5 991 000 төгрөгөөр өгөхдөө тодорхой хэмжээгээр үнээ хямдруулаач гэсний үндсэн дээр бага мөнгөөр өгсөн. Тэгэхээр нэгэнт эрх дууссан байгаа учраас бид нар 25 366 000 төгрөгөөр кино авсан компаниас гаргаж авах боломжгүй болсон учраас хариуцагч үүнийг барагдуулах ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Хариуцагч "Сүлд Медиа" ХХК-ийн төлөөлөгч Г.Сумъяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 3 дугаар сард Тиви10 телевизээс манай телевизэд утсаар хандаж “Хубилай” олон ангит киног албан ёсны эрхийн дагуу эфирт нэвтрүүлж байгаа тул яаралтай тухайн киног Сүлд телевизийн эфирт нэвтрүүлэхээ зогсоох тухай шаардлага тавьсан юм. Бид тухайн үед “Хубилай” олон ангит киног Өвөр Монголын өөртөө засах орны Одон телевизтэй хамтран ажиллах аман гэрээ хийсэн мөн удахгүй бичгээр гэрээ хийх гэж байгаа тухайгаа ТиВи 10 телевизийн удирдлагатай харилцан ярилцаад тавьсан шаардлагыг нь биелүүлж тухайн киног эфирт нэвтрүүлэхийг зогсоосон юм. Яг тухайн үед 2 анги гаргаад хаасан бөгөөд 2 ангитай тэнцэх хэмжээний бодит хохирлыг нөхөн барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин биднээс нэхэмжилж буй нийт 50 ангит киноны бүх зардал болох 25 366 000 төгрөгийг төлж барагдуулах нь шударга бус үйлдэл гэж үзэж байгаа тул энэ хүү төлбөрийг төлж барагдуулахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “Сүлд Медиа” ХХК-д өмгөөлөгч Р.Очирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэгч байгууллагын лицензийн гэрээний хугацаа дуусахаас 3 сарын өмнө олон нийтэд 2 ангийг цацсан. Лицензийг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр оруулж ирсэн боловч олон нийтэд худалдаалж чадаагүй. Энэ хугацаанд лицензийнхээ эрхийг өөрсдөө хамгаалж чадаагүй. Оюуны өмчийн газарт лиценз нь бүртгэгдэггүй, тэр журмаар манайх олон нийтэд сурталчилж байгаад киног гаргасан. Үзэгчид болон албаны хүмүүсийн яриагаар ТиВи10 телевиз 30 хол давсан ангийг гаргасан гэж ярьдаг. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уг киног 3000 ам.доллараар үнэлээд нийт 50 ангийг 5 991 000 төгрөг байсан гэж байна. Уг киноны 50 ангийг интернэтэд үзэх боломжтойгоор тавьсан байдаг. Бид нар төлбөрөө төлье гэж байгаа. 11000 ам.долларыг 50 ангид хуваах юм бол 440 ам.долларыг бид төлж болно. Эрх эзэмшигчийн хувьд шударга байх ёстой. Үүнийг арилжааны гэм хор гэж нэхэмжилж байгаа бол хохирсон гэдгээ нотлох ёстой. Нэхэмжлэгч нь ямар нэгэн байдлаар бусад арилжааны телевиз гаргаагүй гэдэг талаарх баримтаа гаргаагүй байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх үндэслэлгүй байна. Иргэний эрх зүйн гэм хорын асуудал яригдаж байгаа тохиолдолд зарах нь тодорхой байсан гэдгээ нотлох ёстой. Эдийн засгийн хувьд хохирол байсан гэдгийг шүүх анхаараасай гэж үзэж байна. Энэ зүйлээс болоод хохирол учирсан гэдгийг нотлох ёстой. Би өмгөөлөгчийн хувьд зөвлөгөө өгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх үндэслэл байгаа ч гэсэн хариуцагч нь 2 ангийн мөнгийг өгнө гэж хэлсэн. Үнэндээ нэхэмжлэгч талын орчуулагчаас нь киног авсан юм байна лээ. Тэр хүн нь өөр сувгуудад зарах санал тавиад явж байсан гэж сонссон. 2 ангийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Сүлд медиа" ХХК-аас 1 291 690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Дижитал агуулга" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24 074 310 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Бадрал давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсан ч хэрэглээгүйгээс хариуцагчаар нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг хэтэрхий багаар тогтоолоо.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг "гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасан байдаг. Хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тохиолдолд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй бол хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлэх нь уг хуулийн зохицуулалтын зорилго юм.

Гэтэл анхан шатны шүүх онцгой эрхийн гэрээнд бичигдсэн нэг ангийн үнэлгээг хариуцагчийн гаргасан 2 ангиар үржүүлж, хохирлын хэмжээг тогтоосон нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг бүрэн барагдуулсан шийдвэр болсонгүй. Учир нь уг олон ангит кино нь 50 ангиас бүрдсэн оюуны өмчийн нэг бүтээл билээ. Тиймээс нэхэмжлэгч нь уг 50 ангит киног гаргах эрхийг телевизүүдэд худалдахдаа анги тус бүрээр нь салгаж өгөх эрхгүй бөгөөд тэгж салгаж үнэлэх нь буруу юм.

Хариуцагчийн зүгээс уг киног телевизээр гаргахад бэлэн болгож 50 ангийг нь Монгол хэлэнд хөрвүүлж, дуу оруулсан, мөн 2 ангийг гаргасан хууль бус үйлдлээ хийхээсээ өмнө хуулийн дагуу нэхэмжлэгчтэй TиBи10 телевизийн жишгээр гэрээ байгуулж, зохих ёсны төлбөрөө төлсөн байх ёстой байсан. Бусад телевизүүд эрх эзэмшигчид нь мөнгө төлж гаргадаг киног эрх эзэмшигчид нь мөнгө төлөхгүйгээр гаргахаар шийдсэн, хийсэн үйлдэл нь гаргасан ангийн тооноос үл хамаарч, санаатайгаар үйлдсэн оюуны өмчийн зөрчил юм.

Нэхэмжлэгч нь уг киног гаргах онцгой эрхийг авахын тулд 14000 ам.доллар төлсөн тул нэхэмжлэгчийн хувьд уг киноны онцгой эрхээ 14000 ам.доллараар үнэлсэн, мөн 3000 ам.долларын орлогоо хасч, хохирлоо 11000 ам.доллараар тооцсон нь зүй ёсны хэрэг билээ. Нэхэмжлэгчийн онцгой эрхийн гэрээний хугацаа дууссан тул одоо уг киног худалдаж, гаргасан зардлаа нөхөх, орлого олох боломжгүй болсон. Монгол улсын 1997 онд нэгдэн орсон "Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр" (Төрийн мэдээлэл сэтгүүлийн тусгай дугаарын 2005 оны 12 дугаар 25-ны өдрийн 3 дугаар ботид хэвлэгдсэн)-ийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй" гэж заасантай нийцэхгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Дижитал агуулга" ХХК нь хариуцагч "Сүлд медиа" ХХК-д холбогдуулан гэм хор учруулсан хохиролд 25 366 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч байгууллага киноны хоёр ангид тохирсон бодит хохирлыг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заасан “…хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр “Хубилай хааны домог” олон ангит киноны хоёр ангийг гаргасан” гэх нөхцөл байдал зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд харин уг үйлдэлтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирлын талаар маргаантай байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Дижитал агуулга” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Брайт медиа" компанитай 2014 оны 4 дүгээр сарын   10-ны өдөр лицензийн гэрээ байгуулан уг гэрээгээр “Хубилай хааны домог” 50 ангит /нэг анги нь 45 минутын/ киног нэг ангийг 280 ам.доллараар тооцон нийт 14000 ам.доллараар худалдан авч ашиглах гэрээний хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дуусахаар тохиролцжээ.

 

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Дижитал агуулга" ХХК-ийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Брайт медиа" компанитай гэрээ байгуулан “Хубилай хааны домог” киног ашиглах онцгой эрхийг эдлэх эрх бүхий этгээд гэж үзнэ. 

 

Хариуцагч "Сүлд медиа" ХХК нь нэхэмжлэгч “Дижитал агуулга" ХХК-ийн  зөвшөөрөлгүйгээр 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Хубилай хааны домог” олон ангит киноны хоёр ангийг гаргасан нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэм хор учруулсан гэж үзэх тул хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч байгууллага “Дижитал агуулга” ХХК нь хариуцагч "Сүлд медиа" ХХК-ийн буруутай ажиллагаанаас тухайн киног бусад телевизүүдэд зарж чадаагүйтэй холбоотой хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч компанийн зүгээс киног зөвшөөрөлгүй гаргасантай холбоотойгоор уг бүтээлийг ашиглах эрхээ худалдан борлуулах боломжгүй болсон гэх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчид хариуцагчийн үйлдэлтэй холбоотойгоор 25 366 000 төгрөгийн хохирол алдагдал хүлээсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Зохиогчийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд цацсаны улмаас уг бүтээл болох киног бусад телевизүүд худалдан авахаас татгалзаж болох боловч уг киног гаргах онцгой эрхийн лиценз олгогч Bright Media limited компанитай нэхэмжлэгчийн байгуулсан үндсэн  гэрээний хугацаа дуусахаас 3 сарын өмнө хариуцагч байгууллага нь уг киног телевизийн сувгаар гаргасан гэх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь уг киног ашиглах эрхийг бусад телевиз, мэдээллийн хэрэгсэлд худалдан ашиг олж чадаагүйд хариуцагч дангаар буруутай гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох үүрэгтэй байдаг.

Иймд хариуцагч байгууллагын үйлдлийн улмаас нэхэмжлэгчид нь хариуцагч байгууллагын хууль зөрчсөн 11000 ам.долларын хохирол учирсан гэж үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь өөрийн хууль зөрчиж гаргасан киноны 2 ангид ногдох хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэдгээ зөвшөөрснөөс гадна, нэхэмжлэгчийн киног ашиглах эрхийн нийт 2 жилийн хугацаа, хариуцагчийн эрх зөрчсөн үйлдэл гаргаснаас хойш ашиглах эрх дуусах хүртэл үлдсэн хугацааг харьцуулан үзэхэд анхан шатны шүүх 280 ам.долларыг 2 ангиар тооцон 1 291 690 төгрөгийг хохиролд тооцон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Төгсөө учирсан хохирлыг мөнгөөр төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг хэрэглээгүй байх буруу байх тул уг заалтыг нэмэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШШ2017/00062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэсний дараа 510 дугаар зүйлийн 510.1 …” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Бадралын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа “Дижитал агуулга” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 322 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                       

                          ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ                                            

                                                                        Ц.ИЧИНХОРЛОО