Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2018/0014/з |
Дугаар | 13 |
Огноо | 2018-07-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 13
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Г.Аы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Нт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Нийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Сүхбаатар аймгийн Нийн дарга П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.А нь БНМАУ-ын Прокурорын 1988 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Б/338 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хэсгийн прокуророор томилогдон ажилласан ба тус газарт туслах прокурор болон хяналтын прокуророор тасралтгүй ажиллаж байгаад Прокурорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “ тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл прокуророор нас харгалзахгүйгээр 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасны дагуу өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нт 2018 оны 02 сарын 06-ны өдөр тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлж өгсөн. Тус газар нь Прокурорын тухай хууль, Нийгмийн даатгалын хуультай уялдаагүй байгаа тул тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй байна. Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орсон үед тогтоох гэсэн хариуг өгсөн.
Нийгмийн даатгалын хуулийн /1994 оны/ 21 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлд / орон тооны бус/ ажиллана” гэж заасны дагуу би эрх ашгаа хамгаалуулахаар уг зөвлөлд хандсан.
Тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны хурлаар Прокурорын эрх зүйн байдлын тухай хуулинд заасан үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зүйл заалтад нийцэхгүй байх тул өндөр настны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд тус аймгийн Нийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгаж, тэтгэврийг нөхөн гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Нийн дарга П.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь Монгол Улсын Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлж нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг тогтоох, олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Өөрөөр хэлбэл даатгуулагч, ажил олгогчдын төлсөн нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг зөвхөн энэ хуулийн заалт, холбогдох заавар журмаар захиран зарцуулах эрх зүй хэрэгжиж байна. Энэ хуулийн болзол нөхцлийг хангасан нөхцөлд тэтгэвэр тэтгэмжийг тогтоож уг сангаас зарлага гаргаж болно.
Нэхэмжлэгчийн гомдол болох Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 заалт нь /ажилласан жил, нас, нөхцөл/ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд тусгагдаагүй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай бусад салбар чиглэлийн 33 хууль харилцан уялдаатай хэрэгжиж байгаа ба үүнд Прокурорын хуультай холбоотой заалт байхгүй байна.
Нэхэмжлэгчийн гомдлыг манай хэлтэс болоод нийгмийн даатгалын ерөнхий газар, хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл хүлээн авч хэлэлцэж зохих хариуг тухай бүр өгсөн байгаа.
1. Иргэн Г.Аы Нт 2018 оны 02 сарын 6-нд тэтгэвэр гарах өргөдлийг авч хэлэлцээд тэтгэвэр тогтоох боломжгүй. Эрх зүйн заалт тохирохгүй байна. нийгмийн даатгалын багц хууль шинэчлэн батлагдаж эрх зүйн нөхцөл бүрдвэл тогтоож болно гэсэн хариуг өгсөн.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны 1/748 тоот албан бичгээр улсын ерөнхий Прокурорын газрын Тамгын газрын дарга Ц.А болон иргэн Г.Ад Нийгмийн даатгалын багц хууль батлагдах хүртэл хугацаанд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэсэн хариуг өгсөн байна.
Тус хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд иргэн Г.А өргөдөл гаргаж 2018 оны 5 дугаар сарын 8-нд хариуг дээрхи үндэслэлээр өгсөн болно .
Иймээс 1 дүгээрт эрх зүйн зохицуулалт байхгүй, 2 дугаарт дээд газрын чиглэл зөвлөмж тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн учир тэтгэвэр тогтоогдохгүй байгаа болно.
Удирдах дээд байгууллагын чиглэл зөвлөмж зааварчилгаа ирсэн .Үүнийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан нэхэмжлэгч Г.А нь “өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Сүхбаатар аймгийн Нийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Г.А нь БНМАУ-ын Прокурорын 1988 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/338 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хэсгийн прокуроор томилогдон, улмаар туслах болон хяналтын прокуророор ажиллаж байгаад Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “... 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж эрх олгогдсоноор тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг нь харгалзан түүнийг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/277 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Г.А нь 2018 оны 02 дугаар сарын 06 нд Сүхбаатар аймгийн Нт тэтгэвэр тогтоолгон авах өргөдлийг холбогдох материалын хамт гаргахад Нээс “Прокурорын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуультай уялдаагүй байх тул тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй байна.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсон үед тогтоох” гэсэн хариуг өргөдлийн ар талд бичин буцаажээ.
Мөн Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр “өргөдөл холбогдох материалыг судалж үзэхэд иргэн Г.Ад Прокурорын эрх зүйн байдлын тухай хуулинд заасан үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн зүйл заалтад нийцээгүй байх тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болно” гэсэн хариу өгчээ.
Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан Г.А нь “55 нас хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэсэн нөхцөл, болзлыг хангасан тул өөрийн хүсэлтээр прокурорын албан тушаалаас чөлөөлөгдсөн, Сүхбаатар аймгийн Нт хандаж “өндөр насны тэтгэвэр тогтоолгох”-оор гаргасан түүний өргөдөлд “Прокурорын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуультай уялдаагүй байх тул тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй” гэж хариу өгсөн, нэхэмжлэгчээс Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор ... өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан байхад тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус” гэж, хариуцагч “өнөөдөр дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулинд энэ талаар заагаагүй тул татгалзсан нь хуульд нийцсэн” гэж маргасан, нэхэмжлэгч Г.А нь “...20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн”, “60 нас хүрээгүй” гэх үйл баримтуудтай талууд маргаагүй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд “энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.
Хуулийн зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессийн шинжтэй хууль бөгөөд энэ хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоох насны ерөнхий болзлыг “65 нас”-аар зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл “60 нас”, “55 нас”, “50 нас”-наас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчилжээ.
Тухайлбал: Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоожээ.
Гэхдээ энэ зүйлд заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т зааснаар “төрсөн оноос нь хамааруулан 60-65 нас” байхаар тогтоосон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол ...”, 3-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол ... тэтгэвэр тогтоолгон авах”-аар, 6-д “сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах”-аар тус тус заасан байна.
Ийнхүү Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т заасан “65 нас хүрсэн бол” гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд “өөр байж болох”-оор заасан, даатгуулагч “өөрөө хүссэн” тохиолдолд “60 нас”, “55 нас”, “50 нас”-наас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн “өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох” эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.
Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж заажээ.
Үүнээс прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокуороын тухай хууль /шинэчилсэн найруулга/ гэж үзэхээр байна.
Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицуулсан байна.
Иймд Прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан нарийвчлан зохицуулсан хуулиар олгогдсон нэхэмжлэгч Г.Аы өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг, хариуцагч Сүхбаатар аймгийн Н “Прокурорын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуультай уялдаагүй байх тул тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй” гэж татгалзах биш, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан “... /онцгой тохиолдолд/ нийтдээ 20-иос доошгүй жил ... тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол /өндөр насны тэтгэвэр авах эрхтэй/, мөн зүйлийн 6-д заасан “... 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ... ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах” гэж заасныг баримтлан өндөр насны тэтгэвэрийг тогтоох боломжтой, энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиар нэгэнт олгогдсон “иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан нь төр түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэг юм.
Иймд дээрх үндэслэлээр “өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Сүхбаатар аймгийн Нийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ..., хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, .... олгоно” гэж зааснаар даатгуулагч Г.А нь Сүхбаатар аймгийн Нт тэтгэвэр тогтоолгон авах өргөдлийг холбогдох материалын хамт гаргасан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж, тэтгэврийг нөхөн гаргуулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Аы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Сүхбаатар аймгийн Нийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгаж, тэтгэврийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс нөхөн гаргуулсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Нээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ