Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00427

 

    2017 оны 02 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00427

               Улаанбаатар хот

 

                                      

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Очир хотхон 78-903 тоотод оршин суух, Цэдэв овогт Таванжингийн Дэлгэрмаа /РД-ЧД78080400/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3а байр, 43 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва 21 дүгээр байр, 128 тоотод оршин суух, Боржигон Эрдэнийн Должинсүрэн /РД-НЛ80032460/-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Э.Должинсүрэнгээс тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан Nissan infiniti FX маркийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр Автотээврийн үндэсний төв дээр очиход уг автомашиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан тул өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй болсон.

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э.Должинсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын 794 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу Э.Должинсүрэнгээс 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Э.Должинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаад 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Nissan infiniti FX маркийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр худалдсан боловч нэрийг нь шилжүүлэх боломжгүй болсон.

Иймд Т.Дэлгэрмааг хохиролгүй болгож 30,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа нь хариуцагч Э.Должинсүрэнгээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр хариуцагч Э.Должинсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 30,000,000 /гучин сая/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Т.Дэлгэрмаад төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Т.Дэлгэрмаагийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 153,975 төгрөг, хариуцагч Э.Должинсүрэнгээс 153,975 төгрөгийг тус тус гаргуулан Т.Дэлгэрмаад буцаан олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Э.Должинсүрэнд холбогдох иргэний хэргийн хариуцагч Э.Должинсүрэнгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 /гучин сая/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Т.Дэлгэрмаад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 153,975 төгрөг, хариуцагч Э.Должинсүрэнгээс 153,975 төгрөгийг тус тус гаргуулан Т.Дэлгэрмаад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

                                

                                       ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД