Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 690

 

 

 

 

 

 

 

   2020            7            20                                      2020/ШЦТ/690                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х-ын Мд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой багш мэргэжилтэй, ___ дугаарын регистртэй, Боржигон овогт Х-ын М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.М нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн автомашины гадна зогсоолд байсан 25-74 УНН улсын дугаартай автомашины багаж дээр мартаж явсан Б.Б-ын эзэмшлийн “Самсунг А50” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаагаар мэдсээр байж завшсаны улмаас Б.Б-ад 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.М-ын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын дундуур манай эхнэрийн төрсөн дүү О нь Булган аймагт хотод хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр манайд ирсэн байсан. Би О болон хүүхдийг аваад Баянгол дүүргийн 7-р хороо гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхээр 25-74 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид нар гэмтэл дээр ирээд би Оийг хүүгийнх нь хамт хүлээн авах дээр буулгаад өөрөө гэмтлийн гадна авто зогсоол дээр машиндаа суугаад хүлээсэн намайг машиндаа хүлээж байхад миний машины ард зогсоод хэдэн залуучууд зогсож байсан нэгнийгээ эмнэлэгт үзүүлж байгаа юм шиг байсан. Тэр машины ард юм ярьж зогсож байгаад яваад өгсөн тэрнээс хойш хэсэг хугацааны дараа нэг эрэгтэй хүн машины цонх тогшоод чамтай хамт явж байгаа хүмүүс гар утсаа орхиод явсан юм шиг байна гээд надад самсунг А50 маркийн хар өнгийн хавтастай гар утас өгсөн.

Би бодохдоо манай дүү хүүхдээ бөөлжүүлэхдээ машины хойно гар утсаа мартаад явсан гэж бодсон. Тэгэж байтал О над руу залгаад бид хоёр болоогүй удах юм шиг байна та хариад байж бай гэхээр нь би машинаа асаагаад 4-р хороолол бичилийн 5а байрны 02 тоот байх гэрлүүгээ харьсан. Намайг гэрт ирээд хэсэг хугацааны дараа О хүүхдээ үзүүлчихээд хүрч ирсэн. Би Оээс энэ чиний гар утас мөн үү гэж асуухад миний гар утас биш гэж хариулсан тэгээд би энэ гар утасны машины хойно зогсож байсан залуучуудын гар утас юм байна гэж мэдсэн. Би уг гар утсыг олсноос хойш өөрөө хэрэглэсэн өөрийн 80397373 гэх дугаарыг хийж хэрэглэж байсан нь үнэн. Би энэ гар утсыг эрүүгийн мөрдөгчид сайн дураараа хүлээлгэж өгсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна би өөрийн олсон гар утсыг буцаан өгсөн. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна бас их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 63-64/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай ажлын залуу болох Н нуруу нь ажил дээр татаад 14 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо ГССҮТ-ийн 2 давхарт яаралтай хүлээн авах хэсэгт хувийн авто машинтайгаа ирээд үзүүлж тариа хийлгэчихээд буцаж гарч ирээд машиндаа Нийг суулгах гээд өргөж байхад миний өмдний халаасанд байсан гар утас тээглээд байхаар нь өөрийн гар утсаа хажуу талын Приус 10 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн багаж дээр тавиад Нийг суулгаад машинтайгаа хөдөлж яваад буцаад 5 минутын дараа гар утсаа орхисноо санаад иртэл улаан хүрэн өнгийн БМБ-тэй залуу сая энд байсан гар утсыг Приус 10-тай залуу миний гар утас гэж хэлээд аваад явсан гэсэн. ГССҮТ-ийн гаднах зогсоолын хяналтын камерыг шүүтэл 25-74 УНН улсын дугаартай цагаан өнгийн Приус 11 маркийн автомашин байсан болохоор цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ц-ын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн шуурхай тусламжийн хаалганы гадна машины зогсоол дээр машинаа байрлуулаад Гэмтэл рүү орох гэж байхад нэг цагаан приус 10 маркийн авто машины дээвэр дээр Самсунгийн хар өнгийн хавтастай гар утас байсан. Би тэр гар утсыг аваад уг машины жолоочоос энэ чиний гар утас мөн үү гэж асуухад тэр залуу биш байна харин надтай хамт яваа хүмүүсийнх байж магадгүй гээд авсан. Би тэр залууд олон юм бодолгүй гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 66-67/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 26-28/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 43/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 44/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.М нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн автомашины гадна зогсоолд байсан 25-74 УНН улсын дугаартай автомашины багаж дээр мартаж явсан Б.Б-ын эзэмшлийн “Самсунг А50” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаагаар мэдсээр байж завшсаны улмаас Б.Б-ад 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Х.М-ын “...нэг эрэгтэй хүн машины цонх тогшоод чамтай хамт явж байгаа хүмүүс гар утсаа орхиод явсан юм шиг байна гээд надад самсунг А50 маркийн хар өнгийн хавтастай гар утас өгсөн.

...Би уг гар утсыг олсноос хойш өөрөө хэрэглэсэн өөрийн 80397373 гэх дугаарыг хийж хэрэглэж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.Б-ын “...миний өмдний халаасанд байсан гар утас тээглээд байхаар нь өөрийн гар утсаа хажуу талын Приус 10 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн багаж дээр тавиад Нийг суулгаад машинтайгаа хөдөлж яваад буцаад 5 минутын дараа гар утсаа орхисноо санаад иртэл улаан хүрэн өнгийн БМБ-тэй залуу сая энд байсан гар утсыг Приус 10-тай залуу миний гар утас гэж хэлээд аваад явсан гэсэн. ГССҮТ-ийн гаднах зогсоолын хяналтын камерыг шүүтэл 25-74 УНН улсын дугаартай цагаан өнгийн Приус 11 маркийн автомашин байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Ц-ын “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн шуурхай тусламжийн хаалганы гадна машин зогсоол дээр машинаа байрлуулаад Гэмтэл рүү орох гэж байхад нэг цагаан приус 10 маркийн авто машины дээвэр дээр Самсунгийн хар өнгийн хавтастай гар утас байсан. Би тэр гар утсыг аваад уг машины жолоочоос энэ чиний гар утас мөн үү гэж асуухад тэр залуу биш байна харин надтай хамт яваа хүмүүсийнх байж магадгүй гээд авсан. Би тэр залууд олон юм бодолгүй гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.М-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 72 дугаар талд авагдсан хохирогчийн “...би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас Шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Х-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ